СУИС-ийн нэр бүхий жүжигчид сургуулийн орчинд үйлдэгддэг дэглэлт, дээрэлхэлтийн асуудлаар шүгэл үлээж гурван эмэгтэй жүжигчний асуудал өндрийг авч, маргаан дагуулсан өдрүүд өнгөрч байна. Гэхдээ энэ сэдэв зөвхөн гурван жүжигчин эмэгтэй аль эсвэл СУИС-ийн тухай яриад өнгөрөх асуудал биш юм.
Бүх шатны боловсролын байгууллагад ил, далд хэлбэрээр үйлдэгдэж, та бидний хүүхдийн тархи, зүрх сэтгэлд хэзээ ч үл арилах хар толбо үлдээж байдаг маш ноцтой асуудал. Тэр тусмаа өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай.
12-18 НАСНЫ ХҮҮХДҮҮДЭЭС СУДАЛГАА АВАХАД 82.8 ХУВЬ НЬ ҮЕ ТЭНГИЙНХНИЙ ДЭЭРЭЛХЭЛТЭД ӨРТӨЖ БАЙСАН ГЭЖ ХАРИУЛЖЭЭ
Товчхондоо бол гурван эмэгтэйг ам уралдан муулж, сошиалд цэцэрхэхээсээ урьтаад таны хүүхэд ямар орчинд сурч, боловсорч байгаад анхаарал хандуулж, хохирогч эсвэл хүчирхийлэгч болчихсон явж байгаа юм биш биз гэх асуултад хариулт хайгаад үзээрэй.
Учир нь үе тэнгийнхний дээрэлхэлт хамгийн их үйлдэгдэж, ирээдүйн хүчирхийлэгчдийг бэлтгэдэг газар бол Ерөнхий боловсролын сургуулиуд. Уг суурь нь тэнд тавигддаг.
ХЭҮК-оос хийсэн судалгаанд, Улаанбаатар хотод амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг хамруулснаас 82.8 хувь нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулсан нь цочирдом дүн юм. Асуулгад хамрагдсан хоёр хүүхэд тутмын нэг нь амьдарч буй орчноо аюулгүй, хамгаалагдсан гэж үздэггүй, 38.3 хувь нь сургуулийн орчноос (багш, сургуулийн атаман, нийгмийн ажилтан, дотуур байрны багшаас) хамгийн их айдаг хэмээжээ. Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлдэгч гол этгээдээр дээд ангийн хүүхэд (47.6 хувь), багш (15 хувь) гэж хариулсан байгаа нь хүүхдийн хоёр дахь “гэр” болсон орчин нь аюулгүй, хүүхдэд ээлтэй бус байгаагийн илрэл юм.
Х.БУЛГАНТУЯА: ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХУУЛЬД ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН АСУУДЛЫГ ХУУЛЬЧЛАН ОРУУЛСАН
Энэ талаар ХНХ-ийн сайд Х.Булгантуяа "Сүүлийн үед цахим орчинд үе тэнгийн дээрэлхэлт, дарамт шахалтын улмаас бие махбод, сэтгэл санаагаараа хохирсон залуус шүгэл үлээж эхэллээ. Энэ бол өнгөрсөн асуудал, ийм л байдаг, энэ зэргийн асуудлыг давж гарахгүй бол энэ сургуулийг төгсөхгүй гэх мэт хэвшмэл ойлголт төрүүлж, буруу зүйлийг дэмжиж, хаацайлж хэрхэвч болохгүй. Энэ буруу үзэл хандлага, болчимгүй, байж боломгүй үйлдлүүд нь өнөөгийн нийгэмд хүүхдүүдэд нэг нэгнээ шоглох, дээрэлхэх, ялгаварлан гадуурхах буруу үлгэр дуурайлал болж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамтай хамтран Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа хийсэн. Тус судалгаагаар “Хүүхдийн эрхийг хамгийн их зөрчдөг хүмүүсээр үе тэнгийн хүүхдүүд нэрлэгдсэн байна. Өсвөр үеийнхний 37.4 хувь нь энэ хариултыг өгсөн бөгөөд хот, хөдөө болон жендерийн хувьд ялгаа гараагүй. Бид Хүүхэд хамгааллын хуульд үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг хуульчлан оруулсан" хэмээсэн юм.
