Ардчилсан нам цаг үеийн асуудал болон хүүхдийн аюулгүй байдлын хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Хүүхэд хамгааллын асуудал дээр үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж онц байдал тогтоох хэмжээнд очсон байна. Сүүлийн үед хүүхэд алга болох, зам тээврийн осолд өртөж, хамгааллын байрууд дүүрэн байгаа нь ард иргэдийн сэтгэлийг шимшрүүлж байна. 2020 оноос хойш ажилласан ЗГ хүүхэд хамгааллын чиглэлээр нэг ч хуулийн төсөл өргөн бариагүй. 2012-2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар С.Эрдэнэ ажиллаж байсан. Сар бүр хүүхэд хамгаалал, ахмад настны хамгааллаар хуулиуд өргөн барьдаг байсан. Одоо яагаад хүүхдийн асуудлыг Засгийн газар хайхрахгүй байна вэ гэдэг асуултыг тавих нь зөв.
2021 онд миний бие хүүхэд хамгааллын хууль ЗГ-т өргөн барьсан. Энэ хуулийг УИХ хэлэлцэхдээ ЗГ хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулга оруулж ирэх гэж байгаа учраас түр хүлээж бай гэж хэлж байсан. Одоо гурван жил болж байна. ЗГ ийм л хариуцлагагүй байна. Гүйх нохойнд гүйхгүй нохой саад болно гэдэг шиг зүйл болж байна. Миний өргөн барьсан хуульд хүүхэд хамгааллын бүх орхигдсон асуудлыг тусгасан. Засгийн газар зөвхөн байшин барилга, хөшөө дурсгал, музей барьдаг. Үүнийг Ардчилсан нам удаа дараа шүүмжилж ирсэн. Төсөл батлагдаж байж хүүхэд хамгаалагддаг юм шүү" гэв.