Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд ирэх онд 788.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт батлагдлаа. Энэхүү зээлийн зээлийн санхүүжилтийн гэрээнд Хүнс хөдөө ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй хүмүүс оролцсон юм.
Тодруулбал, “Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл”-ийн санхүүжилтын гэрээг арилжааны 10 банк үзэглэсэн билээ. Төрөөс хөдөө аж ахуйн салбар, малчдыг дэмжих байдлаар “угжсаар” ирсэн ч өнөөдөр уул уурхайн салбар эдийн засгийг чирж буй. Харин өнгөрсөн өвөл зудын гамшигт хөдөө аж ахуйн салбар агшиж, эдийн засгийн бодит өсөлтөөс хойш татсан.
Өнөө жилийн өвөл, хавар мөн л зудын гамшигт эрсдэл нүүрлэж болзошгүй. Хэрэв зуд нүүрлэвэл эдийн засагт том хүндрэл үүсэх магадлалтай болохыг Дэлхийн банк сануулсаар байна.
Тэгвэл “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд батлагдаад буй 788.9 тэрбумын зээлийн санхүүжилт бодит амьдрал дээр иргэн аж ахуйн нэгжүүдийг дэмжих байдлаар эдийн засагт үр ашигаа өгөх үү, эргээд үргүй зардал болох уу гэх асуудалд холбогдох хүмүүсийн байр суурийг хүргэж байна. Ингээд дараах гурван асуултад хариулт авсан юм.
-Гэрээг үзэглэсэн арилжааны банкууд болон Төвбанк, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар “Цагаан алт”-ыг хэрхэн харж байна вэ?
- Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд ирэх онд батлагдсан 788.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтэд арилжааны банкууд эрсдэлээ тооцсон уу?
- Хэрэв урьдчилан таамаглах аргагүй гамшигт нөхцөл үүсвэл 788.9 тэрбумын зээл банк, санхүүгийн салбарт хэр их ачаа болох вэ. Өмнө нь зуд нүүрлэхэд малчдын зээл төлөлтийг хойшлуулж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлж хүүгүй зээл олгосон. Үр дүн байна уу?
ЦАР ТАХЛЫН ҮЕД КАРТЫН БАРААНЫ 1990 ОНЫ ТҮВШИНД ХҮРЧ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ОРХИГДСОН НЬ СУРГАМЖ БОЛСОН
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярын тухайд байр суурь илэрхийлэхээс татгалзсан юм. Тэрбээр илтгэлдээ “Цар тахлын үед Монгол Улс 1990 оны түвшинд картын бараанд орохоос өөр аргагүй, хүнсний хомсдолд орж байсан. Дотоодын үйлдвэрлэл орхигдсон байгаа нь тод анзаарагдсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хувьсгалын хүрээнд хүнсний хувьсгалыг нэмэгдүүлж, үйлдвэрлэл байгуулж экспортын шинжтэй болгоё гэж ярьсныг УИХ дэмжсэн. Импортыг 250 тэрбум төгрөг хэмнэсэн. Одоо бид арьс шир ноос ноолуурын ажлыг гүнзгийрүүлэх ажлыг эхлүүлнэ” гэсэн юм.
2025 ОНЫ ТӨСӨВТ "ЦАГААН АЛТ" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ САНХҮҮЖИЛТ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНД ТУСГАГДСАН УЧРААС АРИЛЖААНЫ 10 БАНКТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлт хэлтсийн дарга Ц.БОЛОРЧУЛУУН: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөнгөн үйлдвэрийн салбарт боловсруулах үйлдвэрийг дэмжих “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг санаачилж орон даяар хэрэгжилт нь эхэлж байна. Ер нь үндсэн гурван салбарыг хамаарч байгаа юм. Ноолуур, ноос, арьс ширний салбарт малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, үүнээс уул уурхайн дараагийн салбар болох Хөдөө ахуйн салбар, мал аж ахуйгаас олох орлогыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. УИХ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хөдөлгөөнийг дэмжиж 63 дугаар тогтоолоор баталсан.Одоо эхний санхүүжилтыг 2025 оны төсөвт “цагаан алт” хөдөлгөөн тодорхой хэмжээний төсөвт тусгагдсан учраас арилжааны 10 банктай зээлийн гэрээ байгуулж байна.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний нийт зээлийн санхүүжилт 2.2 их наяд төгрөгийн санхүүжилттэй. 2025 онд үндсэн дөрвөн зорилт байгаагийн нэг нь Хөнгөн үйлдвэрийн тухай хуулиа батлуулна, татварын орчныг боловсронгуй болгох зорилт дэвшүүлсэн.
