Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Царцсан төслүүдийг гараанаас гаргах найдвар “тасарч“ байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 33 секунд

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Эдгээрийн дотор сүүлийн 30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын реформыг цаг алдалгүй эхлүүлэх, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг эдийн засгийг тэлэх төслүүд багтаж буй. Жишээ нь, Тавантолгой ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС, Эгийн голын усан цахилгаан станц, газрын тос боловсруулах цогцолбор зэрэг багтаж буй. Гэвч эдгээр төсөл хөтөлбөрүүд нь үе үеийн төрийн эрхийг баригчид, улс төрчдийн амнаас мөнхийн уяатай ч ахиц гардаггүй төслүүдийн нэг.

Шаваа тавьж туузаа хайчилан төсвөөс багагүй зардал мөнгө зарцуулсан бүтээн байгуулалтууд өнөөдөр сураг алдраад удаж байна. Төлөвлөж, товлосон хугацаа нь хэдийнэ өнгөрсөн ч зарим нь ганц ширхэг хадаас ч хадсангүй.

Зарим бүтээн байгуулалт нь цаасан дээрээ "өтөлжээ". Ингээд үеийн үед амнаас ам дамжин яригдаж буй царцсан төсөл хөтөлбөрүүдийг танилцуулъя.

------------------------------

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫГ "63 ЖИЛ"-ИЙН ДАРАА АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Зуун дамжин яригдаж, жаран жил хүлээгдсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гараанаас хөдлөх сураг гараад удаж байна. Олон жил дуншиж буй энэхүү төслийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан бол хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтаж байна.

Тодруулбал, 2028 онд усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар багтаж, мега төслийн дөрөвт эрэмбэлэгдэж байгаа юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт 855.9 тэрбум төгрөг бөгөөд гадаадын зээлээр санхүүжиж буй. 2024 онд 256.8 тэрбум төгрөг бол 2025 онд 100 тэрбум төгрөг байна гэж тооцож буй.

Энэ оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Сангийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард улсын Экспорт-Импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар дээрх санхүүжилт шийдэгдсэн юм.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, улмаар 14 мега төсөлд багтаж буй олон жилийн настай “Эрдэнэбүрэнгийн” усан цахилгаан станцыг барьж байгуулах тухай худалч хүнд жил бүр ярьдаг ч тэгсгээд мартагддаг нь бичигдээгүй хууль болжээ.

Өнгөрөгч зун л барилга угсралтын ажил эхлэх сураг гарч байлаа.Одоо барилгын ажил хэр явцтай байгаа эсэх нь тодорхойгүй. Хамгийн сүүлд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “2023-2024 онд багтаагаад Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бэлтгэл ажлыг хангана. Хятадын ЭКСИМ /Экспорт-Импорт/ банк, Худалдааны яамнаас Төрийн зөвлөлдөө Эрдэнэбүрэнгийн УЦС-ын мэдээллийг хүргэж батлуулах ажил одоо явагдаж байгаа” гэж жил гаруйн өмнө /2023.03.19/ Засгийн газрын индрээс мэдэгдэж байлаа.

Мөн л Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх 3 жилийн өмнө Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үедээ “Ховд гол дээр байгуулах 90 мВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцын барилга угсралтын ажил эхэллээ” гэж зарлаж байлаа. Тодруулбал, Эрчим хүчний яамнаас гүйцэтгэгч “Пауэр Чайна” /PowerChine/ компанитай 2021 оны есдүгээр сард гэрээ байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр тооцсон. Өөрөөр хэлбэл, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байдаг.

Эрчим хүчний хараат бус байдлаас гарах стратегийн хувьд чурал ач холбогдолтой “Эрдэнэбүрэнгийн” усан цахилгаан станцыг тэрээ 1964 онд ЗХУ-ын Электросеть институт урьдчилсан судалгааг хийж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл ажил хэрэг болж чадсангүй. Өөрөөр хэлбэл, энэхүү цахилгаан станцын тухай яригдаж эхэлсэн цагаас хойш 63 жилийн дараа л ашиглалтад орох нь.

