БАЙР СУУРЬ: Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийн талаар ТОЙРГИЙН болон ЖАГСААЛТЫН ГИШҮҮД юу хэлэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 29 секунд

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" утга бүхий хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалтыг пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар явуулна. Бид өмнө нь хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлсэн гишүүдийг танилцуулсан бол энэ удаад жагсаалтаар болон анх удаа сонгогдсон, мөн тойргоос сонгогдсон гишүүдийн байр суурийг онцолж байна.

ЖАГСААЛТААР БОЛОН АНХ УДАА СОНГОГДСОН ГИШҮҮД:

Х.Баасанжаргал: Ардчилал нуран унаж буйг бүгд нүдээрээ харж байна. Бүгд хүлээн зөвшөөрье. Төрийн эрх мэдлийг чимх, чимхээр нь сулруулдаг. Үүнд Монгол Улсын ҮАБЗ тэр чигээрээ оролцож байгаад үнэхээр харамсаж байна

О.Номинчимэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн зарим хэсэгтэй санал нийлж, зарим хэсэгтэй нь санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ хариуцлагын тогтолцоог хийхдээ гуя дагаж хүзүү гэдэг шиг хандаж болохгүй ээ. Ард түмний мандатыг тодорхой бус шалгуураар Үндсэн Хуулийн Цэц хүчингүй болгоод байж болохгүй.

Үнэхээр парламентын дархлааг сайжруулж, гишүүдээ хариуцлагатай байлгах гэж байгаа бол улс төрийн намуудыг хариуцлагажуулах, дотоод ардчилал, манлайллыг нь нэмэгдүүлэх дээр алхам хийх ёстой. Сонгуулийг мөнгөний хүчин зүйлээс салгах шаардлагатай. Нэр дэвшиж, сонгогдоод орж ирж байгаа гишүүд нь үүргээ ухамсарладаг, ёс зүй, ёс суртахууны хэмжээгээ мэдэрдэг хүмүүс байх ёстой. Ингэж байж ард түмэн УИХ-ын гишүүдэд улс төрийн хариуцлагыг нь тооцох зөв механизм бүрдэнэ.

Асуудалд тэр энэ нам, бүлэглэл гэж хандсангүй. Хуулийн зарчмаа барьж хандаж байна. Зарчим зөв бол дэмжээд, шийдэл нь залхуу, углуургаар нь харж чадаагүй тохиолдолд шүүмжилсээр байх болно.

М.Энхцэцэг: Монгол Улсын парламент Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн болон олонх болсон намын даргын буюу ердөө 10-хан хүний гарт оруулах доорх заалттай хуулийг дэмжихгүй

9.1.4 Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар гишүүн Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргаж, УИХ-д танилцуулсан;

9.1.6 Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага эсхүл эвслийг төлөөлөх байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа УИХ-ын даргад УИХ дахь нам, эвслийн бүлгээр уламжлан өргөн мэдүүлж, УИХ нээлттэй хэлэлцэж, илээр санал хурааж, гишүүдийн олонх дэмжсэн;

9.4 Энэ зүйлийн 9.1.6-д заасан үндэслэлтэй холбоотой иргэний гомдлыг УИХ-ын ёс зүйн дэд хороо урьдчилан хянаж үзэж, үндэслэл бүхий гэж үзвэл дэд хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, илээр санал хураан УИХ-ын гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

УЛС ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛ

Улс орны тусгаар тогтнолоо хамгаална гэдэг нь парламентын халдашгүй байдал, бүрэн эрхийг хамгаалах явдал юм.

Парламентын халдашгүй байдал, бүрэн эрх гэдэг нь гишүүд хэнээс ч айж эмээлгүй үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, ард түмний нэрийн өмнөөс улс орны хувь заяатай холбоотой шийдвэрийг хараат бусаар бие даан гаргах баталгаа юм.

Парламент л улс орны тусгаар тогтнол, газар нутаг, засаглал, эдийн засгийн асуудлуудыг ард түмний өмнөөс эцэслэн шийдвэрлэдэг.

