Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батзандан: “Шударга 5”-ын тэмцэл байгаагүй бол өнөөдөр Монголын төр бүр сүйрчихсэн байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
13 минут 18 секунд

Улс төрийн сонгууль ч дөхөж намууд нэр дэвшигчдээ энэ сарын 20-ны дотор зарлан баталгаажуулах ёстой. Тэгвэл саяхан Ардчилсан нам улс төрийн бусад намуудыг нэгдэх уриалгыг гаргасан бөгөөд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандантай сонгуульд нэгдэж оролцохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тиймээс бид сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандантай ярилцлаа.

-Та энэ удаагийн сонгуульд АН-ыг дэмжиж орно гэдгээ зарлачихлаа. Гишүүнээр эргээд элсэж байна гэсэн үг үү?

-Ардчилсан намыг дэмжиж 2024 оны сонгуульд орох шийдвэрийг олон улс төрийн нам, хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагууд гаргаж байх шиг байна. Яагаад гэхээр сүүлийн найман жил нэг намын дарангуйлал хэрээс хэтэрч, эрх чөлөөг боомилох үзэгдэл газар авч, авлигын индекс зэрэг бүх үзүүлэлтүүд муудсан гэж бид харж байгаа.

Тиймээс Ардчиллын төлөө намуудыг нэгдэж нийлж, 2024 оны сонгуульд орох нь зүйтэй гэдэг уриалгыг би сарын өмнө гаргасан байсан. Ардчилсан намд ажлын хэсэг гарч энэ чиглэлд багагүй ажиллалаа. Иргэний хөдөлгөөнүүд, сөрөг хүчний намууд ойртож, хамтрах чиглэл рүү тун дөхсөн байна гэж харж байна.

"СОНГУУЛЬД ДЭВШИХ ХҮСЭЛТЭЭ ТУН УДАХГҮЙ АН-ЫН ДАРГАД ГАРГАНА"

-Та Ардчилсан намыг дэмжиж сонгуульд оролцоно гэдгийн цаана улс төрийн ямар тохироо явагдсан бол гэх хардлага төрүүлж буй. Та АН-аас нэр дэвших гэж байгаа юу, тойрог танд амласан уу?

-Миний гол зорилго санал хуваахгүй байя гэж байгаа юм. Өмнөх сонгуулиудыг харахаар Ардчилсан хүчнүүд тусдаа орсон тохиолдолд сонгогчдын санал хуваагдаж, МАН дангаараа орж 30 хувийн саналаараа ялдаг судалгаа байгаа. МАН-ын гол стратеги бол Ардчилсан хүчнүүдийн гол саналуудыг хуваадаг. Тиймээс ардчилсан нам, хүчнүүд нэгдэж байж МАН-ыг ялах ганц боломж бий. Бид эв нэгдэл рүү явах ёстой. Ж.Батзандан дэмжих болно. Дэвшихгүй ч байж болно. Хамгийн гол нь санал хуваахгүй байя гэдэг саналыг тавьж байна.

-Таниас шууд асууя. Нэр дэвших үү?

-Сонгуульд дэвших хүсэлтээ тун удахгүй АН-ын даргад гаргана. Ардчилсан намын холбогдох байгууллагууд судалж үзээд шийдвэрээ гаргах байх.

"ШИНЭ" НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛЭЭСЭЭ ТАТГАЛЗСАН БАЙГАА

-УДШ-д бүртгэлтэй 37 нам байна. Тэдгээрээс таны үүсгэн байгуулсан ШИНЭ нам жагсаалтын 33-т бичигддэг. Та одоо намаасаа гарчихсан уу. Таныг хөөгдчихсөн гэдэг бор шувуу нисээд амжсан. Яагаад намаасаа гарах болов?

-Надад ШИНЭ намыг төлөөлөх эрх байхгүй. 2020 онд гадаад албанд томилогдсонтой холбогдуулаад ШИНЭ намын гишүүнчлэлээсээ татгалзсан байгаа. Манай ШИНЭ нам дандаа шинэ хүмүүсээ дэвшүүлнэ гэсэн бодлоготой явж байгаа.

-2022 онд таныг Австрали улсад суух элчин сайдын зөвлөхөөр томилогдох үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс дэмжлэг авч явсан гэх яриа нэг хэсэг гарсан. Энэ мэдээлэл хэр үндэслэлтэй бол?

-Австрали улсад би 12 сар судалгааны ажил хийсэн. МУ-ын Ерөнхийлөгч асан Х.Баттулга явуулсан. Судалгааны ажлын хүрээнд судалгааны бүтээл, 18 бүлэгтэй номоо гаргаж, хийсэн судалгаагаа ЗГ болон холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байгаа. Тэгэхээр 12 сарын дотор судалгаа хийдэг хүн надаас өөр байхгүй байх.

-Тэгэхээр Ерөнхий сайдын нөлөө байсан гэсэн үг үү?

-Мэдээж ярилцсан байх. Тэр нэг тийм том албан тушаал биш л дээ. Судалгааны л албан тушаал.

