Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг бүхий л шатанд ханган ажиллах эрхэм зорилгыг бид тээсээр өнөөдрийг хүрсэн. Тэр дундаа энэ чиглэлд тулгамдаж буй асуудлыг дагнан хариуцаж, түүнд парламент дотроос "хүч хаях" боломжтой чиг үүргийг Хүний эрхийн дэд хороо хэрэгжүүлдэг. Тодруулбал, эл дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцаж, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй байдаг.
Шинэ он гарахад долоо хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд байна. Тэгвэл улирч буй 2024 онд Хүний эрхийн дэд хороо ямар ажлууд дээр төвлөрч ажилласан бэ гэдэгт хариулт эрье.
-ТАНИЛЦ: Шинэ парламентын "ХҮНИЙ ЭРХИЙНХЭН"
126 гишүүнээс бүрдсэн шинэ парламентаас 10 гишүүн нь Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд багтаж байна. Мэргэжлийн хуульчид, олон улсын түвшинд хүний эрхийн бодлого төлөвлөлт чиглэлээр ажиллаж байсан туршлагатай гишүүд эл хороонд багтсан нь тун чухал. Хүний эрхийн дэд хороог УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд ахалж буй билээ.
-2024-2025 онд хүүхэд, цагдан хоригдож буй иргэд, шүүхээр цагаатгагдсан болон гадаадад амьдарч буй иргэд зэрэг 16 чиглэлд анхаарч ажиллахаар ТӨЛӨВЛӨВ-
Хүний эрхийн дэд хороо он гарсаар гурван удаа хуралджээ. Үүнээс шинэ парламент байгуулагдсанаас хойш буюу хүний эрхийн дэд хорооны шинэ бүтэц бий болсноос хойш үндсэн хоёр хуралдааныг явуулсан байдаг. Тухайлбал, 2024 оны долоодугаар сарын 30-нд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох хуулийн байгууллагуудаас мэдээллийг хаалттайгаар сонссон. Тодруулбал, цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож, улмаар эмнэлгийн тусламж авах явцдаа нас барсан иргэн О-гийн эрх чөлөөнд халдсан, эрүүдэн шүүсэн эсэх асуудлаар ХЭҮК, ХЗДЯ, ЦЕГ, ШШГГ, АТГ-ын дарга нар болон асуудал хариуцсан алба, хэлтсийн мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн юм. Ингэхдээ амь хохирогчийн хувийн эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж буй гэдэг утгаараа хуралдаан явц дундаа зарим асуудал дээр хаалттайгаар үргэлжилсэн байдаг. Хуралдааны явцад тухайн иргэний асуудлын цаана хууль хүчний байгууллагын ажилчдын хандлага, хүний эрхийн мэдрэмж цаашилбал мөрдөн шалгах ажиллагааны явцад алдаа мадаг, зөрчил дутагдал гарсан уу зэрэг өргөн хүрээнд асуудал хөндөгдсөн юм.
Мөн хуралдааны төгсгөлд гэрч, хохирогчийг хамгаалах шийдэл, бодлогоо улам боловсронгуй болгох шаардлага байгааг гишүүд дурдсан байдаг.
Харин УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсний дараагаар буюу аравдугаар сарын 29-нд хуралдахдаа 2024-2025 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө албан ёсоор баталсан юм. Тус төлөвлөгөөг боловсруулахдаа дэд хорооны дарга С.Эрдэнэболд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагааны талаар судалж, үе үеийн дарга нартай уулзаж, архивын баримтуудтай танилцаж, ХЭҮК-ын гишүүдтэй болон зарим байгууллагын удирдлагуудтай уулзалт хийсний үндсэн дээр ажлуудаа төлөвлөсөн гэдгийг онцолж байв.
Тухайн ажлын төлөвлөгөөнд хүүхдийн эрхийг хамгаалах, шүүхээр цагаатгагдсан иргэдийн талаарх судалгаа гаргаж, уулзах, гадаадад амьдарч буй монгол иргэдийн хүний эрхийн нөхцөл байдлын талаарх санал, дүгнэлт боловсруулах зэрэг 16 зорилтын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна.
Хүний эрхийн дэд хороо иргэдтэйгээ ойроос ажиллах нь тун чухал. Энэ хүрээнд дэд хорооны төлөөллүүд гурван ч удаагийн уулзалтыг иргэд болон ТББ-тай хийжээ. Үүнд, Эмнести интернэшнл, Баянгол дүүргийн жижиглэн худалдаа эрхлэгчид болон утааны асуудлаар жагссан иргэдийн төлөөлөлтэй уулзсан зэргийг онцлон нэрлэж болно.
-“Хүн төрөлхтний эсрэг гэмт гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенцийн төсөл”-ийг дэмжихэд Монгол Улсыг идэвх санаачилгатай ажиллахыг уриалав-
Эмнести Интернэшнлийн Олон улсын нарийн бичгийн дарга нарын газрын Бодлого, эрх зүйн газрын ахлах бодлогын зөвлөх Ян Эрик Ветцел 2024 оны 11-р сарын 5-8-ны хооронд Монгол Улсад айлчилсан юм. Энэ үеэрээ УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Хуульчдын Холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл нартай уулзаж, олон улсын гэрээ хэлэлцээрийн үе шатад Монгол Улсын манлайлан оролцдог уламжлалыг онцолж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Зургадугаар Хороогоор хэлэлцэж буй “Хүн төрөлхтний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенцийн төсөл”-ийг дэмжихэд Монгол Улс идэвхи санаачилгатай ажиллахыг уриалсан байдаг.
