Энэ оны хамгийн эхний том улс төр саарал ордонд өрнөж, Ардын нам агуулгаараа ялагдлаа. Тодруулбал, өчигдөр Г.Занданшатар даргатай энэ удааагийн парламент бүрэн эрхийнхээ хугацаанд хийх хамгийн сүүлийн намрын чуулганаа хаахдаа Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцүүлсэнгүй. Одоо энэ парламентын хугацаанд дахиж, Хөрөнгө оруулалтын хуулийн тухай яриа гарахгүй. Бүх зүйл дууссан.
Энэ асуудалд улс төр төдийгүй нийгмээрээ анхаарал хандуулж байв. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалгахгүйгээр шууд хойшлуулах шийдвэрийг гаргалаа. УИХ төдийгүй нийгэм уг хууль дээр хоёр хуваагдсан. Ялангуяа иргэдийн зүгээс уг асуудалд ихээхэн эмзэг хандсан нь энэ хуулиас УИХ-ын дарга төдийгүй МАН-ыг цэрвэхэд хүргэсэн биз. Тэгвэл энэ шийдвэр, уг хуультай холбоотой зарим зүйлсийн талаар хамтдаа анализ хийж үзэцгээе.
НЭГ. Монголчуудын оюуны чадамж яг арван жилийн өмнөх дээрээ гацсан хэвээрээ байна
Хөрөнгө оруулалт гэдэг бол улс орны эдийн засгийг тэлэх. Цаашлаад үйлдвэрлэл хөгжүүлэх, дотоодын зах зээл дээрх өрсөлдөөнийг нэмэх гээд олон талын ач холбогдолтой. Энэ хууль батлагдсан бол хөрөнгө оруулалтыг татах олон алхмуудын нэг нь л хэрэгжинэ гэсэн үг. УИХ-аас хоёр дахь удаагаа Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хойшлуулж байгаа үйлдлийг харсан гадны хөрөнгө оруулагчид чухам ямар дохио хүлээж авахыг бид таашгүй. Ямар ч байсан Монгол хөрөнгө оруулагчдаасаа айсан, эмээсэн, цэрвэсэн, гадуурхсан хэвээрээ л байгаа юм байна гэдэг ойлголтыг өгчихлөө. Цаашлаад тогтворгүй улстөртэй улсад хөрөнгө оруулалт хийх нь эргэлзээтэй юм байна гэдэг агуулга хамгийн түрүүнд үлдэж буй нь гарцаагүй.
Хуулийг хойшлуулсан гол шалтгаан нь газрыг 100 жилээр гадныханд өгөх гэж байна. Эсвэл хөрөнгө оруулалтын 100 ам.долларын босгыг байхгүй болгосноор зуун төгрөгтэй нэг “хужаа” Монголын газарт эзэн суух нь гэх хардлага юм. Үүнийг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга сайхан өрдөж, Ч.Хүрэлбаатар сайд тултал шатсаар дууслаа. Яг 10 жилийн өмнөх газрын тухай хууль, төмөр замаар танк орж ирнэ хэмээн ууттай элс цоолж суусантай адил зүйл өрнөв. 10 жилийн өмнө бид төмөр замын том гарцаа алдсанаар Монголын эдийн засаг 10 жил дамар эргэсэн. Эцэст нь бид ялагдаж, Оросууд хос царигтай төмөр замаа Хятадтай холбож, Монголын нүүрс хог болох шахсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, яс цус ярьж түүнд нь хууртаж эсвэл итгэж өөрийн гэсэн оюун дүгнэлт гаргаж чадахгүй мунгинаж байсан монголчууд бид 10 жилийн дараа өнөөх л бахь байдгаараа сууцгааж байна.
УИХ-ын дарга нь ч уг асуудлыг их хурлаараа хэлэлцүүлсэнгүй. Хуульчид нь ч энэ хуулийн төслийн “шүүс”-ийг шахсангүй. Иргэд нь ч таван хуудас хууль уншаад өөрийн гэсэн оюун дүгнэлт гаргах чадамжгүй. Зүгээр л “цээжний эх орончдынхоо” үгэнд итгэчихлээ. Алдаатай хууль байж болно. Алдаагүй ч байж болно. Гол нь иргэд бид хэн нэгэн Х.Баттулга, эсвэл Ч.Хүрэлбаатар гэдэг хүмүүсийн нөлөөнд автахгүйгээр өөрийн гэсэн оюун дүгнэлт хийх чадвартай. Түүндээ үндэслэж, шийдвэрээ гаргадаг болох шаардлагатай байна. Ингэсэн нөхцөлд л бид хөгжиж, биднийг хорлох гэсэн гадна, дотны явцуу бодлого үл хэрэгжинэ. Үгүй бол эцэс төгсгөлгүй ултөржилт дундаа улам гүн бат жигдэх болно.