Дэлхийн дэг журам өөрчлөгдөж, ардчилал, эрх чөлөө сорилтод орж буй энэ цаг үед хүчирхэг гүрнүүдийн дунд оршдог манай улсын хувьд тусгаар тогтнол, ардчиллын цорын ганц баталгаа бол парламентын засаглал юм.

А.Ариунзаяа: Намын мөрийн хөтөлбөрт гишүүдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, иргэд, сонгогчдын саналаар эгүүлэн татах эрх зүйн орчныг сайжруулна гэж бий

Миний хувьд ирц, сахилга хариуцлага нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа. Яагаад жагсаалтын гишүүдийг онцлон ёс зүй нэхэж, мөн намын байгууллагаас татах санал гаргах эрхтэй байх тухай асуулт асууж, хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Байнгын хороон дээр дэмжин санал өгсөн.

Ажлын хэсэг дээр засах боломжтой байх болов уу гэж үзсэн хэрэг...

Харин одоо хэлэлцүүлгийн явцад болон, мөн УИХ-ын даргатай албан бус байдлаар санал солилцсоны үндсэн Үндсэн хуулиар гишүүдийн бүрэн эрх хамгаалагдаж, мөн эгүүлэн татах заалтууд тов тодорхой байхад эгүүлэн татах үндэслэлийг өргөжүүлж байгаа нь хожим ҮХ-ийн зөрчил үүсгэх магадлалтай юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Сахилга, хариуцлага дээшлүүлэх асуудлыг УИХ-ын дэгийн тухай хуулиар зохицуулья. ҮХ-ийг зөрчихгүй байя гэж маргааш татгалзсан санал өгнө. Энэ нь Сахилга, хариуцлагаас ухарсан асуудал биш юм шүү.

Г.Лувсанжамц: Монгол Улсын төрийг сонгох эрх танд бий. Сонгохгүй байх эрх ч танд бий

Харамсалтай нь өнөөдөр чуулганаар хэлэлцэх “Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох” санал хураалт энэ эрхийг та биднээс авч, цөөн хэдэн хүнд өгөхөөр байгаа тул хуулийн төслийг би дэмжихгүй. Ийм агуулгатай хуулийг хэлэлцэх эрх надад ч, УИХ-д ч байхгүй.

Хэрэв энэ хууль батлагдвал ард түмнээс сонгогддог ардчилсан засаглал Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн болон сонгуулиар олонх болсон намын дарга буюу ердөө аравхан хүний гарт орно.

Түмнээ төлөөлж, төрөө түшиж байгаа хүн тангарагтаа үнэнч байж, ёс зүйтэй байх ёстой. Байж чадахгүй бол та түүнийг дахин сонгохгүй байхад болно. Энэ эрх зөвхөн танд байх ёстой. Өөр хэнд ч энэ эрх байх ёсгүй.

Улстөрч ирнэ. Улстөрч явна. Монголын ардчилал мөнх оршино.

Ганзоригийн Лувсанжамц би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ гэж тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.

Хуулийн төсөлд доорх гурван заалт байгаа нь миний дэмжихгүй шалтгаан болно:

9.1.4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар гишүүн Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулсан;

9.1.6. Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага эсхүл эвслийг төлөөлөх байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээр уламжлан өргөн мэдүүлж, Улсын Их Хурал нээлттэй хэлэлцэн, илээр санал хурааж гишүүдийн олонх дэмжсэн;

9.4. Энэ зүйлийн 9.1.6-д заасан үндэслэлтэй холбоотой иргэний гомдлыг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо урьдчилан хянан үзэж, үндэслэл бүхий гэж үзвэл дэд хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, илээр санал хураан Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

ТОЙРГООС СОНГОГДСОН:

Б.Пүрэвдорж: Ерөнхийлөгчийн хуулийг эсэргүүцээд байгаа хүмүүс "Би цаашид хариуцлагагүй байна, хулгай хийнэ" гэж бодоод байгаа юм уу, би ерөөсөө ойлгохгүй байна