Дараагийн нэг асуудал нь, боловсруулах үйлдвэрийн хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөцийн асуудал. Нэлээн онцгой анхаарч үзэхгүй ажиллах хүч, боловсон хүчний асуудал дутмаг байна.
Арилжааны банкууд 2025 онд 700 гаруй тэрбумын зээл гаргана. Үүний зэрэгцээ ноос, арьс ширний урамшууллыг боловсруулах үйлдвэрүүдийн худалдан авалт, боловсрулалтын үе шаттай холбоно. Боловсруулалтын түвшинг 4 жилийн хугацаанд тэлнэ гэж бодож байна.
"ЦАГААН АЛТ" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ОЛГОХ ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ЗӨРҮҮГ ТӨСВӨӨС ГАРГАНА
Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.ДАВААДАЛАЙ: Хөдөө аж ахуйн салбарт дөрвөн том хөтөлбөр хэрэгжинэ. Үүний хоёр нь хэрэгжиж эхэлсэн. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн эхлээд хоёр жил болж байгаа бол өнөөдөр “Цагаан алт” хөдөлгөөн эхэлж байна. Мөн “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд 600 гаруй тэрбум төгрөг гаргасан байна. Удахгүй “Атрын IV” аян эхэлнэ. Тэгэхээр үр дүнг хүмүүс янз бүрээр харж байгаа байх.
Тоон мэдээллээс харахад “Хүнсний хувьсгал”-ын тухайд яривал Монгол Улсад 24 шинэ үйлдвэр байгуулагдсан. Энэ бол чамлахааргүй бодит үр дүн. Одоо “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн бодитоор хэрэгжих нөхцөл бүрдэж зээл олгоход бэлэн боллоо.
Нэгдүгээр сарын 1-ны өдрөөс арилжааны банкууд зээл олгоход бэлэн болно. Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд эдийн засгийн үр ашигтай зөв төсөл хөтөлбөрийг эртнээс ТЭЗҮ, тооцоо судалгаагаа маш сайн бэлдээрэй. Зээлийн нөхцөл 6-8 хувийн хүүтэй, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж авбал 6 хувь, эргэлтийн хөрөнгийн зээл авч байгаа бол 8 хувь байгаа юм. Зах зээлийн нөхцлөөс харьцангуй бага хүүтэй зээл юм. Энгийн иргэн аж ахуйн нэгж 18-20 хувийн зээлийн хүү төлж байгаа.
Тиймээс энэ хүүний зөрүүг төсвөөс иргэн, аж ахуйн нэгжид зориулж буй. Татвар төлөгчдийн мөнгөөр иргэд аж ахуйн нэгжид хөнгөн үйлдвэр, мал аж ахуйн салбарт дэмжлэг үзүүлж байна гэсэн үг.
Нэг талаас татвар төлөгчид хөрөнгө оруулж, нөгөөталд эргүүлээд зээл санхүүжилтээр дэмжиж байна.
АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ИЛҮҮ НӨӨЦ 10 ИХ НАЯДТАЙ ХАРЬЦУУЛАХАД 788 ТЭРБУМ БОЛ БАГА ТОО
Монголбанкны Ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН: Хоёр жилийн өмнө “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1.2 их наядын зээл гаргасны үр дүнд өнөөдөр хөдөө аж ахуйн салбар өсөлттэй байна. Энэ оны эхэнд зуд нүүрлэж, малын 10 гаруй хувь хорогдож энэ салбарыг доош нь татаж байгаа ч нөгөөталд газар тариалан, боловсруулах үйлдвэрийн салбар өсөлттэй буюу 8 хувьтай гарсан бол улсын ерөнхий эдийн засгийн өсөлт 5 хувьтай байна. Иймд хөдөө аж ахуйн салбар бусад салбараасаа өсөлттэй байна.
Монголбанкны зүгээс “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” зэрэг зорилтот бүлэгт чиглэсэн тодорхой бизнесийг чиглэж буй хөтөлбөрүүдэд зах зээлийн дундаж хүүнээс бодлогын хүүг хасч байгаа учраас эцсийн зээлдэгч буюу аж ахуйн нэгж, малчинд нэн хөнгөлөлттэй зээл ирж, тухайн аж ахуйн нэгж томрох боломжийг гаргаж байна.
