Нью-Йорк хотноо 2023 оны 3 дугаар сарын 6-17-ны өдрүүдэд чуулж буй НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганы хүрээнд Бразил, Йордан, Кот д’Ивуар, Монгол, Саудын Араб, Украин, Чили улс “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендерийн тэгш байдлыг хангахад тулгарч буй сорилт, боломжууд” сэдвээр үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулав.
Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар 3 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын сайн дурын илтгэлийг танилцуулав.
Тэрээр манай улсын Засгийн газар Алсын хараа 2050 үзэл баримтлалын хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн 5 дугаар зорилт дахь “жендерийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх” чиглэлээр хууль эрх зүйн орчныг бэхжүүлж, хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулав. Тухайлбал, Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлан хэрэгжүүлснээр хөдөөгийн эмэгтэйчүүдийн онцлогийг хөдөлмөрийн харилцаа болон нийгмийн халамжийн тогтолцоонд тусган харгалздаг болсон төдийгүй малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхэлж буй бизнес, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн.
Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа ажлын байрыг эмэгтэйчүүдэд ээлтэй орчин байлгах, ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид байлгахын сацуу хүүхэд харах, асрах нөхцөл боломжийг сайжруулахад анхаарсныг тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газар КОВИД-19 цар тахлаас улбаалан нийгэм, эдийн засгийн салбарт гарсан сөрөг үр дагаврыг арилгах хүрээнд хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын хүртэж чаддаггүй байсан нийгэм, эдийн засаг, боловсролын үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход анхаарахын сацуу жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр иргэний нийгэм, донор орнууд болон НҮБ, түүний системийн байгууллагуудтай улам идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.