ЭХЭЛДЭГГҮЙ ЭГИЙН ГОЛЫГ БАРИХАД 3.7 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Эгийн гол дээр усан цахилгаан станц барих шийдвэр гаргасны 33 жилийн ой энэ онд тохиож, удахгүй 34 дэх жилтэйгээ золгоно. Харин үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 11 жил болж байна.

Анх 1991 онд Булган аймгийн Хутагт-Өндөр сумын нутагт Эгийн гол дээр 220 мВТ-ын хүчин чадалтай УЦС барих шийдвэрийг ЗГ гаргасан түүхтэй. Үүнээс хойш манай үе үеийн Засгийн газар "Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлнэ" хэмээн бодлогын баримт бичигтээ “уйгагүй” тусгаж иржээ.

“Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр (2018-2023)-т, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” гээд тусгахгүй бичиг баримт гэж үгүй. Тэр ч бүү хэл жил бүрийн Төсвийн тухай хуульд ч багтсаар яваа. Эгийн голын усан цахилгаан станц ТӨХХК 2020 оноос үйл ажиллагааны зардлаа улсын төсөвт тусгуулж эхэлжээ. Уг цахилгаан станц гацсан хамгийн том шалтгаан нь Байгаль нуурын эко системтэй холбоотой асуудал юм. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Францын компанийн хийсэн Эгийн голын УЦС-ын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг харсан ОХУ-ын Эрчим хүчний яам нь "Найрамдалт бус харилцаатай орноор үнэлгээ хийлгэмээргүй байна. Харин манай хоёр улсын дөрвөн яам дундаа ажлын хэсэг байгуулчихъя" гэж хойшлуулаад байгаа" гэж хэлжээ.

Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд нийт 3.7 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд 2032 онд хүртэл хэрэгжүүлэхээр тооцож байгаа юм. Товчхондоо эхэлдэггүй Эгийн голын усан цахилгаан станц нь бодит хувь нэмрээс илүү улсын эдийн засагт зардал болж тусахаас өөрөөр гавихгүй байгаа нь анхаарал татаж буй.

Хэрэв Эгийн голын усан цахилгаан станцыг барих төслийг гацаалгүй, ашиглалтад оруулбал дотоодын эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангаж, оргил ачааллын үед ОХУ-аас эрчим хүч өндөр үнээр импортолж амиа аргацаах шаардлагагүй болох юм. Ядахдаа л цахилгааны ачаалал эрс нэмэгдлээ гэхэд бүх нийтээрээ тэг зогсолт хийх вий гэх айдасгүй.

ТАВАНТОЛГОЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ТУХАЙ ЯРИАД 10 ГАРУЙ ЖИЛ ӨНГӨРӨВ

Засгийн гаэрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор Таванголгойн дулааны цахилгаан станц барих төслийг төрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зорилгоор "Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийг байгуулсан бөгөөд уг компанийн 30 хувийг “Эрдэнэс-Таванголгой” ХК-д эзэмшүүлэх эамаар хөрөнгө оруулах шийдвэр гаргасан байдаг. Уг төслийг 42 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан бөгөөд 808.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болж байв.

Монгол Улсын Засгийн газар, “Оюутолгой” ХХК-ийн хооронд 2020 оны зургадугаар сард байгуулсан Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай нэмэлт, өөрчлөлтийн гэрээний дагуу Тавантолгой дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр эхлүүлэхээр төлөвлөж байв. Шаардлагатай хөрөнгө оруулалтын 70 хувьд ногдох санхүүжилгийн эх үүсвэрийг 2021 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэсэн тохиолдолд хүлээсэн үүргээ хугацаанд нь биөлүүлж, улмаар 2024 онд багтаан Оюутолгой төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох боломж бүрдэнэ гэж танилцуулж байв.

