Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг УИХ хэлэлцэж, ирц хангалтгүйн улмаас ирэх пүрэв гараг хүртэл хойшилсон. Дээрх хуулийг санаачилсан талаар 2-р сарын 27-нд ЕТГ-аас мэдээлсний дараа гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж эхэлсэн. Нэг хэсэг нь “Гишүүдийн хариуцлага, ёс зүйг сайжруулж, парламентын дархлааг сайжруулна” гэж үзэж буй бол нөгөө хэсэг нь эсрэгээрээ “Парламентын дархлааг сулруулж, өөрт таалагдахгүй улстөрчдөө нухчин дарж, улс төрийн зорилгоор ашиглах боломжтой хууль” гэх мэтээр эсэргүүцэж байгаа юм.
Уг хуулиар УИХ-ын тухай хуулийн 9 дүгээр зүйл буюу “Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох” гэсэн хэсгийн:
9.1.4-ийг “Үндсэн хуулийн цэц “Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэлт гаргаж УИХ-д танилцуулсан” гэж,
9.1.6-г “Жагсаалтаар сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага эсхүл эвслийг төлөөлөх байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа УИХ-ын даргад УИХ дахь нам, эвслийн бүлгээр уламжлан өргөн мэдүүлж, уг саналыг УИХ нээлттэй хэлэлцэн, илээр санал хураан гишүүний олонх дэмжсэн” гэж өөрчлөхөөр тусгажээ.
Мөн 9.2.1. Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан;
9.2.2.Ард түмний элчийн хувьд гишүүн нь төлөөлөх чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй;
9.2.3.Гишүүн нь хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлээгүй буюу Улсын Их Хурлын ээлжит чуулганы санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй;
9.2.4.Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн бол” гэж нэмэхээр тусгасан байна.
Тэгвэл өнгөрсөн нэг сар хагасын хугацаанд хэн хэн энэ хуулийг дэмжиж бас дэмжихгүйгээ илэрхийлсэн бэ. Өнөөдрийн байдлаар:
С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Н.Наранбаатар, Э.Бат-Амгалан, Т.Аубакир, Ж.Батжаргал, Ж.Баярмаа, С.Лүндэг, Дам.Цогтбаатар, Б.Энхбаяр, Э.Батшугар, У.Отгонбаяр, Б.Батбаатар, Ж.Бат-Эрдэнэ, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Б.Хэрлэн, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа, Д.Батлут, Б.Бат-Эрдэнэ, Д.Үүрийнтуяа, Д.Ганбат, О.Амгаланбаатар, Ж.Галбадрах, О.Алтангэрэл, М.Бадамсүрэн, Д.Бум-Очир, Т.Мөнхсайхан, Д.Рэгдэл, Р.Сэддорж нарын гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан болон сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр илэрхийлээд буй.
С.Бямбацогт /2026.04.07/
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2026.04.07/ хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, 66.7 хувийн саналаар дэмжсэн. Дэмжсэн гишүүдийн дунд УИХ-ын дарга С.Бямбацогтын нэр байсан юм.
Б.Пүрэвдорж /2026.04.10/
УИХ-ын чуулганы /2026.04.10/ хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, дэд дарга Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийлэхдээ "Ерөнхийлөгчийн хуулийг эсэргүүцээд байгаа хүмүүс "Би цаашид хариуцлагагүй байна, хулгай хийнэ" гэж бодоод байгаа юм уу, би ерөөсөө ойлгохгүй байна. Хуулийн хэлэлцэх эсэхийг нь дэмжчихээд парламентын дархлааг илүү сайн болгох зүйлсээ яриад явах нь зөв гэж үзэж байна" гэв.
Н.Наранбаатар /2026.04.08/
Тэрбээр Товч.мн сайтад өгсөн тодруулгадаа "Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хувьдаа дэмжиж байгаа. Яагаад гэвэл УИХ-ын гишүүдийн нэр хүнд маш их унаж байна. Өмнө нь орон нутагт УИХ-ын гишүүн ирэхээр зовлон жаргалаа ярьдаг, асуудлуудыг шийдээд явдаг байсан. Одоо очиход тэгэж хүлээж авах уу, үгүй юу. Хэцүү болсон шүү дээ. Тэгэхээр бидний нэр хүнд ингэтлээ унасан байна" гэжээ.
Э.Бат-Амгалан /2026.03.19/
Тэрбээр Record.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Би Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг 100 хувь байтугай 200 хувь дэмжиж байгаа. Ямар нэг ёс зүйн, хуулийн зөрчил гаргаагүй бол юунаас нь айгаад байгаа юм бэ. Тэр ч битгий хэл, хичээл тасалсан сургуулийн хүүхдэд арга хэмжээ тооцдог биз дээ. Дээрээсээ үлгэр дуурайлал үзүүлж байж улс орон чинь хөгжинө биз дээ" гэжээ.
Т.Аубакир /2026.03.24/
Тэрбээр сэтгүүлчдэд илэрхийлсэн байр суурийнхаа үеэр "Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжинэ. Хулгай хийж худлаа яриад, авлига албан тушаалын хэрэгт орчихоод УИХ-ын гишүүн гэсэн нэрний ард нуугдаад байж болохгүй" гэв.
Ж.Батжаргал /2026.04.07/
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2026.04.07/ хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, 66.7 хувийн саналаар дэмжсэн. Дэмжсэн гишүүдийн дунд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал багтаж байв.
