О.Цогтгэрэл: АН ялахад биш, ялчхаад засаглахад бэлдэх ёстой

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
39 минут 36 секунд

NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн ээлжит дугаарт УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл оролцлоо.

-Өнгөрсөн 7 хоногт болох ёстой байсан шийдвэрүүд зарим нь урьдчилсан байдлаар гарлаа гэж ойлгож болох уу?

-Зөвхөн тоймилгоо биш. Дотоод процесс, гол бүтцийн байгууллага байгуулаад дуусаж байна. Ардчилсан нам миний хувьд томоохон өөрчлөлтийн боломж гэж харж байна. Энэ хуулийн зүйл заалтыг ашиглаж Ардчилсан намын дотоодод шинэчлэх ёстой зүйлээ шинэчилнэ. Намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилж байна. Манай нам дүрмээ шинэчлэхдээ өргөн хэмжээний өөрчлөлт хийсэн. Цаг хугацаатай, нарийн зүйл заалттай болсон. Энэ хүрээнд Улс төрийн зөвлөл С.Баярцогтыг томилсон. Ардчилсан намын дотоод ажил цэгцрээд, засаглалаа зохион байгууллаа.

-Өнгөрсөн 2-3 сар танай намын хувьд дотоод сонгууль өрнүүлсэн сар байлаа. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд О.Цогтгэрэл гишүүний байр суурь? Та дэмжиж байна уу, дэмжихгүй байна уу. Яагаад?

-Энэ хуулийн төслийг анхнаасаа дэмжихгүй байгаа. Би дэмжихгүй байсан мөртлөө олны өмнө гараад ярихаар намын байр суурь гараагүй байсан учраас шууд хэлэх зохисгүй байсан. Ардчилсан намын бүлгийн олонхын саналаар “Энэ хуулийг дэмжихгүй байх нь зүйтэй” гэсэн байр суурь гаргасан. Ард иргэд “УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой” гэдэг байр суурьтай байгааг ойлгож байна. Гэхдээ зарчим хаана байна вэ гэдэг асуудал үүний цаана байна.

Ард иргэдийн хүсээд байгаа хүсэл бол УИХ гишүүд, төрийн албан тушаалтанд өндөр хариуцлага тооцох ёстой. Гэхдээ “Жоомоо шатаах гэж байгаад, гэрээ шатаав” гэдэг үлгэр энэнд багадам. Үүний цаана жоомоо шатаах гэж байгаад тосгоноо шатаачих вий, бүхэл бүтэн инститүц нураах вий.

Ард түмний хүсэл гэдэг нэрийн доор ард түмний эрхэнд буцаж халдах гэж байна. Ард түмэн төрөө байгуулсан. 4 жилийн мандат өгсөн. Шаардлагатай хууль эрхзүйн хүрээнд эрүүгийн хариуцлага тооцох эрх нь нээлттэй бий. Гэтэл ёс зүй гэдэг хэмжих хэцүү, хуульчлахад хэцүү үзүүлэлтээр хариуцлага тооцно.

Шүүхийн байгууллага, Үндсэн хуулийн цэц өөрөө бүрэн дүүрэн эрхтэй. Гэхдээ шүүх, цэц шийдвэрээ гаргаад УИХ-д хүргүүлснээр гишүүний бүрэн эрх дуусгавар болж байгаа юм. Үндсэн хуулийн үндсэн санаа өөрөө энэ бүх зүйл байхгүй буюу улстөрийн шүүх байгуулаад, улс төрийн шүүх байгууллага нь жинхэнээсээ төрийн эрх мэдлийг булааж авах үйл явц болчих вий. Тулгуур баганаа хөрөөдсөн асар хортой зүйл болохоос санаа зовно. Манай Ардчилсан намын бүлгийн олонх гишүүн дэмжсэнд баярлаж байна.

-Та хувьдаа дэмжихгүй байгаа юм байна. Гэвч танай намын бүлэг 2 одтой шийдвэр гаргасан. Танай нам яагаад нэгдсэн дүгнэлтэд хүрэхгүй байна. Уг нь хамгийн түрүүн хүрчихсэн байх ёстой?