-Ирэх сонгуулийн дүнд парламент 126 гишүүнтэй болно. Сонгууль холимог тогтолцоогоор явах гэж буй. Эрх баригч нам ирэх дөрвөн жилд дахиад олонх болж чадах болов уу, АН-ын боломжийг хэрхэн харж байгаа вэ?

-Эрх баригч нам өөрсдөдөө ашигтай сонгуулийн тогтолцоог хийсэн гэж бид харж байгаа. Ер нь сонгууль дөхөхөөр л сонгуулийн хуулийг тэд өөрчилдөг. Өөртөө ашигтай сонгуулийн хууль хийдэг. Бусад ардчиллын төлөө намуудаа шахалтад оруулах гэж оролддог. Тэд хуулиа өөрсдөө үргэлж зөрчдөг хэрнээ сөрөг хүчний намуудыг хууль, шүүхийн байгууллагуудаар үргэлж айлган, сүрдүүлж сонгуульд оруулахгүй байх зэрэг хууль бус үйлдлүүд гаргадаг болохыг иргэд, сонгогчид бүгд мэдэж байгаа. Сонгууль болгон амаргүй болдог. Амархан сонгууль гэж хэзээ ч байгаагүй. Сонгуульд ямар стратегиар орох уу, ямар бодлогоор өрсөлдөх үү гэдгээ сөрөг хүчний намууд ярилцах цаг болсон.

Тавдугаар сарын 20-ноос цаад хугацаа нь 06 дугаар сарын 02-ны өдөр гэхэд нэр дэвшигчид тодорно. Энэ удаагийн сонгуульд бид сөрөг хүчнүүдийг хүчээ нэгтгэж орох нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Ж.Батзандан миний бие эцсээ хүртэл энэ байр суурь дээрээ зогсоно. Эрх баригч намын өнөөдрийн байгаа байдал бол дарангуйллын үнэрийг үнэртүүлж, хэвлэлийн эрх чөлөө, бизнесийн эрх чөлөөг “шоронд” хийж байна. Үгээ хэлсэн болгоныг шорон руу ачиж байна.

"НАМАЙГ ХОРЬСОН ШАЛТГААН БОЛ МИНИЙ ХЭЛСЭН ҮГ. МИНИЙ АМ"

-Яг энэ сэдвээр таниас нэг зүйл тодруулчихъя. Та өөрөө мөн хэрэгт холбогдож хоригдож байсан шүү дээ. Улс төрийн хайчинд орчихлоо гэж хардаг уу, аль эсвэл өөрийнхөө буруугаас болсон гэж үздэг үү?

-Улс төрд явж байгаа хүн хэн нэгнийг буруутгах шаардлага байхгүй. Намайг хорьсон шалтгаан бол миний хэлсэн үг. Миний ам.../инээв/

-Та юун дээр алдаж дуугарсан юм. Үүнийг өөрийнхөө алдаанаас болсон гэж хүлээн зөвшөөрч байгаа юм уу?

-Улс төрийнхөө нөхцөл байдал болох тухайн үед дарангуйлагч систем бий болсныг сайн мэдрэхгүйгээр хатуу шүүмжилж байсныхаа төлөө хоригдсон гэдгийг бүгд мэдэж байгаа. Хуулийн байгууллагаас шалгаад надад хийсэн гэмт хэрэг алга. Мөн иргэдэд учруулсан нэг ч төгрөгийн хохирол алга гээд хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байдаг.

-Таны ах Зам тээврийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ Дарханы замын асуудлаар цагдан хоригдож байсан. Тухайн үед та Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү дүүтэй нь муудалцчихаад ахыг нь хорилоо гэх зэргээр шүүмжилж байсан удаатай. Зарим нь ах дүү хоёрын улс төрийн хоршил эрх баригч намын утсан хүүхэлдэй шиг болчихсон гэж нэг хэсэг шүүмжилж байв. Та үүнд ямар байр суурьтай ханддаг вэ?

-Би 1992 оны Унгарын оюутан шүү дээ. Унгар улсад 2004 онд доктор хамгаалаад ирэхэд миний ах яамны газрын дарга хийж байсан. Миний өөр нэг ах Их сургуулийн багш хийж байсан. Миний аав аймгийн прокурор хийж байсан. Тэгэхээр Ж.Батзандан улс төрд орж ирснээр миний аав аймгийн прокурор болоогүй. Миний ах яамны газрын дарга болоогүй. Тэр хүмүүс надаас өмнө төрийн албыг хашиж өнөөдрийг хүртэл нэр төртэй яваа.

Ж.Батзанданг харлуулахын тулд 10, 20 насаар ах хүмүүсийг надтай холбож байгаа нь утгагүй. Монгол орны төлөө цаашид миний хүүхдүүд, ач, гуч нар зүтгэнэ. Хүн болгон өөр өөрийн хувь тавилантай. Монгол хүн болгонд аз жаргалтай амьдрах эрх нь байгаа. Ажиллаж, хөдөлмөрлөх эрх нь байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг харлуулах хэрэггүй гэж хэлмээр байна. Ж.Батзандан бол нэг л хувь хүн. Би өөрийнхөө замаар сурсан, мэдсэн олж аван туршлагаа улс орондоо өгөхийн төлөө зүтгэж байгаа нэг л хувь хүн.

