Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

САЙДУУДЫН ХОМ: Л.Энх-Амгалангийн орлого 8 тэрбумаар буурч, Б.Жавхлан сайд байртай болж, Б.Чойжилсүрэн орон сууцгүй болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
22 минут 16 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж буй сайд нарын 2022 оны ХОМ-ийг өнгөрөгч оноос хэрхэн өөрчлөгдсөн талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

-Д.Амарбаясгалангийн өөрийн орлого 350 сая төгрөгөөр нэмэгдэж, 11 тэрбум 393 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй болжээ-

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2019 онд буюу НИТХ-ийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа ХОМ-ээ мэдүүлсэн байдаг. Үүнээс хойш буюу 2022 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдож өнгөрсөн оны ХОМ-ээ шинэчилэн гаргажээ. Түүний мэдүүлснээр Д.Амарбаясгалангийн өөрийн орлого 2019 онд 71 сая төгрөг байсан бол 2022 онд 421 сая буюу 350 сая төгрөгөөр нэмэгджээ. Харин гэр бүлийн орлого 22 саяас 14 сая төгрөг болж буурчээ. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 11 тэрбум 98 саяас 11 тэрбум 393 сая төгрөг болж өсчээ. Тодруулбал, тэрбээр хоёр орон сууц, хоёр үйлчилгээний байр, нэг үйлдвэрийн байр, нэг фермтэй байна. Харин авто зогсоол, хашаа байшин тус бүр нэгээр нэмэгдэж, нэг оффис ХОМ-ээс хасагджээ.

Өмнө 150 сая төгрөгөөр үнэлэгдэх Nissan Patrol машинтай байсан бол 120 сая төгрөгийн үнэлгээ бүхий Mercedes Benz автомашинтай болж өөрчлөгдсөн байна. Д.Амарбаясгалан нь нэг тэрбум 942 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай байсан бол энэ үнэлгээ нь 1 тэрбум 128 сая төгрөг болж буурчээ. 174 сая төгрөгийн хадгаламжтай байсан түүний хадгаламжийн үлдэгдэл 165 сая төгрөг болж буурсан байна. Харин 200 сая төгрөгийн үнэт эдлэл нь 230 сая буюу 30 сая төгрөгөөр нэмэгджээ. Мөн авлагын хэмжээ нь 47 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.

-Ч.Хүрэлбаатар сайдын өөрийн орлого нэг сая төгрөгөөр нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн хэмжээ 132 сая төгрөгөөр буурч, хадгаламжин дахь мөнгө 102 сая төгрөгөөр ӨСЧЭЭ-

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өөрийн орлого 2021 онд 42 сая төгрөг байсан бол 2022 онд 43 сая болж нэг сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Гэр бүлийн орлого нь 116 сая төгрөг. Тэрбээр өмнөх ХОМ-дээ 303 сая 500 мянган төгрөгөөр үнэлэгдэх 3 орон сууц, нэг зуслангийн байшинтай хэмээн мэдүүлж байсан бол шинэчилсэн ХОМ-ээр 171 сая 500 мянган төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй гэжээ. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 132 сая төгрөгөөр буурсан байна. Харин түүний дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламжин дахь үлдэгдэл 629 сая төгрөгөөс 731 сая төгрөг болж нэмэгдсэн байна.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын өөрийн орлого 86 сая төгрөгөөр нэмэгдэж, хадгаламжийн хэмжээ нь 4 тэрбум төгрөгөөр буурчээ-

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрийнх нь орлого 187 сая төгрөгөөс 273 сая төгрөг болж нэмэгджээ. Харин гэр бүлийн орлого нь өмнөх жилээсээ 120 сая төгрөгөөр буурч 264 сая төгрөг болсон байна. Тэрбээр 1 тэрбум 116 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 орон сууцтай. Түүний хувьд 1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх Lexus, 570- 1, Mercedes Benz, S350L- 1,Land Rover, Land Rover V1- 1 машинтай бөгөөд энэ нь өмнөх жилээсээ 470 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. 520 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай. 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Харин түүний хадгаламжин дахь мөнгө 6 тэрбум 466 сая байснаас 2 тэрбум 224 сая төгрөг болж буурчээ.

-Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн орлого 1 тэрбумаар нэмэгдэж, ямар ч үл хөдлөх хөрөнгөгүй болжээ

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн өөрийн орлого 1 тэрбум 500 сая төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, тэрбээр 2020 онд орлогоо 5 тэрбум 26 сая 880 мянган хэмээн мэдүүлж байсан бол 2021 онд 43 сая 69 мянган болон буурсан байдаг. Харин өнгөрөгч 2022 онд өөрийн орлогыг 1 тэрбум 543 сая гэж мэдүүлжээ. Мөн гэр бүлийн орлого нь 71 саяас 380 сая төгрөг болж өсчээ. 365 сая 960 мянган төгрөгийн орон сууцтай хэмээн мэдүүлж байсан тэрбээр 2022 оны ХОМ-тээ үл хөдлөх хөрөнгөгүй гэжээ. Мөн хадгаламжийн хэмжээ нь 404 саяас 259 сая төгрөг болж буурсан байна.

-Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын өөрийн орлого 494 мянган төгрөгөөр, гэр бүлийнх нь орлого 500 сая төгрөгөөр нэмэгджээ-

С.Бямбацогтын өөрийн орлого 474 мянган төгрөгөөр нэмэгдэж, 43 сая 543 мянган төгрөг болжээ. Харин гэр бүлийнх гишүүдийн орлого 501 сая төгрөгөөс 1 тэрбум 151 сая төгрөг болж өссөн байна. Тэрбээр 3 тэрбум 871 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. 200 сая төгрөгийн газартай. 249 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. Мөн хадгаламжийн хэмжээ 219 саяас 129 сая төгрөг болж буурсан байна. 4 тэрбум 964 сая төгрөгийн авлагатай.

-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын өөрийн орлого 200 саяар нэмэгдэж, гэр бүлийнх нь орлого 140 саяар буурч, 6 сая төгрөгийн зээлтэй болжээ-

Н.Учрал гишүүний өөрийн орлого 2021 онд 803 сая төгрөг байсан бол 2022 онд 1 тэрбум 45 сая төгрөг буюу 200 гаруй сая төгрөгөөр өссөн байна. Харин гэр бүлийнх нь орлого 196 сая 800 мянган төгрөг байснаас 56 сая төгрөг болж буурчээ. Тэрбээр 3 тэрбум 565 сая 490 мянган төгрөгийн үнэлгээ бүхий гурван нийтийн орон сууц, хоёр зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай. 885 сая төгрөгийн Mercedes Benz, G 500- 1, Lexus, 570- 1, Nissan, Tiida- 1 ,Mercedes Benz, S400- 1 машинтай. Энэ нь 2021 оны ХОМ-ээс 200 сая төгрөгөөр өссөн мэдээлэл юм. Түүний хувьд 1 тэрбум 664 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2022 онд 2 тэрбум болтлоо өсчээ. Түүнд 6 сая төгрөгийн зээл шинээр бүртгэгджээ. Авлагагүй.

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун 98 сая төгрөгийн 200 адуутай байсан бол 2022 онд 208 сая төгрөгөөр үнэлэгдэх 260 адуутай хэмээн мэдүүлжээ-

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны өөрийн орлого 2021 оноос 46 сая төгрөгөөр буурч 12 сая төгрөг болжээ. Мөн гэр бүлийн орлого 295 саяас 20 сая төгрөг болж буурчээ. Өөрөөр хэлбэл, 270 орчим сая төгрөгөөр буурсан гэсэн үг юм. Тэрбээр 2 тэрбум 400 сая төгрөгийн хашаа байшин, үйлчилгээний зориулалттай барилга, оффистой. Түүний хувьд өмнө 98 сая төгрөгөөр үнэлэгдэх 200 адуутай гэж байсан бол 2022 онд 208 сая төгрөгийн 260 адуутай хэмээн мэдүүлжээ. Х.Болорчулуун сайдын хадгаламж 1 тэрбум 330 сая 697 мянган төгрөгөөс 768 сая төгрөг болж буурчээ.