-Ардчилсан намын бүлэг өнгөрсөн 2 жилийн хугацаанд нэгдмэл шийдвэр гаргаад ажиллаж байгаа. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг огцруулах дээр ердийн олонхоор гаргасан шийдвэр. Энэ бол бүлгийн байр суурь. Гэхдээ гишүүд итгэл үнэмшлээрээ зөвшөөрнө гэдэг байр суурь гаргахад манай гишүүд бүгдээрээ тэр шийдвэрийг дагасан. Тэр байтугай хамтарсан Засгийн газрын 8 сайд шийдвэр дагаад, УИХ-ын танхимыг орхиж гарсан. Сүүлд 3 одтой гэж хэлдэг 2\3 нь гаргасан “УИХ-ын дарга намын дарга байж болохгүй” гэдэг шийдвэрийг 100 хувь биелүүлсэн. Манай 42 гишүүнээс 25 гишүүн энэ шийдвэрийг дэмжиж, ердийн олонхоор шийдвэр гарсан.

-УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлыг цэц дүгнэлт гаргаад оруулж ирнэ гэж байна. Та энэ парламентад 2 сонгогдсон хүн. Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллгаанд хэр итгэлтэй явдаг хүн бэ?

Үндсэн хуулийн цэц, шүүхийн байгууллага хүндэтгэлтэй ханддаг. Олон нийтээрээ шүүхэд итгэж байна уу гэж асуувал өөр дүн гарч ирнэ. Улс төрөөс ангид, хараат бус байж чадаж байна уу гэвэл үнэхээр эргэлзээтэй. Эргэлзээтэй гэдэг би итгэхгүй байна гэсэн үг.

-Өнгөрсөн намрын үйл явцын ард. Олон гишүүн, нөгөө намын 2 тал болоод маргалдаж байгаа хүмүүс Үндсэн хуулийн цэцэд итгэхгүй байна. Улс төрийн зорилготой болчихлоо гэдэг зүйл хэлсэн.

Намын жагсаалтаар сонгогдсон гишүүнийг буцаан татах энэ заалт намын дарга хүнд таалагдах байх. Та юу гэж бодож байна вэ?

-Үндсэн хуулийн үзэл санаанд жагсаалт, тойргийн гишүүн гэсэн ялгаа байхгүй. Тэгэхээр УИХ-ын гишүүн авлига авсан, ашиг сонирхлын зөрчилтэй, хууль зөрчсөн бол хуулийнхаа зүйл заалтаар түдгэлздэг зүйл заалт байгаа. Үүнийг төгөлдөржүүлэх хэрэгтэй.

Нөгөө талаасаа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой харилцаан дээр 4 жил тутамд ард түмэн дүнгээ тавиад, тэр гишүүнийг дахин сонгохгүй байх. Болохгүй гишүүн сонгосон намтай нь хариуцлага тооцох эрх ард түмэнд бий. 4 жил тутамд дүнгээ тавьдаг. Харин энд нэг зүйл хэрэгжих боломжийг мэдэхгүй.

Тухайн тойргийн ард иргэдийн саналаар гишүүнийг эгүүлэн татах боломжтой. Манай хөршүүд ямар засаглалтай байгаа билээ. Монгол орны тусгаар тогтнолын баталгаа нь парламент. Тэр дундаа ардчилсан парламент. Гэтэл ийм хууль оруулж ирэх нь үндсэний аюулгүй байдалд харш.

-Хуулийн төсөл дээр сайн зүйл байгаа. Зарим зүйлээ тавиад туучих гээд байгаа юм биш үү дээ?

Зарим зүйл гэхэд арай хөнгөдөх. Монгол Улсын үндсэний аюулгүй байдалтай холбоотой. Монгол хүний эрх, эрх чөлөөтөй холбоотой асар том үр дагавар үүсэх зүйлийг ярилцаж байна. Үүнийг “Олон нийт тэгж үзэж байна” гэдэг нэрээр ард иргэдийн төрөө байгуулах эрхийг засварлах арга хэмжээг 4 жилийн циклийн дунд авах гэж байгаа нь буруу.

