Ногооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахад
Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ
Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад
Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно...Их зохиолч Д.Нацагдоржийн “дөрвөн цаг” найргийг мэдэхгүй Монгол хүн байхгүй. Хавар, зун, намар, өвөл дөрвөн улирал энэ найрагт л мөнхөрч, зүлэг ногоон тал зөвхөн гэрэл зурагт үлдэх вий. Ийм аюул бидний хоолойд тулсан асуудал болжээ. Зуны дунд сар гарсан ч үргэлжлэн орсон бороонд хот, хөдөөгүй зутарсан дүр зураг өнөө жил ч давтагдаж буй. Энэ жилийн хувьд нийслэл өмнөх алдаагаа давтахгүйг хичээж аль болох бэлэн байдалд шилжсэн ч айл өрх үер усны аюулыг тойрч чадсангүй. Авто зам нь усанд автаж, байшин хорооллууд мөн л үерийн эрсдэлд байна.
Дүүргүүдийн үерийн эрсдэлийн индексийн дундаж 8.1 буюу “маш их” гэсэн дүгнэлт гарсан байна. Тодруулбал, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэл хамгийн ихэд тооцогдож байгаа юм. Нийслэл хотод үерт өртөх байдлын үнэлгээ хийхэд 25 мянга орчим хүн ам өртөх магадлалтай гэсэн дүгнэлт гаргаж
Өнгөрсөн жилийн зун үерийн гамшигт дөрвөн хүн амь насаа алдаж, 238 айл өрх усанд автаж, нийслэл бүхэлдээ урссан гэхэд хилсдэхгүй. Статистик мэдээллээс харвал, 2023 он гарсаар найман сарын байдлаар 107 удаагийн үер болсон байдаг. Энэ жил ч бас үерийн гамшигт үзэгдлийн тоо нэмэгдэх төлөв байгааг цаг уурчид сануулах боллоо. Гэтэл аадар борооны давтамж нэмэгдэх нь өөрөө уур амьсгалын өөрчлөлтийн дохио болохыг МУИС-ийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Ч.Сономдагва ярьж байв. Түүний тайлбарласнаар хур тунадасны эрчим өөрчлөгдөж байна гэдэг нь нэг өдөрт ордог хур тундас нэг цагт эсвэл 10 минутад буюу хүчтэй аадар бороо, үер болох үзэгдлийг хэлж байгаа аж.
Тэрээр “Ган гачиг, зудын давтамж ойртсон. Жил дараалан ган, зуд нүүрлэж байна. Хавар намар урт болж, зун богиносч байна.
Өвлийн улирал ч богинослоо. Цаашид хавар, намар гэсэн хоёр л улиралтай болох дүр зураг ажиглагдаж байна. Ногоон өнгөний цаана хүртэл асуудал байгаа. Харахад л ногоон байснаараа бэлчээрийн унаган ургамал ургаж байгаа гэсэн үг биш.
Ялангуяа цөлжиж эхэлж байгаа бэлчээрийн талхлалт, доройтолд өртөж эхэлж буй хөл газрын ургамал буюу бидний хэлж заншсанаар шарилж ургах нөхцөл бүрдэж байна. Энэ нь малын болон бусад хоол амьтны хоол тэжээл болох боломжгүй ургамлууд юм. Ганцхан өвслөг ургамалтай хээр, говь цөлийн бэлчээр багасч байгаа юм биш” гэсэн юм.
Энэ зун ус ихтэй, гэнэтийн аадар борооны давтамж нэмэгдэх тул үерийн гамшигт үзэгдэл болох эрсдэлтэй болохыг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлсэн.
Манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн мэдрэг хүчтэй өртөж буй улсын нэг болжээ. Ялангуяа малын тоо толгой өсөхийн хэрээр бэлчээрийн даац хэтэрсэн нь гол нөлөөлж буй хүчин зүйл болохыг судлаач профессор Ч.Сономдагва тодотгож байлаа.
Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт эцсийн тулгамдсан асуудал биш аж. Хэрэв малын тоо толгойг цөөрүүлж бэлчээрээ хамгаалж чадвал уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдэхгүй, хөрс нөхөн төлжих боломжтой гэдгийг ч бас тодотгосон. Учир нь, ус, алт, нүүрс зэрэг дуусдаг баялагтай харьцуулахад нөхөн төлжих, сэргэх боломжтой юм байна.