UBN.mn сайт улиран одож буй 2024 онд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байгаа. Өнгөрсөн өдрүүдэд бид 2024 оны нөлөө бүхий 24 эрхмийг нэрлэж, улс төр болон урлаг соёлын салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэсэн. Харин өнөөдөр бид 2024 онд спортын салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ДЭЛХИЙД НЭРЭЭ ЦУУРАЙТУУЛЖ, МОНГОЛОО СУРТАЛЧИЛСАН ЖҮДОЧ Б.БААСАНХҮҮ
Спортын салбарын 2024 оны онцлох амжилтын эзэн бол Бавуудоржийн Баасанхүү. Тэрбээр, оны эхэнд улсын аварга болж гараагаа эхлүүлсэн. Улмаар азийн аварга, "Душанбе"-гийн гранд сламын аварга болсон. Ингээд өнгөрсөн тавдугаар сард ДАШТ-нээс алтан медаль хүртэж эх орныхоо алтан соёмбот далбайг өргөж, төрийн дууллаа эгшиглүүлсэн. Үүнээс ердөө хоёрхон сарын дараа хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон олимпын наадамд оролцож эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд финалдаж, олимпын мөнгөн медаль хүртсэн юм. Түүний энэ амжилтыг төр түмэн нь өндрөөр үнэлж, МУГТ цол хүртээсэн.
Мөн тэрбээр өөрийг нь амжилтад хөтөлсөн дасгалжуулагч багш М.Бундмаадаа автомашин бэлэглэсэн нь спортын салбарт бас нэгэн сайн жишгийг тогтоож чадсан онцлох үйл явдал болов.
Н.БАТСУУРЬ АРАВ ДАХЬ ДАРХАН АВАРГА БОЛЖ, ТҮҮХЭНД НЭРЭЭ МӨНХЛӨВ
Энэ оны спортын салбарын онцлох эрхмүүдийн нэг бол дархан аварга Намсрайжавын Батсуурь. Сүүлийн арван жилд дархан аварга цолтон мэндлээгүй байсныг Н.Батсуурь аварга тасалж, хүсэн хүлээсэн цолоо энэ жилийн наадмаар хүртсэн билээ. Түүний барилдаан, түрүүтэй холбоотой бөх сонирхогчдын олон янзын байр суурь байсан ч түүхэнд тэрбээр арав дахь дархан аварга хэмээн нэрээ мөнхөлж үлдээв.
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН НҮҮР ЦАРАЙ БОЛСОН “АЛТАН ОХИН” М.АНХЦЭЦЭГ ЗОДОГ ТАЙЛАХАА МЭДЭГДЭВ
Ард олноо "Алтан охин” хэмээн хүндлэгдсэн хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг Дэлхийн аваргаас 5 дахь медалиа хүртсэн нь энэ оны бас нэг бахдам амжилт байлаа. Тэрбээр хүндийн өргөлтийн спортын түүхэнд тодоор бичигдэх энэ гайхалтай амжилтынхаа араас зодог тайлж буйгаа зарласан юм. Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга, Ази тивийн аварга М.Анхцэцэг
- 2017 оны ДАШТ-ээс огцом өргөлтөөр хүрэл медаль
- 2019 оны ДАШТ –ээс огцом өргөлтөөр хүрэл медаль
- 2021 оны ДАШТ-ээс огцом, түлхэлттэй өргөлтийн нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж, ДЭЛХИЙН АВАРГА
- 2022 оны ДАШТ–ээс түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль
- 2024 оны ДАШТ-ээс огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн гээд олон олон бахдам амжилтын эзэн юм.
ЗААЛНЫ БАРИЛДААНД РЕКОРД ТОГТООСОН О.ХАНГАЙ АВАРГА ВОЛЕЙБОЛЫН ЗААЛАНД Ч ОНЦГОЙРЧ, ОХИНТОЙГОО ХАМТ ОЛНЫ ХАЙРЫГ ТАТЛАА
2024 онд бөхийн өргөөнд болсон заалны барилдааны түрүүгээрээ нийт бөхчүүдийн чансааг улсын аварга Оргихын Хангай тэргүүлж байна. Тэрбээр энэ онд заалны 14 барилдаанд зодоглохдоо наймд нь түрүүлж, нэг удаа үзүүрлэсэн амжилттайгаар заалны барилдаанд хамгийн олон түрүүлсэн бөхөөр нэрлэгдэж байгаа юм. Мөн тэрбээр энэ онд охинтойгоо хамт волейболын дээд лигийн бүх оддын тоглолтод оролцож, олны хайрыг татсан.