Э.Бат-Амгалан: Би Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг 100 хувь байтугай 200 хувь дэмжиж байгаа. Ямар нэг ёс зүйн, хуулийн зөрчил гаргаагүй бол юунаас нь айгаад байгаа юм бэ. Тэр ч битгий хэл, хичээл тасалсан сургуулийн хүүхдэд арга хэмжээ тооцдог биз дээ. Дээрээсээ үлгэр дуурайлал үзүүлж байж улс орон чинь хөгжинө биз дээ

Ж.Золжаргал: Парламентын гишүүдийн амыг хамхиж, даргын үгнээс гардаггүй амьгүй албат болгох эвгүй хууль орж ирж байна даа

Жагсаалтын гишүүн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл нам нь эгүүлэн татах санал гаргаад чуулганд оруулж санал хураалгана. Хэн нэгэн иргэн гомдол гаргавал тухайн гишүүний асуудлыг хэлэлцээд чуулганд оруулж санал хураалгаад эгүүлэн татна. Олонхоо багцлаад “намын бодлогоор” хага базчихсан нөхцөлд дуртай гишүүнээ зохиомлоор татах нөхцөл бүрдэх нь.

Ёс зүй гэдгийг нам шийддэг юм уу. Тэгээд тэр шалгуураар нь УИХ дахь олонхын эрх ашигт нийцэж байвал хэнийг ч эгүүлэн татчихна. Шударга ёсны дагуу биш олонход таалагдахгүй бол татах эрсдэл бий болно. Энэ Монголд хэрэгтэй зүйл үү. Хүний дургүй хүргэсэн ганц нэг гишүүдэд хариуцлага тооцох гэж улайраад парламентаа нухах өөрчлөлт оруулах нь уу.

Үндсэн хуульд заасны дагуу эгүүлэн татах хариуцлага тооцох өөрчлөлтийг хийж болно. Хэлэлцэх хугацаанд хязгаар тавих, дэгийг тодорхой болгох зэргээр. Гэтэл тэгэхийн оронд “дуу гардаг” гишүүнийг тавилттайгаар эгүүлэн татах эрсдэлийг бий болгож байгааг ойлгохгүй байна. Илэрхий эрсдэлтэй байна.

Ц.Сандаг-Очир: Гишүүд ёс зүйгүй, хариуцлагагүй байгааг олон нийт шүүмжилж байна. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг иргэд нийтээрээ дэмжиж байна. Гишүүдийн бүрэн эрхийг хааж боосон, парламентын дархлаанд нөлөөлөх хууль гэж харахаас илүү засаж залруулах эрх гишүүдэд байгааг бодмоор байна.

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгчид таалагдвал ёс зүйтэй, таалагдахгүй бол ёс зүйгүй гэдэг асуудал яваандаа үүсэх нь

Тэрбээр анх "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Таван намтай парламент өнөөдөр дараа дараагийн сорилтыг даван туулах геополитикийн том нүргээний өмнө байгаа. Тиймээс ийм зүйл дээр парламент өөрийнхөө дархлааг харуулах ёстой. Энэ бол Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, ардчиллын асуудал шүү. Энэ бол хэн нэгэн хүнд таалагдах, таалагдахгүйн тухай буюу өнөөдрийн сенсаци биш. Тийм учраас туйлын нухацтай хандах ёстой л гэж би бодож байгаа юм. Тэр ч утгаараа хувь хүнийхээ хувьд дэмжихгүй" гэсэн байр суурийг илэрхийлж байсан.

Мөн үүнээс хойш ТББХ-ны хуралдааны үеэр "Ерөнхийлөгчид таалагдвал ёс зүйтэй, таалагдахгүй бол ёс зүйгүй гэдэг асуудал яваандаа үүсэх нь" гэж байв.

Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлж, худалдан борлуулдаг 6 гэмт бүлэглэлийг илрүүлжээ
Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлж, худалдан борлуулдаг 6 гэмт бүлэглэлийг илрүүлжээ
 
Хорнетс хожил байгуулж Миайми Хит багийн улирал дууслаа
Хорнетс хожил байгуулж Миайми Хит багийн улирал дууслаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!