-Улс төр, нийгмийн хүрээнд таныг “шударга тав”-ын нэг гэж нэрлэдэг. Тухайн үед “60 тэрбум”-ын бүлэглэл, газрын наймааны эсрэг жагсаал хийж байсан. Өнөөдөр өөртэй чинь хамт тэмцэж байсан хүмүүсийн зарим нь өндөр албан тушаал хашаад эрх мэдлээ зузаатгаад явж байна. Та яг одоо өөрийн байгаа байр сууринаас үүнийг өнцгөөс харж байгаа вэ?

-2019 онд одоогоос таван жилийн өмнө таван гишүүн Сүхбаатарын талбайд 60 тэрбумын бүлэглэлийг эсэргүүцсэн. Сонгууль луйвардсан бүлэглэл шүү дээ. Газрын наймааны бүлэглэлийг эсэргүүцэж жагссанаа зөв зүйл гэж боддог. Сонгууль луйвардсан 60 тэрбумын бүлэглэлийг бид хараад, дагаж магтаад явсан бол өнөөдөр Монголын төр бүр сүйрчихсэн байгаа.

-Тухайн үеийн улс төрийн үзэл санааны байр сууриндаа очоод хэвээр үү?

-Т.Бадамжунайгийн газрын наймааны бүлэглэл, Б.Наранхүүгийн бүлэглэл бүгд өнөөдөр улс орныг сүйрүүлчихсэн байх байсан шүү дээ. Тиймээс л тухайн үед тэмцэл өрнүүлсэн. Одоо ч би зөв гэж бодож байгаа. Яагаад буруу гэж. Дээр нь энэ баялгийн хувьсгалын асуудал, нүүрс, зэсийн хулгайн эсрэг бид тэмцэл өрнүүлж эхэлсэн.Тэр таван гишүүний зарим нь өнөөдөр гудамжинд байна. Зарим нь төрийн ажлаа хийгээд явж байна. Тэр залуучуудыг буруутгах эрх надад байхгүй. Таван жилийн өмнө надтай жагссан залуучуудыг би хэзээ ч буруутгахгүй. Одоо ч буруутгахгүй.

-Та улстөрч гэдэг дүр рүүгээ өнгийж харахад ер нь хэр тэвчээртэй, тогтвортой, үзэл бодолдоо үнэнч хүн гэж боддог вэ? Гэтэл хөндлөнгөөс хүмүүс таныг туйлбаргүй, нам сэлгэж явдаг улстөрчийн зангараг байхгүй улстөрч гэж харах боллоо шүү дээ. Сүүлд ШИНЭ намаасаа гарч АН руу элсэх гэж байгаа үйлдэл нь өөрөө энэ ойлголт руу хөтлөөд байх шиг?

-Би ер нь орсон нам болгоноосоо хөөгддөг хүн шүү дээ. Эрэлийн намд би анх ороод хөөгдөж байсан. яагаад хөөгдсөн бэ гэхээр тэр намыг компанийн нам байна гэж шүүмжилснийхээ төлөө хөөгдөж байсан. Дараа нь би АН-д байсан. Ардчилсан намын тухайн үеийн дарга Д.Пүрэвдаваа гэж хүн байсан. Надаас их хэмжээний татвар, мөнгө шаардаж байсан. Харин тэр хүссэн мөнгийг нь өгөх чадваргүй байсан учраас мөн л хөөгдөж байсан. Сүүлд би ШИНЭ намыг байгуулсан. Гэхдээ ШИНЭ намын одоогийн баримталж байгаа бодлого зөв. ШИНЭ нам шинэ хүмүүсийг дэвшүүлье гэж.

-Та яагаад энэ намаасаа гарчихсан юм бэ?

-Би улс төрд шинэ хүн биш. Хүний хуучин нь. Дээлийн шинэ нь гэдэг үг бий. Ийм бодлого баримталдаг улс төрийн хүчин байвал би өөрийнхөө туршлагыг өгөхөд бэлэн.Ерөөс Ж.Батзандан нэг намд ч юм уу нэг хөдөлгөөнд баригдаад тэндээ удаа суудаг хүн биш. Намайг хөөж туусан нам болгонд би талархалтай хандаж байгаа. Асуудал Ж.Батзандандаа байна уу, тухайн намдаа байна уу гэдгийг ард түмэн шүүг. Ж.Батзандан өөрийнхөө бодлогоор урагшаа л явна.

-Ярилцсанд баярлалаа

“Цэцэг“ төвөөс Цаг уурын уулзвар хүртэлх замыг энэ сарын 10-13-ны хооронд хааж, засварлана
“Цэцэг“ төвөөс Цаг уурын уулзвар хүртэлх замыг энэ сарын 10-13-ны хооронд хааж, засварлана
 
ХӨСҮТ-д хоногт 80-90 хүүхэд ирж, хүндэрсэн нь хэвтэн эмчлүүлж байна
ХӨСҮТ-д хоногт 80-90 хүүхэд ирж, хүндэрсэн нь хэвтэн эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.