“Парис-2024” Олимп, Паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны 2024 оны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар ирэх 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Парис хотноо зохион байгуулагдах Олимпын их наадамд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчдын өмсөх ёслолын хувцас хэрэгслийг хангуулах ажлын хүрээнд үндэсний брэнд үйлдвэрлэл болох MICHEL AMAZONKA компаниар хийлгэхээр боллоо.
Michel&Amazonka брэндийн ерөнхий менежер Б.Мөнхбаяр: Бид өмнө нь Токио-2020, Бээжин-2022 өвлийн олимпын наадмын хувцсыг урлаж байсан туршлагатай. Бээжингийн олимпод зориулж хийсэн тамирчдын загварын дээлийг Олон улсын олимпын хорооны музей дурсгал болгож өгөөч гээд хадгалуулсан байдаг. Энэ удаад бол Парис өөрөө загварын хот. Тиймээс Хийц нэлээд дэгжин байх ёстой. Орчин үеийн хэв шинжийг харуулсан.
Гол ялгарч байгаа зүйл нь хантааз, хатгамлын онцлог байгаа. Монгол үндэсний бахархал болох 9 хөлт цагаан туг, олимпын бамбар, хатдын өлзий хээ болон алхан хээ, нар сар гэх мэт олон зүйлсийг хатгамлаар хийж өгч байгаагаараа илүү онцлог. Гар ажиллагаа нэлээд их шаардаж байгаа учраас нэг тамирчны иж бүрэн хувцсыг урлахад 5 хоног шаардахаар байна.