ХОЁР. Ардын намынхан өөрөө өөрийнхөө “нүд рүү хөлөө” хийлээ
Одоо МАН-ынхан Хөрөнгө оруулалтын хууль дээр яаж ч уран яруу донгодлоо ч гэсэн асуудалтай хуулийг танайхан оруулж ирэх гэж байсан гэсэн муу нэрд уначихсан. Үнэхээр асуудалтай байсан учраас хойшлуулсан, хэлэлцүүлээгүй гэдэг мессежийг, пиарыг одоо “Женко” Х.Баттулгын талаас, Ардчилсан намын зүгээс иргэдэд хахтал нь өгнө. Ялангуяа сонгуулийн өмнө ахиухан доозоор шахах нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар дээрээ шийдвэр гаргаад оруулаад ирсэн хуулиа ингэж, УИХ дээр гацаана гэдэг бол улс төр талаасаа сайн зүйл огт биш. Дээр нь энэ үйл явцын араас МАН-ын томчууд дахиад л үл ойлголцож эхэлнэ. Наанадаж Ч.Хүрэлбаатар, УИХ-ын дарга хоёрын НӨАТ-аас эхлэлтэй хагарал улам гүнзгий ан цавтай болно. Цаанадаж Ардын намын УИХ нь Засгийн газрынхаа бодлогод хоёр дахь удаагаа “салаавч” өгчихлөө гэдгийг улс төрийн хүрээнийхэн бүгд л харж байна.
ГУРАВ. АН-ыг байтугай МАН-ыг базаж чадах “Женко” Х.Баттулга
Улс төр талаас нь харахад Ерөнхийлөгч асан Х.Баттулгын улс төрийн “бяр” дуусаагүй байна. Дуусаагүйгээр барахгүй урд өмнөх шигээ хүчтэй хэвээрээ байна. Нэгдүгээрт, АН-ыг Лу.Гантөмөр даргатай нь хамт хөдөлгөж байна. Намын бүлгийн гишүүдийг нь хөл алдуулж байна. “Хамас” А.Адъяасүрэнгээс эхлээд АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын даргыг Цэцэд өгөх хүртлээ тийчэлж эцсийн мөч хүртэл бага оврын улс төр хийлээ. Бүлгийн дэд дарга Н.Ганибал нь завсарлага авч, бүлгээ удирдаж үзүүллээ.
Өөрөө УИХ-ын даргатай шууд уулзаж эсэргүүцлийн бичгээ өгч гайхууллаа. Ийм байхад улс төрд дахь Х.Баттулгын тоглолт дуусах болоогүй гэдэг нь нэгэнт ойлгомжтой харагдаж байна. Товчхондоо “Женко”-гийн улс төрийн акц дахин нэг удаа Монголын улс төрд хэрэгжив.
ДӨРӨВ. Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар хоёр одоо бүр илүү муудна
Өнгөрсөн долоо хоногийн тоймынхоо үеэр гурав хоногийн завсарлага авсан Хөрөнгө оруулалтын хуулийн хувь заяаг Ардын нам гэхээсээ илүүтэй УИХ-ын дарга шийднэ гэж хэлж байсны дагуу зохиол өрнөлөө. Уг нь хэлэлцэх эсэхийг нь гишүүд өөрсдөө шийдээд, хэрвээ хэлэлцэхээр тогтвол алдаа дутагдлыг нь засаад явах боломж энэ УИХ-д байсан. Гэвч УИХ-ын дарга тэгсэнгүй. Магадгүй үүний цаана татвар хураамжтай холбоотой улс орны том эрх ашиг зөрчигдөх гээд байсан байж болно. Тийм байсан ч гэсэн хэлэлцээд алдааг засаад явах нь хамгийн зөв шийдэл байлаа. Санал хураалгахгүйгээр энэ парламентын хугацаанд Хөрөнгө оруулалтын хуулийг УИХ-ын дарга хоёр дахь удаагаа зогсоож буй нь энэ. Мэдээж энэ үйлдлийнхээ араас УИХ-ын дарга Г.Занданшатарыг нутгийн ах Х.Баттулгадаа барьцаалагдсан. Эсвэл түүний талд орсон гэдэг улс төрийн хэрүүлийн алимыг хүн бүр “амталж” эхлэв. Ийнхүү товчхондоо, МАН доторх эх адаггүй улстөржилт, талцал хуваагдлын сэдэв дахин нэгээр нэмэгдэж байна.
Өөрөөр хэлбэл, Ардын намын 62 гишүүн энэ удаад бүрэн эрхгүй, албан тушаалгүй иргэн Х.Баттулгад Хөрөнгө оруулалтын хууль дээр ялагдлаа. Ялагдах ялагдахдаа Засгийн газартайгаа, намтайгаа, нэр хүндтэйгээ, Ч.Хүрэлбаатар гэдэг том төлөөлөлтэйгөө хамт татагдан уналаа...