Малайз Улсад Монгол бүсгүй бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг 2006 онд гарч олон нийтийг цочирдуулж байсан. Хэрэг явдал болсноос хойш хэдийнээ 17 жилийн хугацаа өнгөрсөн ч хэрэг шийдэгдээгүй байна. Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу охиныг нь онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхийн тулд 17 жилийн турш уйгагүй явсны эцэст хоёр жилийн өмнө Малайзын Селангор мужийн Шах Алам хотын Дээд шүүх Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны гэр бүлд 5 сая малайз рингит буюу 1.1 сая ам.долларын нөхөн олговор олгох шийдвэр гаргасан байдаг. Эл үйл явдлын дараа Монголчуудын дийлэнх нь талийгаачийн ар гэрийнхнийг нөхөн төлбөрөө авсан гэж итгэн өнөөдрийг хүрсэн ч Малайзын Засгийн газар шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсанаар талийгаачийн ар гэрийнхэн нэг ч төгрөгийн нөхөн төлбөр авч чадаагүй байна. Бид энэ талаар Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуутай ярилцлаа.