Энд нэг зүйл тодотгож хэлэх ёстой. УИХ хууль тогтоох байгууллага төдий биш. Энэ бол ард түмний төлөөлөл. Олон нийт хувь гишүүний ёс зүйн асуудал ярьж байна гэж ойлгоод байна. Гэтэл тэр гишүүний бүрэн эрхээр дамжаад бага ард түмнийг хамгаалах асуудал байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Гэхдээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдийг хаацайлах, маш хурдан үнэхээр тийм гишүүд байгаад, хуулийн байгууллагад шалгах бололцоо олдохгүй байгаа бол хуулийг хөнгөвчлөх. Үүнийг дэмжих асуудал УИХ-д орж ирвэл би 2 гараа өргөөд дэмжинэ.

-Танай намд яллагдагчаар татагдсан гишүүн, шүүхийн шийдвэр гарсан гишүүн байна. Нэгд, нам асуудлыг нь яриад шийдэж болдоггүй юм уу. Хоёрт, эгүүлэн татах зүйл орж ирэхэд намын дарга хамгаалах уу?

Манай гишүүн учраас хамгаална гэвэл ахиад л зарчим бус яриа болно. Үнэхээр хуулийн байгууллага асуудлаа үндэстэй тавиад, авлига албан тушаалын хэргийг нь нотлох баримттайгаар суудлаа тавибал шалгах бололцоог бид нээх байтугай хөнгөвчлөх ёстой.
-Ёс зүйг хуульчилна гэхийг бид бүхэн анхааралдаа аваад байна. Зарим хүмүүс “Хэлэлцээд яваач. Юу болохыг харъя” гэж байна. Нөгөө талд ардчилал, парламенттэй холбоотой зүйлийг аюулд оруулах гээд байгаа юм биш үү гэдэг зүйл яригдаж байна.

Судлаачид, гишүүдийн хувьд илэрхийлж байгаа олон зүйлүүд нэг зүйл дээр давхцаж байна. Эргээд парламент, ардчилалдаа өнгөрсөн хугацаанд бий болгосон сонгуулийн, зөв дардан байсан зам асуудалд орох гээд байна. Тэгвэл энэ хуулийг ямар зорилгоор санаачилсан юм. Улс төрийн зорилгыг нь. Та дунд нь байгаа хүн. Хэлээч?

Би тийм гэж хэлэх төвөгтэй байх. Цаад хор уршиг нь үнэт зүйл гэж хэлж болно. Ард түмэн төрөө байгуулдаг. Ардчилсан сонгууль гэдэг зүйлийн ерөнхий хэсэг гэдэг асуудал үүний цаана тулгарч байна. Сонгууль гарч ирлээ. Үүнийг завсарлаж болох юм байна. Тэр тусмаа УИХ-ын эрх, парламентын эрх, суудлын харьцаа ойр бол яах юм. Хоёр хүний суудлын зөрүүтэй бол яах юм. Цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй шийдвэр гаргаад, УИХ-д хүргүүлээд, тооны харьцаа өөрчлөөд, жинхэнээсээ ард түмний байгуулсан төр, засгийг өөрчлөх бололцоог хэн нэгэнд өгч байна. Тэгэхээр энэ бүхний цаана олон зүйлийн хор уршиг байна.

-УИХ-ын гишүүдээс ёс зүй нэхэх үнэхээр аргагүй. Таны бодлоор ёс зүй гэдэг зүйлийг хуульчилна гэхээр ямар байдлаар явах юм бэ?

-Их хурал өөрөө асуудлаа шийдээд явах боломжтой. Ёс зүйн хороонд ёс зүйн асуудлыг илүү тод томруунаар зааж өгөх. Гишүүн ёс зүйгүй байна гэвэл ард иргэдэд 4 жилийн дараа дүнгээ тавих. Ёс зүйгүй гишүүдийг хаацайлж, улс төрийн хүчинд дүнгээ тавьж явуулах эрх. Улс төрийн байгууллагын үндсэн эрх нь улс төрөөр хариуцлага тооцдог.

