Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй болгох тогтоол батлагдлаа. Тухайн сан дээр үүссэн асуудалтай холбогдуулан төрийн болон төрийн өмчийн хуулийн этгээдүүд боловсон хүчин бэлтгэх, сургах, тэтгэлэг, зээл тусламж өгөх асуудлыг шийдэх хэрэгтэй юм байна. Боловсролын зээлийн сангаас гадна Ашигт малтмал газрын тосны газар, ИНЕГ, Эрдэнэт үйлдвэр зэрэг байгууллагууд дээр тус тусдаа асуудлыг шийддэг байсан бол ЗГ-аас гаргаж буй тогтоолоор боловсон хүчнийг бэлтгэх сургалтын тэтгэлэг, зээл олголт БЗС-гаар дамжуулан явагддаг байх нь зүйтэй гэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор БШУ-ны сайдад нэг сарын хугацаатай үүрэг өгч, журмыг шинэчлэн баталж, сонгон шалгаруулалт явуулдаг системийг олон нийтэд ил болгох асуудал эцэслэн шийдвэрлэгдлээ. Энэ хүрээнд 2023 онд топ их, дээд сургуулиудад тэнцсэн хүүхдүүдэд олгох тэтгэлэг, түүний сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд тодотгол хийж, өнөөдөр батлагдаж буй системээр явуулах нь зүйтэй юм гэж үзэж байна" гэв.