Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардуулж баяр хүргэлээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
3 минут 10 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

"О.Ууганцэцэг: Эрүүл Монгол хүнийг бүтээх нь ирээдүйн баялгийн үндэс гэж боддог"

Энэ жил улсын хэмжээнд 10,785 ээж Алдарт эхийн одон хүртэж байгаагийн олонх нь 36 орчим насныхан байна.

Тэдний нэг төлөөлөл БГД-ийн 4-р хорооны иргэн, дөрвөн хүүхдийн ээж О.Ууганцэцэг юм. 2006 онд анхны хүүхдээ төрүүлсэн тэрбээр өнөөдөр хил манах хоёр хүүтэй. Гал манах хоёр охинтой өнөр өтгөн гэр бүл болсон тухайгаа ярьж "Дөрвөн сайхан үрийн минь буян заяа түшиж, төрийнхөө ивээл хишгээр өнөөдөр алдарт эх хэмээх хүндэт одонгоор энгэрээ мялаалгаж байгаадаа маш их баяртай байна. Сайн ээж, сайн хань байхын хамгийн том түшиг тулгуур бол ханилсан нөхөр, үр хүүхэд, халамжит ээж аавын минь буян гэж боддог. Би хүүхдүүдээ эх орондоо хайртай, ихийг хийж бүтээдэг, нийгэмд сайн сайхныг гэрэлтүүлэгч монголын ирээдүй болоосой гэж хүсэж, хүмүүжүүлдэг дээ" хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

"Н.Ариун-Эрдэнэ: Эх орноо манах дөрвөн хүү төрүүлснээрээ бахархдаг "

Харин дөрвөн хүү төрүүлж дархан бэр хэмээх алдар хүндийг хүртэж яваа ээж Н.Ариун-Эрдэнэ юм. Тэрбээр өнөөдөр Монгол улсын төрийн тэргүүнээс Алдарт эхийн II одонг гардан авлаа. Тэрбээр хэлэхдээ "Атгасан шагай шиг дөрвөн хүүгээ эрүүл саруул өгсөж, эх орондоо нэртэй, хүндтэй, сайн хүмүүс болгон хүмүүжүүлэхийг төлөө хичээж хөдөлмөрлөж явна" хэмээсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

  • Нийслэлийн 9 дүүргийн 4,696 ээж, үүнээс I зэргийн одонг 297, II зэргийн одонг 4,399,
  • 21 аймгийн 5,979 ээж, үүнээс I зэргийн одонг 471, II зэргийн одонг 5,508,
  • Гадаадын улс орнуудад оршин суугаа 110 ээж, үүнээс I зэргийн одонг 5, II зэргийн одонг 105 ээж хүртэж байна.

Төгсөлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Энэ дашрамд тэрбээр үр хүүхдээ зөв сэтгэлтэй, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн гавьяа зүтгэлийг Монгол төр алдаршуулж байгааг цохон тэмдэглэлээ.

ТАНИЛЦ: ИНЕГ-аас тэтгэлэг авсан ч төгсөөгүй 11 хүн
ТАНИЛЦ: ИНЕГ-аас тэтгэлэг авсан ч төгсөөгүй 11 хүн
 
МИАТ ТӨХК Сөүл чиглэлийн бүх нислэгийн энгийн ангиллын тийзэнд 20 хувийн хямдрал зарлалаа
МИАТ ТӨХК Сөүл чиглэлийн бүх нислэгийн энгийн ангиллын тийзэнд 20 хувийн хямдрал зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.