-Шадар сайд С.Амарсайханы орлого 36 сая төгрөгөөр нэмэгдэж, 2 тэрбум 999 сая төгрөгийн авлагаа аваагүй-

Шадар сайд С.Амарсайханы өөрийн орлого 46 саяас 82 сая төгрөг болж нэмэгджээ. Гэр бүлийн орлого нь 72 сая төгрөг. Тэрбээр 10 тэрбум 767 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 орон сууцтай. Түүний хувьд 107 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus, RX 350 загварын нэг автомашинтай бөгөөд өмнөх жилдээ 202 сая төгрөгийн автомашинтай хэмээн мэдүүлж байсан. 225 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжийн хэмжээ нь 96 саяас 53 сая төгрөг болж буурсан. 2 тэрбум 999 сая төгрөгийн авлагатай хэмээн мэдүүлж байсан нь хэвээр байна.

-Байргүй байсан Сангийн сайд Б.Жавхлан 1 тэрбум 350 сая төгрөгийн байртай болж, 404 сая төгрөгийн авлагаа авчээ-

Сангийн сайд Б.Жавхлангийн орлого 453 сая төгрөг. Харин гэр бүлийн нь орлого 48 сая төгрөг буюу 2021 оноос 20 гаруй сая төгрөгөөр буурчээ. 2021 онд үл хөдлөх хөрөнгөгүй хэмээн мэдүүлж байсан тэрбээр 2022 оны ХОМ-тээ 1 тэрбум 350 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай хэмээн мэдүүлжээ. 195 сая төгрөгийн туулах чадвар өндөр жийп машинтай. Мөн адуу-70, хурдан удмын адуу-60, хонь-800, үхэр-34 бүхий 621 сая төгрөгийн малтай. Тэрбээр өмнөх жилдээ 445 сая төгрөгийн малтай хэмээн мэдүүлж байсан буюу ийнхүү 176 сая төгрөгөөр нэмэгджээ. 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 1 сая 800 мянган төгрөгийн хадгаламжтай байсан тэрбээр 24 сая төгрөгийн хадгаламжтай болжээ. Өмнөх жилдээ 404 сая төгрөгийн авлагатай байсан бол 2022 онд авлагагүй хэмээн мэдүүлжээ. Мөн 123 сая төгрөгийн зээл нь хэвээр байна.

-Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнийн орлого 30 саяар нэмэгдэж, 60 сая төгрөгийн зээл нэмэгдэж, автомашингүй болжээ-

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нь өөрийн орлогоо 2021 онд 110 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд 90 сая хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 21 сая 600 мянган төгрөг аж. 450 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууцтай. 50 сая төгрөгийн Chrysler, Dodjedurango маркийн автомашинтай хэмээн мэдүүлж байсан тэрбээр 2022 оны ХОМ-тээ автомашингүй хэмээн мэдүүлсэн байна. 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий 400 метр квадрат газар өмчилдөг. Дотоодын банкин дахь 12 сая төгрөгийн хадгаламж нь 14 сая төгрөг болж өссөн. 95 сая төгрөгийн зээлтэй байсан тэрбээр 155 сая төгрөгийн зээлтэй болжээ.

-​​​​Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн орлого 8 тэрбумаар буурч, 4 тэрбумын авлагаа аваагүй байна-

БШУ-ны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн өөрийн жилийн орлого нь 2021 онд 8 тэрбум 744 сая төгрөг байсан бол 2022 онд 45 сая төгрөг болж буурчээ. Өөрөөр хэлбэл, түүний орлого 8 тэрбум 699 сая төгрөгөөр буурчээ. Мөн гэр бүлийн орлого нь 598 саяас 46 сая болж буурсан байна. Тэрбээр 4 тэрбум 462 сая төгрөгийн нэг амины орон сууц, хоёр нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай. 300 сая төгрөгийн автомашинтай. Газаргүй, малгүй. 11 сая төгрөгийн хадгаламжтай. 2021 онд мэдүүлж байсан 4 тэрбум 905 сая төгрөгийн авлагаа аваагүй байна. 244 сая төгрөгийн зээлтэй.

-ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын нийт орлого 12 сая төгрөгөөр нэмэгдэж, 37 сая төгрөгийн мал нэмж авчээ-​​​​

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2021 онд нийт орлогын хэмжээгээ 26 сая гэж мэдүүлсэн бол 2022 онд 38 сая төгрөг болж нэмэгджээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 2021 онд 24 сая төгрөг байсан бол 2022 онд 36 сая төгрөг болж мөн өссөн байна.

Тэрбээр 2021 онд 1 тэрбум 122 сая төгрөгийн нийтийн орон сууц 2, зуслангийн байшин 1, хоёр авто зогсоолтой хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд 1 тэрбум 43 сая төгрөг буюу 79 сая төгрөгөөр буурсан үл хөдлөх хөрөнгөтэй хэмээжээ. түүний үл хөдлөхийн жагсаалтаас нийтийн орон сууц, авто зогсоол тус бүр нэгээр хасагдсантай холбоотой аж. Мөн 2021 онд 182 сая төгрөгийн үнэлгээ бүхий туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200 маркийн автомашин- 1 ширхгийг мэдүүлсэн нь 2022 онд өөрчлөлт ороогүй байна. Тэрбээр 199 сая төгрөгийн малтай байсан бол 2022 онд хурдан удмын адуу-35, үхэр-21, ямаа-157, хонь-444, адуу-43 буюу 236 сая төгрөгийн малтай болжээ. 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий 480 метр квадрат газар эзэмшдэг. Дотоодын банкин дахь хадгаламжийн хэмжээ нэг сая төгрөгөөр нэмэгдэж 12 сая төгрөг болжээ.

-Соёлын сайд Ч.Номингийн жилийн орлого 100 саяар буурч, авлагын хэмжээ 1 тэрбумаар нэмэгджээ-

Соёлын сайд Ч.Номин нь нийт орлогын хэмжээгээ 2021 онд 235 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд 135 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь гурван тэрбум 785 сая төгрөг байснаас 548 сая төгрөг болж буурсан байна. Нийт 11 тэрбум 458 сая төгрөгийн үнэлгээ бүхий найман нийтийн орон сууц, гурван авто зогсоол, хоёр өвөлжөө, хаваржаатай. 1 тэрбум 124 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашинтай. 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.

Дотоодын банканд дөрвөн тэрбум 196 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2022 онд 1 тэрбум 975 сая 321 мянган төгрөгийн хадгаламжтай хэмээн өөрчлөлт оржээ. Мөн гадаадын гадаадын банканд нэг тэрбум 124 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2022 онд 887 сая төгрөг болж буурсан өөрчлөлт орсон байна. 9 тэрбум 300 сая төгрөгийн зээлтэй. 22 тэрбум 300 сая төгрөгийн авлагатай байснаас одоо 23 тэрбум 730 сая төгрөг болж нэмэгджээ.

-Б.Батцэцэг сайдын нийт орлого 421 саяас 50 сая төгрөг болж буурчээ-

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн орлого 421 саяас 50 сая төгрөг болж буурчээ. Мөн гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 145 сая төгрөгөөс 114 сая төгрөг болж буурсан байна. Тэрбээр 2021 онд 76 сая төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн орон сууц-1-ийг мэдүүлсэн нь 2022 онд өөрчлөлт ороогүй байна. 30 сая төгрөгийн үнэлгээ бүхий хурдан удмын 5 адуутай. 107 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Тэрбээр 726 сая төгрөгийн зээлтэй хэвээр байна. Хадгаламжин дахь мөнгөний хэмжээ нь 150 саяас 133 сая төгрөг болж буурчээ.

-Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын жилийн орлого 55 саяар, гэр бүлийн орлого 73 сая төгрөгөөр нэмэгджээ-

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нь 2021 онд 48 сая төгрөгийн нийт орлоготой хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд 103 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, түүний жилийн орлогын хэмжээ 55 сая төгрөгөөр нэмэгджээ. Мөн гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь өмнөх оноосоо 69 сая төгрөгөөр нэмэгдэж, 142 сая төгрөг болжээ. Тэрбээр 658 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай, нэг авто зогсоолтой. 155 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus, 570- 1, Lexus, RX 350 машинтай. 50 сая төгрөгөөр үнэлэгдэх газар, 45 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 2021 онд хадгаламжиндаа 19 сая төгрөгтэй байсан тэрбээр 2022 онд 35 сая төгрөгтэй хэмээн мэдүүлжээ.

-Б.Бат-Эрдэнийн өөрийн жилийн орлого 17 саяар нэмэгдэж, 103 сая төгрөгийн мал нэмэгджээ-

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нь 2021 онд өөрийн орлогоо 45 сая 770 мянган төгрөг гэж мэдүүлж байсан бол 2022 онд 62 сая төгрөг болж өсчээ. Харин гэр бүлийн орлогоо 21 сая 854 мянган төгрөг байснаас 19 сая болж буурчээ. Тэрбээр 385 сая 100 мянган төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттай нэг оффистой. 169 саяын автомашинтай.

Түүний хувьд 2021 онд 486 сая төгрөгийн үнэлгээ бүхий хонь-2150, Үхэр-53, Адуу-300 малтай байсан бол 2022 онд 589 сая төгрөгөөр үнэлэгдэх 2600 хонь, 72 үхэр, 328 адуутай гэжээ. Тэрбээр 74 сая 125 мянган төгрөгийн хадгаламжтай байсан бол 2022 онд 23 сая төгрөгийн хадгаламжтай болсон хэмээн мэдүүлжээ.

-Ж.Сүхбаатар сайдын гэр бүлийн орлого 0 болж, 390 саяын авлагаа аваагүй байна-

УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын хувьд 2021 онд өөрийн орлогоо 49 сая 669 мянган төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд 56 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Харин түүний гэр бүлийн орлого нь 75 сая төгрөг байснаас 2022 онд 0 төгрөг болжээ. 790 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц, нэг авто зогсоолтой байсан бол 2022 онд 840 сая төгрөг болж нэмэгджээ. Тэрбээр 120 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг Mercedes Benz E300 автомашинтай. Түүнчлэн 20 саяын газартай. Өмнөх жилдээ 26 саяын үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд 30 сая хэмээн мэдүүлсэн байна. Мөн тэрбээр 79 сая 858 мянган төгрөгийн хадгаламжтай байснаа 2022 онд 43 сая төгрөг болж буурчээ. 390 сая төгрөгийн авлагатай хэвээр байна.

-ХНХ-ийн сайд Х.Булгантуяагийн өөрийн болон гэр бүлийн орлогод өөрчлөлт ороогүй, 19 сая төгрөгөөр хадгаламж нь нэмэгдэж, 10 сая төгрөгийн авлагаа авчээ-

ХНХ-ийн сайд Х.Булгантуяагийн хувьд 2021 онд өөрийн жилийн нийт орлогоо 91 сая төгрөг хэмээн мэдүүлж байжээ. Харин 2022 онд орлогод өөрчлөлт ороогүй байна. Мөн гэр бүлийн орлогод өөрчлөлт ороогүй буюу 36 сая төгрөг хэвээр байна. Тэрбээр 560 сая төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. 45 сая төгрөгийн BMW, X-3- 1 автомашинтай. Үнэт эдлэлгүй. 2021 онд 106 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд 125 сая төгрөг болж нэмэгджээ. 10 сая төгрөгийн авлагатай байснаа авчээ.

Б.Энхбаяр: Наадам далимдуулж ЭЗХ-ийн яамнаас гадаадын иргэнд газраа 100 жил ашиглуулах Хуулийн хулгай орж ирлээ
Б.Энхбаяр: Наадам далимдуулж ЭЗХ-ийн яамнаас гадаадын иргэнд газраа 100 жил ашиглуулах Хуулийн хулгай орж ирлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.