Хуулийг тойроод явж байгаа процесс. Харин төр, парламентад итгэх итгэлийг сайн биш нөлөөтэй зүйл гэж харж байна. Ёс зүйгээр эгүүлэн татах ёстой гэдэг зүйлийг ярьсан зарим нь шударга гишүүд болох гэж байна уу. Аль эсвэл үүнийг хамгаалж, буруушааж байгаа нь хаацайлагч болох юм уу. Хэрвээ энэ хууль дэмжигдэхгүй бол парламент бүтнээрээ гэж харагдах уу. Үүний цаана ямар үр дүн гарах талаар санаатай санаандгүй зүйл. Нийтээрээ буруу зүйл рүү хөтөлж байна.

-УИХ шийдвэр гарсны араас хэрвээ таалагдахгүй бол “Бүтэхгүй юм байна. Тарвал яасан юм бэ” гэдэг зүйл ярина. Энэ нөхцөл байдал ямар үр дүнд хүргэх бол. Танд таамаг байна уу?

Засгийн газар огцрох сонин биш. Огцорч л байдаг. Парламент Засгийн газраа байгуулж байдаг. Энэ нь Дэлхий нийтэд ч хэвийн үйл явц. Харин УИХ өөрөө төр гэж хэлж болохуйц байгууллага.

-Санал хураах болоход нэг өдөр хойшлуулж, маргааш нь хураахаар болсон. Танай бүлэг завсарлага аваад, мэдээллийг нь сонслоо. Өнгөрсөн өдрүүдэд улс төрд ойрхон байдаг хүмүүсийн мэдээллийг харахад гишүүдэд дэмжих, болих гэдэг талаас нь маш их хүмүүс ажиллаж байна. Танай бүлэгт ийм дарамт шахалт хэр орж ирж байна вэ?

Гишүүдэд яаж байгааг би сайн мэдэхгүй. Надад бол тийм дарамт шахалт бол байхгүй. Улс төрийн хувьд хурал гээд тодорхой цаг хугацаанд анхаарч чадахгүй байсан учраас завсарлага авч, бүлгийн хурлаа хийж, шийдвэр гаргасан.

-Ардын намын байгаа байдал, дотоод ардчилал байхгүй. Засгийн газар, УИХ-аа унагах, цэц хүртлээ хүрчихсэн явж байна. Ийм нөхцөл байдлыг парламент хуульчлаад оруулаад ирвэл эрсдэлтэй гэдгийг судлаачид дүгнэж хараад байна?

-Ер нь 2 голлох хүчинг харахад МАН 3 сонгууль дамжаад, ялж байна. Сүүлийн 10 гаруй жилийг цөөн үгээр дүгнээч гэвэл би “Авлигадсан 10 жил” гэж хэлнэ. Өчигдөр төрийн нууцын тухай хуулийг өргөн барьсан. 2016 оны 12-р сард энэ хуулийг төрийн болоод албаны тухай гэж өөрчилсөн. Парламентаар ороод жагсаалт батлаад, үндэсний аюулгүй байдал нууцад авна гэдэг байсныг ЗГ дураараа нууц болгон хувиргаж, албаны нууц гэж байгууллагууд авдаг болгож нууцалсан.

Үүнээс хойш алдартай оптик гэрээнүүд гарч эхэлсэн байдаг. Үндсэндээ эхлээд хуулийг нь засаж байгаад, хулгайгаа хийж эхэлсэн. Хуульчилсан хулгай нэмэх нь төрийн хууль засна гэдэг ерөөсөө мафийн тухай яриа. Энэ хууль гарахаас өмнө 60 орчим баримт бичгийг 400 болгож, төрийн нууцад авсан. Хоёрт, албаны нууц, байгууллагын нууцын хэмжээнд авсан. Тодорхой тоогүй. Тэгэхээр 60 орчим баримт бичиг авч байсан бол одоо 800-гаад бичиг нууцад авсан. Энэ 800 бичиг болгоны цаана авлига, хулгай байгааг таашгүй. Тийм учраас энэ хуулийг өргөн бариад байна. Энэ хууль батлагдвал үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоос бусад бүх асуудал ил болох ёстой.

