Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиевын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.
Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, тэр дундаа бүс нутаг хоорондын харилцааг дэмжих, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтарсан үйлдвэр байгуулах, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар болон бусад асуудлаар санал солилцож, харилцан дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Уулзалт хэлэлцээний үеэр талууд хоёр улсын парламентын хамтын ажиллагааны хүрээнд дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалахын зэрэгцээ, Байнгын хороод, Парламентын бүлэг, Тамгын газрын түвшинд харилцан айлчлах, ажил хэрэгч уулзалтыг идэвхжүүлж, санаачилгатай ажиллах талаар хэлэлцэж санал нэгдлээ. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев нар Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Үүгээр талууд хоёр улсын парламент хоорондын зөвөлгөөний байнгын механизмыг байгуулж харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.