2021 онд эхэлсэн Банкны реформоор арилжааны банк нэг том эзэн байх боломжгүй болсон. Бүр тодруулж хэлбэл нэг хувьцаа эзэмшигч 20 хувь л эзэмших хуулийн заалт үйлчилж байгаа. Гэтэл тус заалтыг хэрэгжүүлэх хугацаанаас даруй хоёр сар өнгөрсөн ч арилжааны банкууд том эздээсээ татгалзсангүй. Нүдэн балай, чихэн дүлий гэдэг шиг хандлага гаргасаар явна.
Банкны тухай хуульд яг ямар заалт туссаныг эргэн сануулъя. Тус хуулийн 36.1-д “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” гэсэн заалт бий. Уг заалтыг 2023 онд буюу өнгөрсөн жилдээ багтаан хэрэгжүүлэх учиртай байв. Гэвч системийн нөлөө бүхий банкуудын хувь эзэмшил нэг хүн дээр 40 – 80 хувь хүртэл төвлөрөлтэй хэвээр байна. Тэр ч бүү хэл энэ чиглэлээр ямар ч ажил хийгдэхгүй байгаа нь хөрөнгийн зах зээл дээр тоглогчдыг, арилжааны банкинд хувь эзэмших сонголт хийсэн иргэдийг гонсойлгож эхэллээ.
Голомт банкны хувьд гээд ярихад л “Голомт файнэншил групп” 77.19 хувийг нь эзэмшсэн хэвээр байна. Хаан банкны тухайд “Эйч Эс Холдинг” болон “Эйч Эс Интернэйшнл (Ази) Лимитед” нийлээд 49.77 хувийг эзэмшиж буй бол “ТаванБогд групп” 36 орчим хувийг эзэмшдэг. Тэдний хувь эзэмшил өнөөдрийг хүртэл өөрчлөгдсөнгүй. Худалдаа Хөгжлийн банк ч ялгаагүй. “Глобулл инвестмент энд дэвэлопмент пти. Лтд” 60.8 хувь, “ТИ ДИ БИ Капитал” 29.69 хувийг эзэмшиж байна.
Энэ бол хэмжээгүй эрхтэй банкны эздийн халаасанд төр нь тэр чигтээ орчихсныг харуулсан тод жишээ. Мэргэжлийн хүмүүстэй уулзаж энэ талаар тодруулахад сая хэлсэн хардлагыг бататгасан мэдээлэл хэлж байна. Арилжааны банкны том толгойтой эзэд тус хуулийн заалтыг хойшлуулахаар лобби явуулаад эхэлчихсэн гэнэ. Өөрт нь таалагдахгүй заалт гараад ирмэгц хуулиа хойшлуулах, болиулах боломж зөвхөн банкны эздэд байна гэхэд дэгсдүүлэл болохгүй. Ингээд харахаар баталсан хуулийг нь хүссэн бүхэн болиулаад байх юм бол УИХ байгаад ч яах вэ дээ. 2024 он бол сонгуулийн жил. Ийм эгзэгтэй үед том банкуудынхаа цулайтал баяжсан цөөхөн эздэд хууль зөрчихийг нь зөвшөөрөөд сууж байдаг засагтай байна гэдэг шулуухан хэлэхэд үндэсний эмгэнэл. Зүй нь яг өдийд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Нэг хүнд төвлөрсөн хөрөнгө мөнгөний том төвлөрлийг задалъя, зах зээлийн зарчмаар нь банкны хувьчлалаа явуулъя, жирийн иргэдээ банкны хувьцаа эзэмшигч болгож, ахуй амьжиргааг нь дээшлүүлье” гэсэн мэдэгдэл хийгээд сууж байх учиртай.