Монгол Улсад генерал цол бий болсны 80 жилийн ой тохиож байна. “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамласан генерал хэмээх цэргийн дээд цолыг БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн тэргүүтэй 11 хүнд олгосон байдаг.
Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Монголын генералуудын өдөр” хэмээн нэрийдэж, генерал төрүүлсэн байгууллагууд генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ.
Монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлэн, мэргэжил, дадлага, ур чадвар, авьяас билгээрээ мөрдэс нэгт нөхдөө ямагт манлайлан дагуулагч байж, хариуцсан салбар, байгууллага, хамт олныхоо өмнө дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг амжилттай шийдвэрлэхэд голлох үүргийг гүйцэтгэсээр ирсэн эрхэм генералууд Та бүхнийхээ ажил үйлсэд арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе