Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашины нүүрсэн янданг хилээр гаргахыг ХОРИГЛОЛОО

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 39 секунд

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн мэдүүлсэн Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа.

Уг тогтоолыг төслийг батлах болсон шалтгаан нь автомашинаас ялгарах хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн янданг хулгайн аргаар болон сайн дураар худалдах, улсын хилээр гаргах үйлдэл ихэссэн байна. Энэ нь нийслэлийн агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж буйг холбогдох судалгааны байгууллагууд танилцуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл, автомашины нүүрсэн яндангийн талаар зохицуулсан хууль, эрх зүйн акт байхгүй учраас автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах талаар зохицуулах шаардлага бий болжээ.

Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн санаачлан гуравдугаар сарын 25-нд УИХ-ын даргад өргөн барих үеэр "Олон улсын зах зээлд цагаан алт, родий, палладий зэрэг үнэт металлуудын эрэлт ихсэж, үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан автомашины нүүрсэн яндан /катализатор/-ыг дахин боловсруулж, үнэт метал гарган авч худалдаалах хандлага их байна. Мөн Хятад улсаас агаарын бохирдол, утаатай тэмцэх зорилгоор утаа их хаядаг автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хууль гарч, сайн шүүлтүүртэй яндангийн эрэлт нэмэгдсэн нь эдэлгээ удаан, шүүлтүүр сайтай элемент агуулдаг Япон Улсад үйлдвэрлэгдсэн хайбрид автомашинуудын нүүрсэн яндангийн эд ангийг хулгайлах гэмт хэргийн гаралт нэмэгдсэн.

Иргэд сайн дураараа өөрийн болон бусдын автомашины нүүрсэн янданг худалдан борлуулах, үнэ нэмж дамлан зарах үйлдэл ихэссэнтэй холбоотой. Монгол Улсад автомашины нүүрсэн янданг авдаг сүлжээ үүссэн бөгөөд Хятад руу хил нэвтрүүлэн худалдан борлуулдаг" гэв.

Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2020-2021 оны хооронд Улсын хилээр катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг автомашины нүүрсэн янданг хилээр гаргасан байна.

Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад багтдаггүй тул хулгайн замаар болон бусад байдлаар цугларсан нүүрсэн янданг энгийн горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлдэг аж.

Зайсангийн оршин суугчид маргааш нэг чигийн хөдөлгөөнийг эсэргүүцэж жагсана
Зайсангийн оршин суугчид маргааш нэг чигийн хөдөлгөөнийг эсэргүүцэж жагсана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.