Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Сономдагва: Хятад, Солонгост болсон шороон шуурга Монголын хээрийн бүсээс эхлэлтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 0 секунд

Урин цаг наашилсан ч өвлийн жавар өглөө оройд хацар хайрна. Цас, шороо, шуурга, жихүүн салхи хавирга жиндүүлэхээр хүйтэн. Ийм л дүр зурагтай хавар зун ялгарахгүй болжээ. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн талаар МУИС-ийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Ч.Сономдагватай цөөн хором ярилцлаа.

------------------------------

-Хаврыг шороон шуургаар л төсөөлдөг боллоо. Магадгүй 20 жилийн өмнө нь хавар өнөөдрийнхөөс эрс ялгаатай байсныг үгүйсгэхгүй. Ийм судалгаа бий юу?

-Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлт болж байна. Үүний дотор Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт илүү өндөр хувьтай байна. Ялангуяа шороон шуургатай, аадар бороотой өдрийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлт болохоор ийм дам нөлөөлөл учруулдаг. Үүнийг гамшигт үзэгдлийн тоо нэмэгддэг гэж хэлдэг юм. Цас зуд ялгаагүй. Өмнө нь 10 жилд нэг удаа зуд болдог байсан бол давтагдал нь нэмэгддэг. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт гэж хэлж болно. Шороон шуурганы давтамж жилээс жилд нэмэгдэж байгаа.

1990, 2000 оны үед жилд нэг удаа, зарим жилд хоёр удаа л шороон шуургатай байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хаварт хоёр удаа эсвэл дөрвөн удаа зэрэг давтамж нь 20 жилийн хугацаанд 2 дахин нэмэгдсэн.

50 жилийн өмнөхтэй харьцуулахад 4 дахин нэмэгдсэн үзүүлэлт харагдаж байгаа юм. Үүний хэрээр л цөлжилтөд нэрвэгдэж байна. Улаанбаатар хотод өмнө нь жилд хоёр удаа л шороон шуургатай байсан бол өнгөрсөн жил агаарын тоосонцрын хэмжилтийн ажиглалтаар шороон шуургатай дөрвөн өдөр байсан.

-Улаанбаатар хот цөлжилтийн жижиг хувилбар болсныг та өмнө нь ярьж байсан. Яагаад ингэж тодорхойлов?

-Улаанбаатар хот ойт хээрийн бүсэд хамаардаг. Энэ бүс цөлжилтөд харьцангуй бага өртөх ёстой ч хот руу хүртэл шороон шуурга наашлах болсон шалтгаан нь хөрс ургамалгүй болсон учраас л агаарт тоос болон дэгдэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шороон шуурганы нарийн ширхэгт тоосонцортой өдрүүд нэмэгдсээр байгаа юм. Иймээс агаарт дэгдэж буй тоос, тоосонцрууд бүтцээсээ хамаарч хэр хол, ойр зайд зөөгдөх эсэх нь гарна. Жишээ нь, өнгөрсөн намар Улаанбаатар хотод галлагааны улирал эхлээгүй байхад агаар бохирдож сааралтаж харагдсан. Үүнийг хүмүүс утаатай холбож ярьж байсан санагдна. Гэтэл арваннэгдүгээр сар хүртэл нийслэлд цас ороогүй.

Улаанбаатар хот хэт хуурай агаартай, шороо тоос ихтэй эвдэрсэн газартай. Иймээс л намар, хавартаа салхинд тоос дэгддэг нь агаарыг бохирдуулж нийслэл хот байнгын орчимд байнгын тоосжилттой байсан. Харин арвангэдүгээр сарын дунд үеэс л цас орсон шүү дээ.

-Шороон шуурганы давтамж нэмэгдэж байгаа нь орчны бохирдолтой холбоотой гэж ойлгож болох уу?

- Улаанбаатарт нэг хүнд ноогдох ногоон байгууламж хангалтгүй байна. Дээр нь гэр хорооллын гудамж тэлж байна. Гудамж бол эвдэрсэн газар. Үүнээс гадна хотын төвийн засмал замын хажуу дахь ногоон байгууламж бүгд хучигдаагүй. Эвдэрсэн газрууд нь бороо, цасаар угаагдаж засмал руу ордог. Салхи гарахад өнөөх шороо нь дахиад хийсдэг гэсэн үг.

-Тэгэхээр гэр хорооллын гудамж агаарын тоосжилт, шороон шуурганы голлох шалтгаан нь болж байна гэсэн үг үү?

-Улаанбаатар хотын гэр хороолол доторх шороон замын урт ойролцоогоор 760 километр хүрнэ. Өргөн нь 3-4 метр. Энэ бол асар том талбай. 10 жилийн өмнө гудамж замын урт 650 километр байсан гэж үзвэл гэр хороолол тэлэхийн хэрээр эвдэрсэн талбай нэмэгдэж байна.

Гэр хорооллын гудамж Улаанбаатар хотын авто замаас хэд дахин урт гэсэн үг. Энэ бүхэн хотын агаарын бохирдлын эх үүсвэр болж байгаа.

