УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 5 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Нэр дэвшигчийн сонсголтой холбогдуулан гаргасан уг дүгнэлт судлаачид, иргэний нийгмийн байгууллага, олны анхаарлын төвд байгаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Үндсэн хуулийн цэцийн 5 дугаар дүгнэлтийг хүлээж авч болохгүй гэдэгт хатуу байр суурьтай байна. Ер нь ҮХЦ даварсан байгууллага боллоо. Өнөөдөр ҮХЦ-ийн дарга нь өөрөө эрх зүйн чадамжгүй хүн. Эрх баригчдын захиалгыг авч түүнд шийдвэр гаргадаг байгууллага болчихсон. Ард түмний сонсох мэдэх асуудлыг олон нийтийн өмнө хамтран ярилцах л асуудал байгаа болохоос Ерөнхийлөгчийн эрх хэмжээнд нөлөөлж байгаа зүйл байхгүй. Энэ дүгнэлт нь ҮХЦ дураараа аашилдаг, дуртай үедээ улс төрчдийн гар хөл болдог гэдгээ баталсан дүгнэлт болж орж ирсэн. ҮХЦ өнгөрсөн хугацаанд хүний эрхийн талаар ярьж байсан тохиолдлыг бид сонсож байв уу. Сонгуулийн тогтолцоонд нөлөөлдөг, ямар хууль батлахад нөлөөлж байдаг. Бизнесийн захиалга авдаг. Эрх баригчидтайгаа нийлж ард түмний эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Үндсэн хуулийг цэцийг татан буулгавал яасан юм бэ. Дандаа улс төрийн шийдвэр гаргадаг. Тиймээс зарим эрх мэдлийг нь Дээд шүүх рүү өгөх хэрэгтэй. Монголын төрийг ҮХЦ-ийн 9 гишүүн базаж байна" гэлээ.