-Өлсгөлөн зарлаад байсан жижиглэн худалдаа эрхлэгчидтэй уулзав-
Удаах уулзалт Баянгол дүүргийн жижиглэн худалдаа эрхлэгчдээр үргэлжлэв. Тодруулбал, үзэл бодлоо илэрхийлж өлсгөлөн зарлаж байсан Баянгол дүүргийн худалдаа эрхлэгчдийн төлөөллийг Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Баасандоржийн хамт хүлээн авч уулзаад, тэдний санал гомдлыг хүлээн авсан юм.
-Агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд бодлогын түвшинд хамтран ажиллана-
Агаарын бохирдлын асуудал хурцаар хөндөгдөх болсон. Энэ байдлаас шалтгаалж төв талбайд зарим иргэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, эсэргүүцлээ илэрхийлж байв. Тодруулбал, хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд заналхийлж буй агаарын бохирдлын асуудлыг иргэд олон нийт хөндөж, улмаар уг асуудалд бодлогын түвшинд шийдвэрлэхэд хүний эрхийн дэд хороо хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар хувилбаруудыг хэлэлцсэн юм.
-Сэтгүүлч Ч.Өнөрцэцэгтэй уулзах хүсэлт гаргаж, хүний эрхийн нөхцөл байдал ямар байгаатай танилцав-
Үүнээс гадна тухайн дэд хороо хяналт хэрэгжүүлэх, хууль сурталчилах зэрэг зорилтын хүрээнд тодорхой эрх бүхий субкеът болон эрх нь хөндөгдөж буй хүмүүстэй уулзалтуудыг хийсээр байв. Үүний нэг нь Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгтэй уулзсан явдал. Тодруулбал,
Эл уулзалтыг хийхдээ, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хууль тогтоомжид заасны дагуу зохих зөвшөөрлийг авсан бөгөөд шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал хэрхэн байгаатай танилцсан байдаг. Дэд хорооны дарга С.Эрдэнэболд томилогдсоныхоо дараахан хорих 461-р ангийн ажиллагаатай танилцах үеэрээ Н.Өнөрцэцэгтэй уулзах хүсэлтийг тавьсан нь энэ юм. Ингэхдээ түүний шалгагдаж буй хэргээс илүүтэйгээр тэнд хүний эрхийн зөрчил байгаа эсэх, шүүгдэх явцдаа хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадаж байгаа эсэхэд шалгалт хийх зорилтыг тавьж ажиллав.
-Монгол Улсад нэн тулгамдаад буй хүний эрхийн зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар ХЭҮК-той санал зөвлөлдөв-
Мөн түүнчлэн хүний эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, хяналт тавих эрх бүхий гол субъект болох Хүний Эрхийн үндэсний комиссын өнөөгийн нөхцөл байдал, дэд хороотой ажлын уялдаа холбоог нь сайжруулах чиглэлд уулзаж, ярилцсан юм. Энэхүү ажил нь 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 19 зорилтын дагуу хийгдэж буй уулзалт болохыг албаныхан онцолж байв.
Энэ үеэрээ ажлын уялдаа холбоог сайжруулахад хоёр тал хэрхэн ажиллах талаар саналаа солилцсон. Түүнчлэн комиссын гишүүн тус бүрийн үйл ажиллагаатай танилцсан байдаг. Эл уулзалтад дэд хороог төлөөлж, дарга С.Эрдэнэболд болон дэд хорооны гишүүн Х.Баасанжаргал нар оролцож байв.
Уулзалтын үеэр нийгмийн тэгш бус байдал гүнзгийрч буй тул Засгийн газар, Улсын Их Хурал, Хүний эрхийн Үндэсний Комисс болон шийдвэр гаргах бүх түвшиндээ тэгш бус байдлыг бууруулахад анхаарах ёстой гэдгийг Д.Сүнжид дарга хэлж байв.
Ийнхүү Монгол Улсад нэн тулгамдаад буй хүний эрхийн зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдсөн юм.
-БИДНИЙ ЭРХ, БИДНИЙ ОРОЛЦОО-
Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран “Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөрийг зохион байгуулсан юм. Эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрт их, дээд сургуулийн 100 гаруй оюутан залуус Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, мэргэжилтэн, судлаачдаас хүний эрхийн талаарх ойлголтыг авч, хичээл сонсож суралцаж чадав.
Энэ үеэр УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд “Өнөөдөр бид чадах хэрээрээ хичээж, сайн сайханд хүрэхээр эрмэлзэж байна. Та нарын үед шинэ түвшинд хүрнэ, асуудлын зохицуулалт ч өөр байх нь лавтай. Та бүхэн эндээс сурсан мэдлэгтээ тулгуурлаад асуудлаа шийдэхийн тулд үргэлжлүүлэн эрэл хайгуул хийх болж байна” гэсэн юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!