Тэрбээр ТББХ-ны гишүүн бөгөөд 04-р сарын 07-ны хуралдааны санал хураалтад дэмжээгүйгээр тооцогдсон. Харин 04-р сарын 10-ны баасан гарагт сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө "Би үг хэлэхээр нэрээ өгсөн байсан боловч маш олон уулзалт давхцаад, түр нэг уулзалтад оролцоод гараад ирэх хооронд санал хураалт явагдсан байсан. Тийм учраас автоматаар татгалзсанд тооцогддог. УИХ-ын гишүүд өөрсдөө ёс зүйгүй байгаа нь үнэн. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэх нь зөв" гэжээ.
С.Лүндэг /2026.04.09/
Тэрбээр /2026.04.09/ mass.mn сайтад өгсөн тодруулгадаа Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа. Гишүүд ёс зүйтэй байх хэрэгтэй. Энэ хууль батлагдсанаар юу юугүй л гишүүдийг татах гээд, парламентын дархлааг унагах гээд байгаа юм биш" гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Б.Энхбаяр /2026.02.27/
Ерөнхийлөгч хууль санаачилсан талаар анх удаа ЕТГ-аас мэдээлэл хийсний дараа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр МАН-ын Бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт Үндсэн хуульд байсныг Ерөнхийлөгч амилуулж байна" гэж дэмжсэн байр сууриа илэрхийлж байв.
Э.Батшугар /2026.03.18/
Тэрбээр Newsroom.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Ямар нэг компанийн ажилтан ёс зүйн алдаа гаргахад халагддаг. Харин гишүүд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн бамбайн дор хариуцлага алдаж, ёс зүйн алдаа гаргах нь шударга бус. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт Үндсэн хууль дээр байгаа ч механизм байхгүй. Иймд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байгаа" гэжээ.
Б.Батбаатар /2026.04.07/
Тэрбээр ТББХ-гоор дээрх хуулийн төслийн санал хураалтад дэмжсэн санал өгсөн. Мөн үүнээс өмнө ч хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, өөрийн санаачлаад байсан хуулийн төслөө татаад байсан юм.
Ж.Бат-Эрдэнэ /2026.03.10/
Тэрбээр гуравдугаар сарын 10-ны өдөр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэхдээ "УИХ-ын гишүүн хуулийн болон ёс зүйн асуудал гаргасан бол хариуцлага тооцох ёстой. Үүнийг дэмжиж байна. Намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон гишүүдтэйгээ нам нь хариуцлага тооцох ёстой. Чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд суугаагүй, тасалсан бол хариуцлага тооцох ёстой гэдэг нь зөв" гэжээ.
Мөн үүнээс хойш дөрөвдүгээр сарын 7-ны ТББХ-ны хуралдаанд дэмжсэн санал өгсөн байна.
С.Зулпхар /2026.04.07/
Тэрбээр өмнө нь ч энэ хуулийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан бөгөөд дөрөвдүгээр сарын 7-ны ТББХ-ны хуралдааны үеэр "УИХ-ын гишүүн бол улс төрийн албан хаагч бөгөөд өндөр ёс зүйтэй байх шаардлагатай. Иймд УИХ-ын гишүүний ёс зүйн зарим тодорхой асуудлыг хуульчилж зохицуулах нь зүйтэй" гэжээ.
Ц.Идэрбат /2026.04.07/
Тэрбээр ТББХ-ны хуралдаанаар дэмжсэн санал өгсөн бөгөөд мөн өдөр сэтгүүлчэд байр сууриа илэрхийлэхдээ "Агуулгын хувьд энэ хуулийг дэмжиж байгаа. Гишүүд хуралдаа суудаг хариуцлагатай байх ёстой гэдэг дээр миний хувьд санал нэг байгаа" гэжээ.
Ц.Сандаг-Очир /2026.04.10/
Тэрбээр өмнө нь ч дэмжиж буйгаа сэтгүүлчдэд илэрхийлж байсан бөгөөд дөрөвдүгээр сарын 10-нд өгсөн яриандаа "Гишүүд ёс зүйгүй, хариуцлагагүй байгааг олон нийт шүүмжилж байна. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг иргэд нийтээрээ дэмжиж байна. Гишүүдийн бүрэн эрхийг хааж боосон, парламентын дархлаанд нөлөөлөх хууль гэж харахаас илүү засаж залруулах эрх гишүүдэд байгааг бодмоор байна" гэжээ.
Б.Бат-Эрдэнэ /2026.03.17/
Тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа дээрх хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан. Мөн дөрөвдүгээр сарын 7-ны ТББХ-ны хуралдааны санал хураалтад дэмжсэн санал өгсөн байдаг.
О.Алтангэрэл /2026.03.05/
Тэрбээр гуравдугаар сарын 5-нд сэтгүүлчдэд байр суурь илэрхийлэхдээ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг батлах нь зөв. Ёс зүйн асуудлыг сануулж, цалингийн 20 хувиар торгоод ёс зүйд нөлөөлж байгаа эсэх нь эргэлзээтэй" гэжээ.
Гэхдээ эдгээр гишүүдийн байр суурь санал хураалт хүртэл өөрчлөгдөх магадлал тун өндөр. Ялангуяа, МАН-ын бүлгийн гишүүдээс намын дарга нь "Ерөнхийлөгчийн хуулийг дэмжихийг" хүсэж, намынхаа хагарлыг нуух гэж оролдсон. Мөн АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөлөөс "Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийг дэмжихгүй" гэсэн шийдвэрийг өчигдөр гаргасан. Тэгвэл дээрх гишүүд пүрэв гарагийн санал хураалтад цэвэр өөрийн итгэл үнэмшил, байр сууриа хадгалж оролцож чадах эсэхийг харах үлдээд байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!