Энэ хуулийн төслийн сайн, муу 2 талыг хэлэлцээд явж байна. Ер нь босго даваад явбал үзэл баримтлалынхаа хувьд хэлэлцэх ёстой гэхээр болохгүй гэж үзэж байгаа зүйлүүдээ засаж чадах болов уу?

Зарим гишүүдэд тийм суртал ухуулга явж байна лээ. Хэлэлцэх эсэхийг нь дэмжээд явцын дунд засъя гэдэг. Миний хувьд энэ хуулийг буцаан татаад, шинээр өргөн барьж болно. Одоо байгаа хүрээнд явцын дунд засна гэдэг үнэхээр харамсалтай. Ард түмний нэрийг бариад, эрхэнд нь халдаж байгаа. Ийм л хуулийн төсөл.

-Байнгын хороо чуулганд орж ирээд байр сууриа илэрхийлж байгаа ажлын хэсгийн төлөөллийн хандлагын асуудалд гишүүний хувьд ямар дүгнэлттэй байна вэ?

Уржигдрын бүлгийн хурал дээр яригдсан хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. ҮАБЗ-д зан байдлын асуудал үнэхээр сэтгэл эмзэглэм. Хэдийнээ хуулийн байгууллагаар айлгаж, дарамтлах чиг хандлага үнэртээд эхэлсэн. Парламентыг үл хүндэтгэсэн. Парламент гэдэг ард түмэн. Ард түмнийг үл хүндэтгэсэн.

-Их хурлын гишүүдэд бүрэн эрх нь байгаа. Бүгд хүлээн зөвшөөрөөд байгаа ёс зүйтэй холбоотой асуудлын ямар хэсгийг авах, яаж хариуцлагатай байх юм. Хуулийн төслийг танай намаас хэлэлцүүлэх боломж байхгүй юм уу?

-Ийм том хэмжээний хуулийг хамтарсан байдлаар өргөн барих нь зүйтэй байх. Энэ хуульд авууштай болон анхаарууштай зүйлүүд байгаа. Гэхдээ миний хувьд зөвшөөрч боломгүй нэг л үзэл санаа байгаа юм. Үндсэн хуулийн цэц асуудлаараа хуулиар заагдсан хүрээнд шийдвэр гаргах бүрэн эрх бий. Шат шатны шүүх шийдвэрээ гаргах эрх ч бий. Харин цэцийн шийдвэрийг УИХ авч хэлэлцэх, хүлээн зөвшөөрөх ёстой. Эгүүлэн татах асуудалд зөвшөөрөл өгөх ёстой. Энэ үе шат байхгүй нь харамсалтай.

-Гадаа талбай дээр жагсаал болдог. Энэ жагсаалын нөлөө парламентыг шийдвэр гаргах мөчид хэр нөлөөлдөг вэ?

Мэдээж. Ардчилсан орны парламентын гишүүн гэдэг ард түмнээс сонгогдож байгаа. Ард түмэндээ таалагдах ёстой. Гэхдээ дэнсэн дээр тавибал зарчмын бус зүйл. Улс орныхоо тусгаар тогтнолд хор уршигтай зүйлийг “Ард түмэнд таалагдахгүй байх вий” гэж нөгөө талд зогсох нь байж боломгүй. Ард иргэдийн жагсаал, сошиал мэдээллийн хэрэгслээр явж байгаа зүйлийг анхаарч ажиглалгүй л яахав дээ. Түүнээс авах зүйл, нөлөө бий. Гэхдээ давж болохгүй улаан шугам, хэм хэмжээ байна.

-Олонх нь олуулаа нийлээд, цөөнхөө шахаанд оруулах арга зам нь нээгдэх вий гэж сэтгүүлчийн хувьд санаа зовж байна. Ардчилсан намын Хяналтын хорооны дарга З.Энхболд “Ардчилсан нам хуралд орохгүй. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн” гэж хэлж байна лээ. Ардчилсан нам маргаашийн хуралд орох уу?

-Хяналтын хорооны дарга хүн Ардчилсан намын бүлгийг төлөөлж ярих эрхгүй.