СУРАГЧИД: ӨСВӨР НАСНЫХНЫ ДУНД ҮЕ ТЭНГИЙН ДАРАМТ ШАХАЛТ ИХ БАЙДАГ
Бид үе тэнгийн дарамт, шахалт, өсвөр насныхны хоорондын харилцаанд үүсдэг зарим асуудлын талаар ЕБС-ийн сургуулийн хэд хэдэн сурагчтай уулзаж ярилцахад,
ЕБС-ийн 10-р ангийн сурагч, "Хүүхдүүд өөрсдөө хэн болж төрөхөө бас ямар царай зүстэй болж төрөхөө мэддэггүй. Гэтэл бага ангиас нь эхлэн хүүхдүүд бие биенийхээ гадаад царай зүс, өвөрмөц байдлаар нь ялгаварлан гадуурхдаг. Хүүхдүүд аль нь зөв, аль нь буруу вэ гэдгээ мэддэггүй учраас тийм үйлдэл гаргадаг.
Түүнээс гадна дунд ахлах ангийнхны хувьд атман гэхийн нэрийн дор сул дорой хүүхдүүдийг зодож, гэмтээх тохиолдол гардаг" гэсэн юм.
ЕБС-ийн дунд ангийн сурагч, "Манай сургуульд үе тэнгийнхий дарамт шахалт бараг байдаггүй. Гэхдээ өөр сургууль дээр очиж үзэхэд том ах нар бие биенээ электрон тамхи татахыг шаардаж байсан. Бас нэг нэгэндээ их дээрэнгүй, муухай үгээр хандаж байсан. Түүнийг хараад л үе тэнгийн дарамт шахалт байдаг юм байна гэж бодсон. Гэхдээ том ангийнхан асуудлаа өөрсдөө шийдэхийг хичээдэг" гэв .
Дунд ангийн эрэгтэй сурагч, "Сургуульд атаман олон байдаг. Бас зарим хүүхдүүдийг бор арьстай эсвэл гадаад төрхөөс нь болоод шоглох, ялгаварлан гадуурхах тохиолдол их бий. Заримдаа сургуулийн булан тохой, эсвэл харанхуй газарт хүүхдүүд бие биенээ зодох, танхайрах тохиолдол гардаг. Тэрийг эцэг, эхдээ төдийлөн хэлээд байдаггүй. Ялангуяа дунд, ахлах ангид бие биенээ дээрэлхэх асуудал их байдаг" гэлээ.
"ХУРДАН СУРГУУЛИА ТӨГСӨӨД ХЭНД Ч ДЭЭРЭЛХҮҮЛДЭГГҮЙ ТОМ ХҮН БОЛМООР БАЙНА"
Мөн бид 10-16 настай хүүхдүүдийн мэдээлэл солилцдог фэйсбүүк группт нэгдэж, үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртөж байсан эсэхийг нь асуухад,
СУРАГЧДЫН КОММЕНТ 1:
"Нүүрэн дээр их хэмжээний батга гарсантай холбоотойгоор гадуурхагдаж, хичээлдээ явах сонирхолгүй болсон",
СУРАГЧДЫН КОММЕНТ 2:
"Ангидаа ганцаараа суудаг хэн ч надтай юм ярьдаггүй. Би өөрөө ярьсан ч тоодоггүй. Шилжих талаар ээж, аавдаа хэлж үзсэн ч төгсөх ангид орох гэж байж юун шилжих гээд халгаагаагүй. Дахиад нэг жил тэсэж чадах үгүйгээ мэдэхгүй байна"
СУРАГЧДЫН КОММЕНТ 3:
"Чи аав, ээжгүй биз дээ гээд гадуурхаж, дээрэлхдэг. Бусад хүүхдүүд шиг өмөөрөөд ирэх ээж, аав байхгүй болохоор яаж ч чадахгүй гэдэгт итгэлтэй байдаг болохоор хэнээс ч юунаас ч айхгүйгээр хүссэнээрээ харьцдаг байх. Би ч эвлэрчихсэн. Өөр сургууль руу шилжсэн ч ялгаагүй. Ээжтэй, аавтай гэж худал ярьж чадахгүйгээс хойш яг адилхан нөхцөл байдал угтана. Тиймээс хурдан сургуулиа төгсөөд хэнд ч дээрэлхүүлдэггүй том хүн болмоор байна"
Энэ мэт сэтгэл эмзэглүүлмээр үгс олон хөврөх нь энэ асуудалд анхаарал хандуулж, цэг тавих шаардлагатай болсныг САНУУЛЖ БАЙНА.