ПАРИСЫН ТЭНГЭРТ ТӨРИЙНХӨӨ ДАЛБААГ МАНДУУЛСАН ПАРАЛИМПЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ АВАРГА У.СҮРЭНЖАВ
Таеквондогийн тамирчин У.Сүрэнжав паралимпын анхны эмэгтэй аварга болж, бахархам амжилт гаргасан нь энэ оны бас нэгэн онцлох үйл явдал байлаа. Түүний энгэрт гялалзсан энэ медаль Монголын паралимпын түүхэнд бичигдэх 3 дахь АЛТАН медаль. Эмэгтэй төрөлдөө бол анхных нь. Түүнээс гадна Паралимпын наадмын аварга, Дэлхийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э. Содномпилжээ “Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадмаас мөнгөн медаль хүртснийг энд онцлох нь зүйтэй. Тэрбээр, зуны паралимпын наадмын алт, мөнгө, хүрэл медальтай Монголын анхны тамирчин болсон юм.
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадамд манай улсаас зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцож, нэг алт, гурван мөнгө, дөрвөн шагналт байрт орсон амжилтаараа 57 дугаар байрт жагсав.
ДЭЛХИЙД ГАРСАН МОНГОЛ ЛЕГИОНЕРУУД
Легионер тамирчин гэхээр гадаад тамирчид монголд ирдэг гэж ойлгодог цаг ард хоцорч, Монголын тамирчид олон улсын тавцанд гарах нь элбэг болсон. Энэ онд ч спортын төрлөөр олон тамирчид хилийн чанадад ур чадвараа гайхуулж байна. Тухайлбал, Т.Хангал, Б.Батсуурь тэргүүтэй волейболчид Арабын нэгдсэн Эмират улсын Дубайн нэгдүгээр лиг болон Тайванийн лигт уригдан тоглосон бол "Улаанбаатар Амазонс" багийн тоглогч Онолбаатарын Хулан Хятадын WCBA (Women's Chinese Basketball Association)-ийн "Wuhan Cranes" багт уригдан тоглож буй юм.
THE MONGOLZ БАГ ТҮҮХ БҮТЭЭЖ, ЦАХИМ СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГЫН ПЛЕЙ-ОФФТ ШАЛГАРСАН АЗИЙН АНХНЫ БАГ БОЛЛОО
The MongolZ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “Perfect word Shanghai Major-2024” тэмцээний шөвгийн наймд шалгарсан Азийн хамгийн анхны баг гэх түүхэн амжилтын эзэн боллоо. Монгол Улсын цахим спортын түүхийг бичилцэж буй тэдний хувьд аялал дөнгөж эхэлж байна. Олон тэмцээн, илүү их амжилт тэднийг хүлээж байгааг энд онцлох нь зүйтэй. Мөн тэд цахим спортыг сонирхдог олон мянган тамирчдад урам зориг өгч, зорилгынхоо төлөө тууштай тэмцэж чадвал амжилт ойрхон байдаг гэдгийг өөрсдийн биеэр батлан харуулж буй юм.
20 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ “ХАСЫН ХҮЛГҮҮД” ДЭЭД ЛИГТ НАЙМ ДАХИА ТҮРҮҮЛЭВ
Энэ онд 20 жилийнхээ ойг тэмдэглэж буй ХАСЫН ХҮЛГҮҮД багийнхан Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн 2023-2024 оны финалын цувралд өнгөрсөн жилийн дэд аварга “Бишрэлт металл”-ыг 4:1-ээр илүүрхэж, дээд лигт найм дахь удаагаа түрүүлсэн. Тэд өнгөрсөн 18 жилийн хугацаанд МСБХ-ны дээд лигийн аваргын алтан медалийг найман удаа, мөнгөн медалийг долоон удаа, хүрэл медалийг дөрвөн удаа хүртжээ. Товчхондоо 2006 оноос хойш оролцсон дээд лиг болгондоо медальт байранд шалгарч байсан гэсэн үг. Мөн тэд яг энэ цаг мөчид өрнөж буй 2024-2025 оны Үндэсний дээд лигийн тэмцээнийг 13 хожил 1 хожигдолтойгоор тэргүүлж байна.
ДЭЛХИЙД ТАНИГДСАН ИРЭЭДҮЙТЭЙ ЖҮДОЧ Т.АРИУНЗАЯА
Монгол Улсаас төрсөн анхны өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа энэ оны онцлох залуу тамирчин байлаа. Тэрбээр, Перу Улсын нийслэл Лима хотод болсон жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-д оролцож, 57 кг-ын жинд алтан медаль хүртэн, Монгол Улсын анхны өсвөрийн Дэлхийн аварга гэх түүхэн амжилтын эзэн болсон юм.
ИХЭР ОХИД ОЮУНЫ СПОРТЫН ОЛИМПЫН АВАРГА БОЛЛОО
Монгол хүүхдүүд оюуны олимпын аварга болсон тухай мэдээлэл цахим орчинд шуугиан тарьж, Монгол хүн бүр ихэр охидоор бахархаж, омогшсон нь энэ оны бас нэгэн онцлох үйл явдал байлаа. Тэд дөрвөн жилд нэг удаа болдог оюуны олимпод багаараа тэргүүлж, 38 медаль хүртэж, Гиннесийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!