Ер нь өвөл агаарын бохирдол хавар болоход ч хийсдэггүй. Ойролцоогоор 70-80 хувь нь салхиар зөөгдөж, 20-30 хувь нь агаар мандлаас доош хүндийн жингээр тунадасжих тоос гэж буудаг. Хамгийн энгийн жишээ нь, өвөл, хавар машинд тоос буусан байдаг шүү дээ. Энэ нь агаарт буй бохирдуулагч тоос хүндийн жингээр зарим нь бууж байгаа нь энэ. Гэхдээ өвлийн турш хөрсөн дээр буусан бохир агаарын тоос нь хавар болохоор эргээд агаарт дэгднэ. Дахиад л агаар дахь тоос шорооны эх үүсвэр нь болж байгаа юм. Эргэж буцаж нөлөөлнө гэсэн үг. Зарим нь усаар угаагдаж голын усанд хүртэл нөлөөлж байгаа. Магадгүй голын усны чанарыг авч үзвэл өвлийн агаарын бохирдол хөө тортог голд урсаж байгаа гэсэн үг.

-Саяхан Хятад, Солонгост шар шороон шуурганаас болгоомжлохыг сэрэмжлүүлж мэдээлэл цацагдсан. Ялангуяа Монголын говиос тив дамнасан шуурга сүүлийн жилүүдэд гарах болсон нь анхаарал татсан асуудлын нэг болжээ. Таны хэлсэнчлэн Улаанбаатарт агаарыг бохирдуулж буй тоос, шороон шуурга нь мөн адил тив дамнаж байна гэж ойлгож болох уу?

-Хятад, Солонгост шар шороон шуурга болсон эх үүсвэр нь Монголын хээрийн бүсээс эхлэлтэй. Өмнө нь говийн бүсэд л шороон шуурга болдог, хуурай хээрт шороон шуурга болдог байсан бол жилээс жилд наашилж байна. Гэхдээ Улаанбаатарт дэгдэж буй тоос, тоосонцор Хятад Солонгост хүрсэн шуурга биш. Нарийвчлан шинжилж үзэхэд, Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж буй тоосонцрууд PM10 болон түүнээс дээш маш ширхэгт тоосонцрууд байгаа юм. Эдгээр нь дэгдэж хэсэгхэн хугацааны дараа газарт буудаг, ойрхон зайд зөөгдөж буудаг. Ихэвчлэн орон сууц, барилга, машинд тоос болж буудаг, том тоосонцрууд байгаа юм. Гэтэл нарийн ширхэгтэй тоосонцрууд агаарт удаан хугацаанд оршиж илүү хол зайд зөөгддөг. Ялангуяа хаврын улиралд болдог түйрэн нарийн ширхэгт тоосонцрууд агаарт дэгдэж хол зайд зөөгдсөөр Хятад, Солонгос хүрч байгаа юм. Үүнээс харвал нарийн болон том ширхэгт тоосонцрын ялгаа нь энэ.

-Нарийн ширхэгт тоосонцор гэж юуг хэлж байна вэ?

-Хөрс эвдэрч ургамалгүй болж цас, бороонд угаагдаж агаарт дэгдэж байна гэсэн үг. Хэрэв хөрс эвдрээгүй бол тоос нь агаарт хол зайд бужигнахгүй, ойр дэгдээд л бууна. Эвдэрсэн учраас л хол зайд зөөгдөж нарийн ширхэгт тоосонцор шороон шуурга болж тив дамнаж байна. Түүнээс биш зүгээр л салхи салхилах ёстой шүү дээ. Гэтэл шороон шуургатай өдрийн тоо нэмэгдэж байгаа нь нарийн ширхэгтэй тоосонцрууд нэмэгдэж хол зайд зөөгдөж байгагаас үүдэлтэй.

-2020 оны үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 79.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд өртсөн гэх судалгаа бий. Гэтэл цөлжилт зөвхөн говь цөлөөр хязгаарлагдахаа байлаа?

-Улсын тусгай хамгаалалттай бүс нутгаас бусад бүх газар л цөлжилтөд нэрвэгдсэн. Өөр газар байгүй. Нийт нутгийн 18 хувийг улсын тусгай хамгаалалттай газар л байгаа шүү дээ. Гэтэл бүх газрыг бэлчээр гэж боддогтой холбоотой цөлжилт тэлж байна. Уул уурхай бол нийт нутаг дэвсгэрийн нэг хувийг л эзэлж байна. Үүнээс тодорхой хэмжээний нөлөөллүүд байгаа байх.

Шороон шуурга тэлж байгааг бид биеэрээ мэдэрч, нүдээрээ харж байна. Үүнээс цааш харах, хүлээх шаардлагагүй. Малын тоо толгойг хязгаарлахад татварын бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй.

Бид ажил хийж хөдөлмөрлөж байгаа хүмүүс цалингаас гадна бараа бүтээгдэхүүн худалдан авахад нийт 40 хувийн татвар төлж байж гар дээр орлого үлдэж байна. Гэтэл малчид хэдэн хувийн татвар төлж байгаа вэ. Бүгд л шударга байх ёстой. Олон үйл ажиллагааг зоригтой хийх ёстой. Зөвхөн сонгуульд зориулж сонгогчдод таалагдах байдлаар үйл ажиллагаа явуулсны үр дүн нь л энэ шүү дээ.

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга Ж.Энх-Одыг ажлаас нь чөлөөлжээ
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга Ж.Энх-Одыг ажлаас нь чөлөөлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.