Одоо энэ цахилгаан станцыг барих тухай яриад 10 гаруй жил өнгөрчээ.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр "Улс орны хөгжлийн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд саад тээг болж байгаа улс төржилтийг зогсооно. Ялангуяа “Тавантолгой” цахилгаан станцын тендер шалгаруулалттай холбоотой шүүхийн маргааныг нэн даруй цэгцэлж, бүтээн байгуулалтын ажлыг даруй эхлүүлнэ" гэдгийг онцолсон юм. Энэхүү төслийн нийт санхүүжилт нь

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР “ГАЦААНД” ОРООД 4 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ

Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг анх 2017 онд соёрхон баталсан байдаг. Гэвч түүнээс хойш үйлдвэр барих хөрөнгө оруулалт баригдаж эхлснээс хойш хөрөнгө оруулалтын хэмжээ 431.0 сая ам.доллараар нэмэгджээ.

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Тувааны тайлбарласнаар, Энэтхэг улсын 1.2 тэрбум ам.долларын зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэртэй болохоор төсөл 2019 оноос эхэлсэн. Гэвч дөрөвдүгээр багцын ажлыг эхлүүлэхэд 431 сая ам.доллараар санхүүжилт нэмэх ёстой болсон байна.

Энэ талаар хэлсэн үгэндээ “Цар тахлын дараа дэлхий даяар тоног төхөөрөмжийн үнэ өссөн. Үүнтэй холбогдуулан Энэтхэгийг ЭКСИМ банкнаас 431 сая ам.долларын зээлийг нэмж авах, гэрээг байгуулах, УИХ-аар соёрхон батлагдаж, тус төсөл зогсохгүй явах нөхцөл бүрдэнэ” гэх тайлбарыг өгч байлаа.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн нийт өртөг 2 тэрбум ам.доллар. Үүний 1.2 тэрбум ам.долларыг БНЭУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр шийдсэн юм. Төслийн хүрээнд тус үйлдвэрийг түүхий эдээр хангах 530 км урт дамжуулах хоолойн ажлыг БНХАУ-ын "Norinco International Cooperation" компани гүйцэтгэж байна.Энэ хоолойн зардал дангаараа 380 сая ам.доллар. Энэ төлбөрийг бид 100 хувь нүүрсээр төлж барагдуулна. Нийт төлбөрийн 90 хувийг нүүрсээр тооцуулах хүсэлтээ гүйцэтгэгч тал тавьсан ч манай талаас 100 хувь нүүрсээр буюу ЭТТ-н нүүрсээр төлөх санал тавьж, тохиролцоонд хүрчээ. Эдүгээ төслийн гүйцэтгэл 65 хувьтай байна. Стратегийн хувьд ач холбогдолтой ч эдийн засгийн хувьд бараг л ашиггүй гэж шүүмжлэл дагуулах болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг 6 жилийн өмнө тавьж байж.

Уг нь 2020 оноос үйлдвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүлж 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байлаа. Гэвч цар тахал, санхүүжилтийн асуудлаас үүдэн ажил сунжирч 2024 он, 2026 он хүртэл хойшилсон бол одоо ЗГ-ын 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдэж 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм.

Өөрөөр хэлбэл, стратегийн хувьд чухал ач холбогдолтой энэ төсөл төлөвлөснөөсөө дөрвөн жил хойшилж, цаасан дээр царцсан төслүүдийн араас бичигдэх боллоо.

ТЕНДЕР: Эрдэнэт үйлдвэр “өндөгний шар нь бага зэрэг харагдаж, уураг нь нягт гэрэлтэх“ 103 мянган ширхэг өндгийг 79 САЯ ТӨГРӨГӨӨР авна
ТЕНДЕР: Эрдэнэт үйлдвэр “өндөгний шар нь бага зэрэг харагдаж, уураг нь нягт гэрэлтэх“ 103 мянган ширхэг өндгийг 79 САЯ ТӨГРӨГӨӨР авна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.