-Таны хувьд тэгвэл орох уу?

-Орно. Харин саналаа эсрэг өгнө. Гишүүддээ ч уриалж байгаа. “Ороод саналаа эсрэг өгөх ёстой” гэсэн байр суурь, санал хэлж байгаа.

–Өнөөдрийн хурал хийгээд С.Баярцогт гэдэг хүнийг түр орлон гүйцэтгэгчээр сонголоо. Яагаад С.Баярцогт гэдэг хүнийг сонгов?

-Өнгөрсөн Үндэсний бодлогын хорооны хуралд хуучин үүрэг гүйцэтгэж байсан Д.Амарбаясгалан даргад үргэлжлүүлэн ажиллах санал оруулсан. Манай Үндэсний бодлогын хорооны олонх нь “Илүү туршлагатай хүн ажиллах ёстой” гэдэг байр суурь илэрхийлсэн. “Нам хооронд, цаг хугацааны болоод янз бүрийн ашиг сонирхлын зөрчлүүд дээр ажиллаж чадах хүнийг санал болгооч” гэж байр суурь илэрхийлсэн гэж ойлгосон. “Үүрэг гүйцэтгэгчийг 1 сарын хугацаатайгаар намын дарга тавьж болно” гэдэг заалттай. Тэгээд 1 сарын хугацаанд С.Баярцогт даргыг санал болгосон. Өөрийнхөө хувь нэмрийг оруулаач гэсэн байр суурь илэрхийлсэн.

-ЗАСАГЛАЖ ЧАДДАГ БАЙХЫН ТУЛД ОЮУН УХААН, ЦАГ ХУГАЦААГАА ЗАРЦУУЛЖ БАЙНА-

-Сарын дараа ҮБХ-г хуралдуулаад, энэ хүнээ оруулах уу. Эсвэл тэр үед дахиад шийдэл ярих уу?

Дүрмээрээ бол олгогдсон эрхийн хүрээнд тодорхой хүнийг оруулна. Мэдээж туршилт хийгээд хүнийг шараад байх шаардлагагүй. Ардчилал, тэр дундаа АН өөрийн араншинтай. Аль болох хүнийг түр зуур үүрэг гүйцэтгүүлчихээд солиод ажиллуулах бодол алга. Тэгэхээр Д.Амарбаясгалан даргыг үргэлжлүүлэн ажлаач гэх бодолтой байгаа.

С.Баярцогт даргын хувьд стратеги болон алсын хараатай шийдвэрүүдэд түшиг тулгуур болж ажиллах болов уу гэж боддог. Миний хувьд С.Баярцогт даргыг жагсаалтаас оролцож байхад надад өс санаагүй. Бид хоёрын харилцаа хэвийн байна.

-Үндэсний бодлогын хороог хэзээ хуралдуудах вэ. Та санал өгсөн саналыг хүлээж авах болов уу?

5-р сарын 8-ны үеэр хуралдуулах болов уу. АН асуудлыг чөлөөтэй ярьж хэлэлцдэг. Ардчилсан намын дотоод шинэчлэлийн бодлогыг “Нээлттэй, цэгцтэй” гэх уриатайгаар явуулна. Мөн олон янзын санаа бодлыг улам хүчтэй шингээе. Ингэснээр АН-ын 200 гаруй мянган гишүүн, дэмжигч, 3 сая 500 мянган иргэн, УИХ-ын гэх мэт төлөөллүүдийн санаа бодлыг тусгах нь нээлттэй зарчимд илүү нийцнэ. Саяхан манай дотоод сонгууль дээр “30 хүнтэй хороог 300 болгочихлоо. О.Цогтгэрэл бүх зүйлийг завхруулж байна” гэж ярьсан хүмүүс бий. Хэрэв намайг Ардчилсан намын сонгуулийг дахиад хий гэвэл үүнийгээ л хийнэ. Харин би ямар азтай цаг үед Ардчилсан намын дарга болж, олон ажлын хажуугаар бүрэн шинэчлэл хийх боломж гарав гэж олзуурхаж байгаа. Сүүлийн 10 жилд дотоод сонгуульд хэн ялж, ялагдсан нь ажлаа өгдөг соёл үгүй болоод, 10 жил болсон. Тэгэхээр 10 жил бугшсан асуудал цэгцэрч байгаа юм.