Хүүний дарамт иргэн, аж ахуйн нэгж дээр байгаа энэ үед хөтөлбөрийн зээл олгох нь илүү нэмэртэй.
Өнөөдрийн зурагдсан гэрээнд 30 хувь нь дахин санхүүжиж болно гэж заасан. Энэ бол өмнө нь өндөр хүүтэй зээл авсан аж ахуйн нэгж хүүний дарамттай байсан бол шинээр авах зээлийнхээ 30 хувийг өмнөх зээлээ төлж, дахин санхүүжих хэлбэрээр явах нь дарамтыг бууруулж байгаа юм. Мөн манай банкны сектор өөрийн хөрөнгийн чадавхыг нэмэгдүүлж, төлбөрийн чадвар маш өндөр болж, 10 их наяд төгрөгийн илүүдэл нөөцтэй байгаа юм. Иймээс зээлээр олгох гэж буй 788 тэрбум төгрөг бол 10 их наядтай харьцуулахад бага тоо учраас банканд ямар нэгэн дарамт эрсдэл учруулахгүй.
ХААН БАНК ЭРСДЭЛЭЭ ТООЦОЖ, НАЙДВАРТАЙ ХАРИЛЦАГЧ НАРТАА Л БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО
ХААН Банкны Гүйцэтгэх захирлаар Р.МӨНХТУЯА: “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд нийт арилжааны банкууд 788.9 буюу бараг 800 гаруй тэрбум төгрөгийн зээл олгох гэж байна. Хаан банкны тухайд харилцагчдын дийлэнх нь орон нутгийнх. Иймд тэдний бизнесийг дэмжих зорилгоор энэ жил бүх аймгийн төвд “Бизнесийн төв”-үүдийг байгуулсан. Үүгээр дамжуулан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцоно. Харилцагчид зээл авах хүсэлтээ бизнес төвүүдэд өгөх боломжтой. Суманд амьдарч буй харилцагч нар сумынхаа тооцооны төвд зээлийн хүсэлтээ өгч зээл авах бүрэн боломжтой.
Бидний хувьд “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнөөр дамжуулан олгох зээл нь харилцагч нарт маш боломжийн нөхцөлтэй гэж харж байна. Яагаад гэвэл, Засгийн газар татаас өгч байна, арилжааны банкууд эх үүсвэрээ гаргаж өөрсдөө эрсдэлээ хүлээж байгаа юм.
Тэгэхээр ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэл эрхэлж буй харилцагчид бага хүүтэй, бизнесийн зээл авах боломж бүрдэж байна. Мөн онцлог нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” бол үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон төсөл байвал илүү бага хувийн хүүтэй ногоон зээл авах боломжтой, шинэлэг хөтөлбөр. Банкны тухайд, дээр дурдсанаар зээлийн чанарын эрсдлийг өөрсдөө хүлээж байгаа учраас сайн харилцагч нарт зээл олгоно.
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООС ИЛҮҮ ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛБАЛ ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ШААРДЛАГАГҮЙ
Капитрон банкны Гүйцэтгэх захирал Б.ҮҮРЦАЙХБААТАР: “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг дэмжиж байгаа. Гэхдээ хөнгөлөлттэй зээлээс илүү зээлээ төлдөггүй хүмүүст хариуцлага тооцдог тогтолцоогоо сайжруулж, бүх хөтөлбөрүүдээ харах ёстой. Зээлээ төлөхгүй тохиолдолд шүүх дээр очоод 5-10 жил болж байна.
Хэрэв шүүхийн шийдвэрлэх процесс нь сайн байвал санхүүгийн систем нь илүү сайжирч, төрийн дэмжлэг шаардлагагүйгээр банк санхүүгийн салбарт зээл авах боломж нь илүү нээлттэй болно гэж харж байна. Өөрөөр хэлбэл, зах зээлд өрсөлдөх зарчмаар хувийн хэвшил хөгжинө.
Тиймээс иргэд нь зээлээ төлдөггүй хариуцлагагүй, шүүх нь хуралдахгүй жил гацдаг энэ мэт байдалд эхэлж хариуцлага тооцох ёстой. Төрөөс бодлого гаргадаг ч хариуцлагын тогтолцоог эргэж харахгүй бол зориулалт нь хэрэгжихгүй, бодит үр дүн гаргахын тулд татвар төлөгчид л хариуцлагагүй хүмүүсийн мөнгийг төлж байна. Үүнийг нийтээрээ болих хэрэгтэй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!