УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй есөн саналд санал хураалт явууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням уншиж танилцуулсан юм.
Хуулийн төслийн 6.1 дэх хэсгийн заалтад өөрчлөлт оруулахдаа Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна. Сургалтын үндсэн гадаад хэл нь Англи хэл байх бөгөөд эх хэлээрээ суралцах болон бусад хэл суралцах эрхийг үл хөндөнө гэсэн томьёоллоор санал хураахад УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 47 гишүүний 37 нь дэмжиж, 78.7 хувийн саналаар Англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заалт дэмжигдлээ.