Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээр өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь долоон бүлэг, 46 зүйлтэй. Хуулийн төсөлд улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, бодлогын институт болгон төлөвшүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх, тэгш оролцоог хангах, намын дотоод ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн онцлох зохицуулалтууд багтсан хэмээн төсөл боловсруулагчид үздэг.
ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДСАНААР:
• Улс төрийн намуудын эрх зүйн орчин сайжирч, тэдгээрийн нийгэмд гүйцэтгэх үүрэг нэмэгдэх,
• Намууд цөөнх эсвэл хэсэг бүлгийн эрх ашгийн илэрхийлэл болсон явцуу бүлэглэл бус, улс орны нийтлэг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, нийгмийн өргөн давхаргын төлөөлөл бүхий бодлогын нам болох,
• Намууд нийгмийн өмнө үүрэг хүлээдэг, хариуцлагатай болсноор намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоог нэмэгдүүлэх,
• Намд олгох төрийн санхүүжилтийн хувь хэмжээ, зарцуулалтыг нарийн тогтоож, ил тод болгосноор намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшнийг бууруулах зэрэг эерэг үр дүн авчирна хэмээн үзэж буй юм.
Харин Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны гуравдугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Л.Мөнхбаатар, С.Одонтуяа, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл нар багтсан байдаг.
Тэгвэл Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаварыг арилгах, төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоо бүрдүүлэх, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлагыг харгалзан Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зэргээр Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг эргэн харж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүссэн тул төслийг боловсруулжээ.