13-17 НАСНЫ 10 ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ АМИА ХОРЛОХЫГ ОРОЛДЖЭЭ
Ийм орчинд сурч, ийм зүйлийг мэдэрч өссөн хүүхдүүд хүчирхийллийн шок трауматай болж, ирээдүйд нийгмийн харилцаанд орохдоо өөртөө итгэлгүй, өөрийгөө илэрхийлэх чадвар муу байх, улмаар бусдад хүчирхийлэл үзүүлэхэд бэлэн хүн болж хүмүүждэг зэрэг нийгэмд хортой үр дагавар үүсгэдэг байна.
Үүнээс гадна энэ их дарамт шахалт, гадуурхалтыг даваад гарах хүч арван хэдхэн настай хүүхдүүд байхгүй учир амиа хорлох тухай бодол ч төрөөд амждаг аж.
Манай улсад зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааг ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэн хийхэд 13-17 насны өсвөр үеийнхний 23 хувь нь амиа хорлох талаар бодож, 9.3 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн байна. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор таван хүүхэд тутмын нэгд амиа хорлох сэдэл төрж, 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлохыг оролджээ.
Сэтгэлзүйчдийн зөвлөснөөр, амиа хорломоор байна гэж ярьж байгаа бага насны хүүхэд өсвөр насанд хүрэхээрээ амиа хорлох магадлал өндөр байдаг бөгөөд эрэгтэй хүүхдүүдийн хувьд амиа хорлох магадлал илүү байгаа нь ажиглагджээ. Ер нь цочрол, сэтгэл гутрал, анхаарал халамж шаардах, бусдад дорд үзэгдэх, доромжлуулан, гутаалгах гэх мэт асуудлуудаас болж амиа хорлох шалтгаан болдог гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Судлаачдын хэлж байгаагаар, хүүхэд өөртөө тохиолдож буй хүндрэлтэй асуудлаас болж амиа хорлодог. Тэд энэ бүхэн хэзээ нэгэн цагт дуусаж, бүх зүйл сайхан болно гэдгийг ойлгох насанд хүрээгүй байдаг хэмээн тайлбарлаж байна. Тэдэнд юмс өөрчлөгддөг гэх ойлголт хараахан суугаагүй байдаг учраас асуудал нь хэзээ ч дуусахгүй мэт санагддаг. Ингэснээр асуудлыг дуусгахыг хүсэх нь амиа хорлох үйлдэлд хүргэдэг байх юм. Дээр дурдсанчлан, бидний үр хүүхэд яг хаана, юу хийж, ямар мөрөөдөл тээж явааг эцэг, эхчүүд хэр их хайхардаг бол. Өмсөж зүүлгэх, идэж уухаар нь хангаж, үнэтэй утас бариулснаа хайр халамжид тооцож, үр хүүхдийнхээ сэтгэл зүрхийг хөсөр хаяж байгаагаа анзаарахгүй яваа хүн олон. Гэтэл амиа хорлосон хүүхдүүдийн дийлэнх нь хангалуун гэр бүлд төрж өссөн байдаг аж.
Нүднээс далд үйлдэгдэж, та бидний хүүхдийг "тамлаж" байдаг эдгээр бугшсан асуудал СУИС-ийнхны дээрэлхэлтээр ил болж байгаа нь сайшаалтай. Салбарын сайд нь ч эл асуудалд анхаарал хандуулна гэдгээ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэлээд амжсан.
Л.ЭНХ-АМГАЛАН: ЯМАР НЭГ АСУУДАЛ ГАРАХААР ГАЛ УНТРААХ МАЯГААР ХАНДАЖ БОЛОХГҮЙ. ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ БАЙЖ ҮР ДҮН ГАРАХ ЁСТОЙ
Тодруулж хэлбэл, УИХ-ын хаврын ээлжит чуулганы баасан гарагийн хуралдааны үеэр, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, "Үе тэнгийнхний дээрэлхэлт гэдэг асуудлаар өмнө нь ингэж дуугарч байсныг санахгүй байна. Сүүлийн хоёр жилд манай Засгийн газраас шүгэл үлээж боловсролын салбарт нүүрлээд буй аюул бол үе тэнгийнхний дээрэлхэлт гэдгийг судалж, гаргаж ирсэн. Ард түмнээсээ юуг нь нуух вэ дээ. Бид 1990 оноос хойш хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулна гэж Үндсэн хуульдаа тунхагласан улс. Гэхдээ энэ нийгэмдээ тохирсон боловсролын системээ бид бүрдүүлж чадаагүй.
