Дурлалдаа шатсан, шаналсан хүн бүр инстаграмын "Thekane" хуудсаар зочилдог. Уг хуудас хуудас нь үе, үеийн яруу найрагчдын шүлгүүд, алтан үеийн Монгол кинонуудын хэсгийг түүвэрлэн хүргэдэг. Хүнд ухаарал хайрлаж, мэдлэг тэлсэн ярианы агуулгыг 1-2 минутанд базаж, ард нь ая дэвссэн "Thekane" хуудасны бичлэгүүд инстаграм хуудаснаа "бүүм" болоод удаж буй. Залуу хүн бүрийн стори-нд өнждөг тус хуудасны ард ямар хүн байдаг бол. Энэ нь хүмүүсийн анхаарлыг татсаар ирсэн.
Тэгвэл "Thekane" хуудасны ард хорьж дийлдэггүй 20-хон настай Б.Жавхлантөгс гэх залуу байдаг юм байна. Үг дуу цөөтэй даруухан уг хүү 2022 онд Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хаах хугацаанд уран тансаг үгийг хэлхэж, хүн бүрийн зүрх сэтгэлийн хаалгыг тогшдог яруу найрагт шимтжээ.
Интернет, гар утаснаас хол байх нэг жилийн хугацаанд цэргийн ангид байх яруу найргийн номнууд Б.Жавхлантөгсд хань болж, улмаар "Thekane" хуудас өнөөдрийн өнгө төрхөө олсон нь энэ.
Б.Жавхлантөгс "Сити" их сургуулийн график дизайны ангийн нэгдүгээр курст суралцдаг. "Thekane" хуудсыг нээгээд гурван жил болсон ч өнгөрсөн зургаадугаар сараас эхлээд дагагчид нь огцом өссөн байна. Үүнд яруу найрагч агсан Б.Лхагвасүрэн, 41 дэх удаагийн "Болор цом"-ын эзэн яруу найрагч С.Начингийн шүлгүүд нөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар 90.4 мянган дагагчтай болсон байна.
Өөрийнхөө талаар дуртай яруу найрагчийн амнаас сонсох үнэхээр сайхан догдлом байсан
Б.Жавхлантөгс ярихдаа "Залуучууд Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийг бүтнээр нь үзэх ховор учраас онцлох хүмүүсийн хэсгээс түүвэрлэж авдаг. Сүүлд "Болор цом" яруу найргийн наадам, үе үеийн ялагчдынх нь орсон нэвтрүүлгүүдийг их үздэг болсон. Үзэж байх хугацаандаа утсан дээрээ screen record хийгээд хадгалчихдаг. Яг видеогоо утсан дээрээ хийхэд 20-30 минут зарцуулдаг. Ер нь залуучууд хайр дурлал, эхийн хайрын тухай шүлгэнд их дуртай. Голуур нь эх орны шүлгүүд оруулахаар бас сайхан байдаг. Би цэрэгт явснаас хойш эх оронч болчихсон. /инээв/.Хааяа бас шүлэг бичих гэж оролдоно оо" гэв.
Б.Жавхлантөгс өөрөө яруу найрагч Б.Лхагвасүрэн агсан, Ж.Болд-Эрдэнэ, Л.Өлзийтөгс, С.Начин, Б.Галсансүхийн шүлгүүдэд дуртай гэнэ. Thekane хуудас руу яруу найргийг залуус түгээж байгаад баярлаж талархсан хүмүүсээс өдөрт 5-6 удаагийн чат ирдэг бөгөөд энэ нь түүнд урам өгч, илүү гоё бичлэг хийхийг зорьсоор иржээ.
Thekane хуудасны талаар 41 дэх удаагийн "Болор цом"-ын эзэн яруу найрагч С.Начин өнгөрсөн сард "Залуучууд яруу найрагт дуртай болж байгааг би Thekane хуудастай холбож ойлгож байгаа. Б.Жавхлантөгс гэх залуу тус хуудсыг хөтөлдөг юм байна лээ. Тэр хуудсыг дагаж, тэндээс урам зориг авдаг олон хүн бий" гэдгийг онцолж байсан удаатай.
Б.Жавхлантөгс энэ талаар ярихдаа "Яруу найргийг эргэн сануулж буцааж түгээж буй нь би ганцаараа бус энэ хуудсыг дагадаг, энэ хуудсан дээрх бичлэгийг бусдад хуваалцаж зүрх дардаг бүхий л хүмүүс хамаатай гэж боддог. Мэдээж өөрийнхөө талаар дуртай яруу найрагчийн амнаас сонсох үнэхээр сайхан догдлом байсан" гээд инээмсэглэв.
Цэргийн ангид яруу найрагтай танилцсан нь
Б.Жавхлантөгс 2022 онд Увс аймгийн хилийн 0311 дүгээр ангид алба хаасан гэдгийг дээр дурдсан. Тэрбээр "Цэрэгт явахаас өмнө нь юм л бол эморох гээд байдаг байсан чинь явж ирээд шал өөр болсон. Хатуужил суусан гэх үү дээ. Хилээ хамгаалж байна гэж бодохоор бас бахархалтай санагддаг байсан. Цэрэгт байх хугацаанд байгаль, ном хоёртой их ойр байсан. Номноос зураглал, төсөөлөл авдаг. Цэргийн ангид Монголын үе, үеийн яруу найрагчдын түүвэр гээд ном бий. Цаг зав гарвал тэр номыг уншаад суучихдаг байлаа. Манай сургуулийн хажууд Монголын үндэсний Төв номын сан бий. Ороход ер нь л хоосон байдаг. Сүүлд Төв номын сангаас Ж.Болд-Эрдэнийн "Гоо марал", Б.Галсансүхийн "Бурханд хэлэх зөвлөгөө" гэх номыг уншсан. Ер нь яруу найргийн түүврүүдийг их унших дуртай" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!