Өнгөрөн 7 хоногт Үндэсний бодлогын хорооны хурлын дараа гишүүд “О.Цогтгэрэл нийслэлийн нам, намын дарга, бүлгийн дарга гээд бүх албан тушаалыг өөрийнхөө талд авах гээд байгааг хүлээн зөшөөрөхгүй” гэх байр суурь илэрхийсэн. Ер нь яагаад бүх эрх мэдлийг өөр дээрээ төвлөрүүлэх гээд байгаа юм?

-Тэгэхгүй. Би дотоод сонгуулийн дараа бүлгийн даргаар ажиллахгүй. Өмнө нь би бужигнаантай энэ үед тал талд олон албан тушаал, сонгууль яриад яахав гэж хэлж байсан. Улс төрийн зөвлөлийн нэлээн олон гишүүн надад “Намын болон бүлгийн даргын албыг хамт хаших нь улс төрд хэрэгтэй” гэсэн.

-Д.Амарбаясгаланг О.Цогтгэрэлийн хүн гэдэг. Гэтэл Д.Амарбаясгалан гэдэг хүн бол 1998 оноос залуучуудын байгууллагад элсэж, тэндээ ажиллахын зэрэгцээ намайг бүлгийн дарга болохоос өмнө Д.Ганбат даргын Ажлын албаны даргаар ажиллаж байсан. Хувийн зохион байгуулалт, сахилга бат гээд олон зүйлийг харж үзэж, би санал болгосон. О.Цогтгэрэлийн хүн гэхээс илүү ардчиллын бүтээгдэхүүн. О.Цогтгэрэлийн хүн гэж хаяглаж байгаа нь харамсалтай.

-Нийслэлийн АН-ын даргын сонгуульд яагаад өрсөлдөөн болсонгүй вэ. Өнгөрсөн хугацаанд нэлээн том өрсөлдөөн дунд байсан биз дээ.

Би нийслэлийн нам дээр олон өрсөлдөөн болоосой гэж цагалбарт ач холбогдол өгсөн ч 1 нэр дэвшигч үлдэж, ёсчилсон байдлаар болчихсон.

Монгол Улсын хүн амын тал нь хотод бий. Эдийн засгийн 2/3-оос их нь Улаанбаатарт ногдож байна.Тэгэхээр Улаанбаатар хот манай намын хувьд маш чухал сегмент. Ерөнхийлөгчийн сонгууль улс даяар болж, парламентын сонгууль холимог тогтолцоотой болчихсон. Энэ тохиолдолд Улаанбаатар хотод амжилт үзүүлсэн улс төрийн хүчин ялах боломжтой.

Гэтэл сүүлийн үед нийслэлд Ардчилсан намын талаар таатай биш дүгнэлт гарч байгаа. Тэгэхээр Ардчилсан намд эрс шинэчлэлт хийх цаг болчихсон. Саяхан Ардчилсан намын их хурлаар олон зүйлийг дүгнэсэн. Илүү ирээдүйд чиглэсэн хүсэл мөрөөдлийн бодлого дэвшүүлье гэсэн зорилго тавьж байгаа. Энэ хүрээнд “Үржих 2” хөтөлбөрийг бодлого болгон ажиллах талаар танилцуулсан. Эдийн засгийн өсөлтийг хоёр дахин хурдасгах хэрэгтэй. Хятад улс 1.5 тэрбум хүнтэй, нэг хүнд ногдох орлого нь манайхаас 3 дахин их. Үндсэндээ 5 орчим хувийн дундаж эдийн засгийн үзүүлэлттэй 40 орчим жил болчихлоо.

Гэтэл манайх шиг харьцангуй жижиг улс эдийн засгийн өсөлтийг үүнээс хурдан тогтвортой болгоход бэлдэх ёстой байх. Ардчилсан нам засаглаж байгаа үед Монгол Улсын эдийн засгийг 10 хувийн дунджаар өсгөх бодлогын баримт бичгийг бэлдэнэ.