"Бага, дунд боловсролын цөм хөтөлбөр"-ийн үнэлгээгээр сурагчдын суурь мэдлэг хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс цаашид хүүхдүүдэд дан ганц академик чадвар эзэмшүүлэх бус мэдлэг чадвар, төлөвшилт гэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай юм байна гэж үзсэн. Боловсролын салбарт хийгдэх зургаан шинэчлэлийн нэг нь сургалтын хөтөлбөрийг илүү төгөлдөржүүлэхэд оршиж буй.
Ямар нэг асуудал гарахаар гал унтраах маягаар хандаж болохгүй. Тогтолцооны шинэчлэл хийж байж үр дүн гарах ёстой.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд сургуулиуд сэтгэлзүйчтэй боллоо. Төрийн өмчийн 760 гаруй сургууль байгаагаас одоогийн байдлаар гурван сургууль тутмын хоёр нь сэтгэлзүйчтэй болсон. Ирэх есдүгээр сарын 1-нд гэхэд бүх сургуулийг сэтгэлзүйчтэй болгохоор зорьж байна.
Үе тэнгийн дээрэлхэлт нь мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад маш хүнд байна. Иймд сэтгэл зүрхний боловсрол олгох хөтөлбөрийг техникийн болон мэргэжлийн боловсролын сургуулиудад хэрэгжүүлээд үр дүн гарсан. Ахлах сургуулийн хүүхдүүдэд ч хэрэгжүүлсэн. Үр дүнгээ өгсөн. Цаашлаад зөвхөн их дээд сургууль, ахлах сургууль гэлтгүй цэцэрлэгийн наснаас нь эхлээд энэ талын боловсрол олгож эхлэх хөтөлбөрийн шинэчлэл хийхээр орон даяар хэлэлцүүлэг өрнүүлээд явж байна. Бидний мэдэж байгаа тохиолдол нь л энэ. Мэдэхгүй тохиолдол асар их бий. Өдөр тутам байгаа. Үүнийг нууж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Үе тэнгийнхний дээрэлхэлт гэх хаалттай сэдэв нээлттэй болж, нийтээрээ анхаарал хандуулж эхэллээ. Харин одоо шийдэл хэрэгтэй. Бидний ирээдүй болсон хүүхэд залуусын хоёр дахь гэр, хамгийн аюулгүй орчин гэгддэг сургуулийн орчинд нүднээс далд үйлдэгдэж байгаа хүчирхийлэл дарамт шахалтад цэг тавих шаардлагатай байна.
Биеийн шарх эдгэдэг, харин сэтгэлийнх хэзээ ч арилдаггүйг бид хэзээ ч мартах учиргүй.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Хүүхэд тань дээрэлхүүлж, дарамтлуулж байгаа шинж тэмдэг илэрч буй эсэхийг анзаарах
Дийлэнх хүүхдүүд дээрэлхүүлж байгаагаа гэр бүлээсээ нуудаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ сайтар анзаарах хэрэгтэй. Урагдсан хувцас, хичээлдээ явахаасаа дургүйцсэн, хоолны дуршил нь буурсан зан байдал, мөн хар дарах, уйлах, тайван бус байх, урьдынхаасаа илүү их давтамжтайгаар мөнгө асуух, найзуудгүй эсвэл найзууд нь цөөрөх зэрэг шинж тэмдгүүд нь (НҮБ-ын Хүүхдийн Сангаас тогтоосон шинж тэмдгүүд) таны хүүхэд сургууль дээрээ аюултай орчинд байгааг илэрхийлэх болно. Хэрэв таамаглал тань батлагдсан бол «зүгээр өнгөрөө», «маяглахаа боль» эсвэл «хов битгий зөө» гэх маягаар хариулж болохгүй. Оронд нь сургууль дээр нь яаг юу болоод байгаа талаар үндэс, суурьтай мэдээлэл олж, асуудлыг шийдвэрлэхийн тулд чин сэтгэлийн яриаг өрнүүлээрэй. Хамгийн гол нь та хүүхдэдээ тусалж чадна гэдгээ ойлгуулж, итгүүлэх нь чухал юм.