Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ажлаа хийхгүй байгаа төрийн албаны зөвлөлийг татан буулгая

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 40 секунд

Өнгөрөгч парламентийн үед Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж шатлан дэвших, мерит зарчмыг маш сайн хуульчилсан. Өмнө нь хэн дуртай төрийн жинхэнэ албанд давхиад орчихдог, тэр бүү хэл хөдөө суманд архи ууж ажлаасаа халагдсан жижүүр хотод ирээд томоохон агентлагийн дарга болж байсан түүх ч бий. Харин төрийн албаны хуулинд төрийн албан хаагчийн ёс зүй, шатлан дэвших зарчмыг маш нарийн зохицуулж өгснөөр энэ бүхэн цэгцэрсэн. Өнгөрсөн парламентын гол гавьяануудын нэг байсан гэдэгтэй маргах хүн цөөн.

Харамсалтай нь сүүлийн үеийн томилгоонуудыг Төрийн албаны хуулийг зөрчиж хийх болов. Короногийн үеийн хууль гэдгийг үндэслэж томилж байгаа гэж ЗГХЭГ-ын хуулийн хэлтэсийн дарга Н.Мягмар мэдэгдэх болсон. Тэрээр өмнө төрийн машинаар хүүхдээ зөөж баригдаад өөрийнхөө мөн чанарыг ард түмэнд сөргөөр таниулсан нэгэн. Ийм сөрөг имижтэй хүн тайлбар хийхээр төрийн албаныхан ч, ард түмэн ч эгдүүцэж хүлээж авах нь ойлгомжтой. Хувь тавилангийн егөөдөл гэж энэ л байх. 

Үүний зэрэгцээ Төрийн нарийн бичгийн дарга, Агентлагийн дарга нарыг томилоод байхад Төрийн албаны зөвлөлийнхөн таг чимээгүй болчихсон. УИХ-аас томилогддог энэ байгууллагын удирдлага амраад явчихсан сурагтай. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 8 сарын 15 өдрөөс дарга нар нь ажилдаа орно гэж байгаа аж. Өөрөөр хэлбэл байхгүй хойгуур нь улс төрчид тэднийг тоолгүй хамаг томилгоогоо хийсэн болж таарав. Тэгэхээр ийм хүчгүй байгууллага байх хэрэг байна уу гэдэг асуудал урган гарч ирнэ. 

Уг нь төрийн албаны зөвлөлийг шинэ хуулиараа ихээхэн эрх мэдэлтэй болгосон. Тэд хуулийн хүрээнд ажиллаж төрийн албан хаагчидаа хамгаалах чадваргүй байна. Учир нь төрийн албаны хууль зөрчиж, сонгон шалгаруулалтгүй дарга нарыг томилж байхад огтхон ч дуугарахгүй байна. Үнэхээр төрийн албаны хууль түр хугацаанд үйлчлэхгүй болсон юм бол энэ тухайгаа өөрсдөө мэдэгдээд, хэсэг хугацаанд амрах хэрэгтэй. Гэтэл төрийн албаны зөвлөлийн гишүүдээс ганц нь ч ган хийхгүй байна. Энэ бол тэдний чадваргүйг л илтгэж байгаа хэрэг. 

Шинэ Засгийн газар Хууль зүй, Гадаад харилцаа, Боловсрол, шинжлэх ухаан, Соёл, Батлан хамгаалах гээд олон яамны төрийн нарийн бичгийн дарга, 10 орчим агентлагийн дарга нарыг сонгон шалгаруулалтгүй томилсон. Уг нь хуулиараа бол сонгон шалгаруулалт нээлттэй зарлах ёстой л доо. ЗГХЭГ-ын дарга Н.Мягмарын тайлбараар бол “короногийн үеийн түр томилгоо” гэв. Эндээс нэг логик харагдана. Короногийн үед ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг ажиллахаар болсон. Өөрөөр хэлбэл, нэг ангид ард түмний хүүхэд чихэлдээд сууцгаана. Үүнд короно хамаагүй, харин дарга нар нэг ангид хэдээрээ суугаад шалгалт өгөхөөр короно тусчих гээд байгаа бололтой. Ийм марзан тайлбарыг ЗГХЭГ-ын зүгээс хийж байна. 2016 оны томилгоог харахад нэг яамны төрийн нарийн бичгийн дарга дээр үсрээд 5 хүн л өрсөлдөж байсан. 5 хүн нэг ангид суугаад шалгалт өгөх гэхээр короно хуулиар болохгүй. 50 хүүхэд суугаад хичээллэхээр болно.

Энэ түр томилгоо коронагийн хуулийн үед үргэлжилнэ гээд байгаа. Харин корона хэр хугацаанд үргэлжлэх вэ? Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн мэдээллээс харвал бараг 3 жил үргэлжлэхээр байна. Өөрөөр хэлбэл, 3 жил дарга нар түр томилгоотой явж таарах нь. Энэ хугацаанд зарим нь хэд солигдоод, дараагийн сонгууль эхэлж байх үед л төрийн албаны хуулиа хэрэгжүүлэх юм байна л даа. Манай төрийн ажил нэг иймэрхүү.

Тэнэг жишээ халдвартай гэдэг. Нэгэнт төрийн албаны хамгийн өндөр албан тушаал болох Төрийн нарийн бичгийн дарга нарыг нь сонгон шалгаруулалтгүй короногийн хууль яриад томилчихсон юм чинь бусад төрийн албан хаагчдыг яах вэ? Короно хамаагүй гээд шалгалт авбал жинхэнээсээ онигоо болно. Дарга нарыг нь сонгон шалгаруулалтгүй томилчихоод доошоо мэргэжилтнүүдээс нь шалгалт авна гэвэл шившиг болно. Нөгөөдүүл нь ч гэсэн дарга нараа хүндлэхээ болино. Бид шалгалтаар томилогдож та короногоор томилогдсон гээд асуудал үүснэ. Дарга нарынх шиг шалгалтгүй яваад байдал төрийн алба бүхэлдээ замбараагүй байдалд хүрнэ. Ийм л нөхцөл байдал үүсч байхад Төрийн алба чимээгүй амраад л, найрлаад л байгаа бололтой.

Ямар ч байсан яамдаар явахад дарга нарыг сонгон шалгаруулалтгүй томилсон юм чинь мэргэжилтнүүдийг ч гэсэн сонгон шалгаруулалтгүй томилох ёстой гэсэн хандлага газар авчээ. Ийнхүү жигдэрч, цэгцэрч байсан төрийн албан короногийн үеийн хууль гэгчээс болоод бүхэлдээ дампуу байдалд хүрэхээр болов. Үйл явц ингэж өрнөж байхад чимээгүй байгаа төрийн албаны зөвлөл гэгч хэрэг байна уу? Тэд дарга нараас нь биш хөөрхий мэргэжилтнүүдээс л шалгалт авна гэж эр бяраа гаргах байх даа. Эсвэл короно дуустал хэнээс ч шалгалт авахгүй, дуртайгаа төрийн албандаа ав гээд орхих уу? Тиймээс дарга нарын өмнө атирч, мэргэжилтнүүдийн өмнө эрдэж яваа төрийн албаны зөвлөлийг татан буулгая гэсэн яриа төрийн жинхэнэ албан хаагчдын дунд гарах болжээ. 

 

Монголбанкнаас
Монголбанкнаас "Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд" аяныг зарлалаа
 
ЧУУЛГАН: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.