-Цэцэрлэгийн 58 багш ажилчдаас 44 нь эсэргүүцэлд гарын үсэг зурж нэгдсэн байна. Тэд шат шатны байгууллагуудад Ө.Алдармаатай хамтарч ажиллах хүсэлгүйгээ мэдэгдэж хүсэлтээ өгчээ-
Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэгийн багш, ажилчид цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаатай хамтарч ажиллах боломжгүй гэсэн хүсэлт удаа дараа тавьсан боловч саналыг нь Баянзүрх дүүргийн засаг дарга Т.Баясах хүлээж авахгүй байгаагийн улсаас 08-р сарын 10-ны өдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж, суулт хийгээд байна.
Биднийг сурвалжилахаар очих үед шөнөжин цэцэрлэгийн гадаа сууж хоносон багш, ажилчид эмч дуудан цусны даралтаа үзүүлж байлаа. Цэцэрлэгийн гаднах хаалгийг тэднийг оруулахгүйн тулд түгжсэн байсан тул тэд төмөр хашаа налан цементэн зам дээр эгнэн сууцгаасан байв.
Бид дэлгэрэнгүй мэдээллийг цэцэрлэгийн багш, үйлдвэрчний эвлэлийн бүлгийн дарга Г.Сумьяагаас тодруулсан юм. Тэрээр хэлэхдээ,
“Манай цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаа гэдэг хүн 2014 оны 10 сард томилогдож ирсэн. Тэр цагаасаа эхлээд хууль бус үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Ямар хууль бус үйл ажиллагаа явуулж ирсэн бэ гэвэл:
- Нэгдүгээрт, шинээр хүүхдийн элсэлт авахдаа эцэг эхчүүдээс 500,000-1,500,000 төгрөгний хахууль авдаг. Шинэ элсэх 2 настай хүүхдүүдийн квотыг 30 гэж тогтоодог. Мэдээж харьяаллын хүүхдүүд 30-аас илүү байдаг. Тэгээд л түүнд багтаж чадаагүй харьяаллын болон харьяаллын бус хүүхдүүдийг хахууль авч элсүүлдэг. Энэ нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж бид үзэж байгаа.
- Хоёрдугаарт, өөрийнх нь буруутай үйл ажиллагааг хэлж эсэргүүцсэн багш ажилчдын цалингийн 20-30 хувийг хасдаг, ажлаас нь халдаг.Улирлын үр дүнгийн урамшууллын мөнгө, ур чадварын мөнгийг хасчихдаг. Багш ажилчдын урьдчилгаа цалин дээр зуу, зуун мянган төгрөг нэмж өгөөд “Багш нар 60,000, туслах багш нар 50,000-ыг нярав н.Долгорсүрэнд тушаа гээд авчихдаг.
- Гуравт, Өөрийн хамаатан садан, найз нөхөө ажилд авч өндөр цалинжуулдаг. Тэдэндээ ур чадвар, үр дүнгийн мөнгийг байнга өгч байдаг. Өөрийн насанд хүрээгүй хүүхдийг зун харуулаар авчихдаг. Тэгээд л 6-р сард ажилд орсон хүүхдэд дээрээ 7-р сарын цалин дээр 25 хувийн ур чадварын нэмэгдэл олгочихсон байх жишээтэй. Энэ нь бүгд баримт нотолгоотой байгаа.
- Дөрөвт, Цэцэрлэгийн засвар хийнэ гээд бүх эцэг эхчүүдээс 2015 оны хавар 5 сард 20,000 төгрөг авч байсан. Тэгээд намар нь засварын мөнгө хүрээгүй гээд 37,000 төгрөг хураасан. Хийсэн засварын ажил гэвэл анги бүлгүүдэд ерөөсөө засварын ажил хийгээгүй зөвхөн коридорын хана л будаж хэдэн метр хивс авч тавьсан байсан.
- Тавдугаарт, 2016 онд гадаад тоглоомын талбай засна гээд бас хүүхэд болгоноос 15,000 төгрөг цуглуулсан. Гэвч 30 жил болсон, хүүхэд тоглоход маш эрсдэлтэй болсон тоглоомын талбайг засварлаагүй.
- Мөн 2017 онд цэцэрлэгийн сан техник засварлана гээд 15,000 төгрөг хураагаад юу ч хийгээгүй байсан. Манай халуун ус алддаг, бохир нь хальдаг асуудал шийдэгдээгүй хэвээрээ үлдсэн. Бас тэр зун багш ажилчид 8-р сарын 15-нд ажилдаа орох байсан боловч 30 болгож хойшлуулсан. Энэ нь хамаатан садан нь олноор ажилладагтай холбоотой гэж бид ойлгож байгаа. " гэсэн юм.
Цэцэрлэгийн багш, ажилчдаас гадна 100-аад эцэг, эхчүүд тэдэнтэй нэгдэхээр гарын үсэг зурсан байна.
-2018 оны 1-р сараас эхлэн авилгатай тэмцэх газраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэгдэн, шалгагдаад 6-р сард ажлаас нь түтгэлзүүлж чөлөөлөх шийдвэр гарсан-
Улмаар 2018 оны 1-р сараас эхлэн авилгатай тэмцэх газраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэгдэн, шалгагдаад 6-р сард ажлаас нь түтгэлзүүлж чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Гэтэл Ө.Алдармаа гэх эрхлэгч түтгэлзүүлэх шийдвэрийг 3 хоногийн дотор хүчингүй болгуулчихсан байсан аж.
Ингээд удалгүй үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гээд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 2018 оны 12 сард Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр тус эрхлэгчийг ажилд нь эргүүлж томилох шийдвэр гарсан байна. Чухамдаа түүний оронд н.Баасанхүү гэх хүн ажиллаж байсан боловч түүнийг Баянзүрх дүүргийн засаг дарга Т.Баясах дарамт шахалт үзүүлж хүчээр ажлаас нь буулгасан гэж эх сурвалжууд мэдээлсэн юм.
Тэдний эсэргүүцлийн сургаар цэцэрлэгийн бүх хаалганы цоожийг сольж, гаднаас орох хаалгаа түгжихийг манаачдаа үүрэг болгосон Ө.Алдармаа эрхлэгч өрөөнийхөө цонхоор үе үе шагайн тэднийг ажиглаж байлаа.
“Энэ тэмцэл зөвхөн бидний эрх ашгийн төлөө биш, манай цэцэрлэгт хүмүүжиж буй 800 гаруй хүүдийн эрхийн төлөө явагдаж байна” хэмээн хэлж буй багш, ажилчид суултаа Баянзүрх дүүргийн засаг даргын өрөөний гадаа үргэлжлүүлэн хийж, энэ асуудал шийдэгдтэл тэмцэнэ гэдгээ хэлсэн юм.
Бэлтгэсэн: Л.Дэлгэрмаа