-“Алаагүй баавгайн арьсыг 10 хувааж нөмөрнө” гэдэг шиг 2028 оны сонгуульд Ардчилсан нам ялсан мэтээр асуудалд хандаж, албан тушаалаа булаацалдаж байгаа нь хүчийг сулруулах вий. Тэрнээс өмнө МАН, УИХ, ЗГ дээр сөрөг хүчнийхээ ажлыг сайн хийгээд харуулчихвал ард түмний итгэл сэргэнэ дээ….

-Хоёр талтай. Сөрөг хүчин гээд бүхий л зүйлийг сөрдөг байх нь хангалттай биш. Ялж, засаглаж чаддаг нам байх ёстой. Засаглалдаа бэлэн биш бол ялаад яахав. Засаглаж чаддаг байхын тулд бодлогын индекс, зөвлөлүүд гээд богино хугацааны гэхээс илүүтэй урт хугацааны бодлоготой байхад би оюун ухаан, цаг хугацаагаа зарцуулж байна. Мөн бидэнд ард түмэн “Сөрөг хүчнээ хий” гэж мандат өгсөн учраас түүнийгээ биелүүлэх учиртай. Бид бүхнийг сөрөх биш, шүүмжлэлт байр сууринаас асуудалд хандаж, харьцангуй зохион байгуулалттай зарчим баримталж байна.

-Одоо байгаа парламент, эрх барьж байгаа намуудын хамтрал ер нь сөрөхөөр байна уу эсвэл үгүй юү?

-Сөрөх, сөрөхгүйдээ биш. Сүүлийн жилүүдэд харамсалтай байна.Олонх нь олонх шиг, цөөнх нь цөөнх шиг байгаасай. Ингэж чадвал улс орон, засаглалдаа хэрэгтэй. 2024 онд засаг хамтрахад би тийм таатай хандаагүй. Одоо ч тийм.

Учир нь УИХ дээр 1 улс төрийн хүчин олонх суудлыг аль хэдийнэ авчихсан. Сүүлийн 1 жилд үнэхээр хий эргэсэн, харамсаж, халагламаар байлаа. Жишээлбэл: МАН засаглалын 3 дахь ялалт аливаа зүйл хэм хэмжээтэй байхыг харуулсан.

Нэг улс төрийн хүчин давамгайлж удаан байх нь хаалттай нийгмийн цаана авлига бугшиж, хаалттай засаглалыг бий болгож, хоорондоо нэгнийгээ барьцаалж, асуудал, ирээдүй биш өнгөрснөөрөө нэгнийхээ булхайг дэлгэдэг боллоо. Энэ улсад шинэчлэлт хэрэгтэй болчхоод байна. Шинэчлэл хийхийн тулд сөрөг хүчний, засаглах чадамж чухал.

-АН муу байгаагаас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн болов уу гэж бодож, цаашид алдаагаа засаасай гэж би сэтгүүлчийнхээ хувьд хүсдэг. Ардчилсан нам Хяналтын ерөнхий хороо байгуулж, олон томилгоо явуулж байгаа талаар дэлгэрэнгүй яриач. Энэ хорооны зорилго, ямар чиг үүрэгтэй юм?

Намайг сонгогдоход дүрэм маань зэрэг батлагдсан. Миний оролцоо байгаагүй. Тэрний нэг нь хяналтын хороо. Сайн, муу гэж шүүмжлэхээс илүүтэй дүрмээ биелүүлэх нь чухал. Энэ хүрээнд алдаатай олон зүйл бий. Хяналтын хороог байгуулахдаа их чанга шалгуур тавьсан байна лээ. Ардчилсан намын төлөөллийн төв байгууллагын гишүүнээр 8-аас доошгүй жил ажилласан, 50 нас хүрсэн байх гэх мэт шаардлагуудтай. Тийм болохоор ахмадын хороо шиг санагдаж байгаа ч туршлагатай хүн олон. Нөгөө талдаа их хуралд дэвших гэж байгаа, сайд болно гэх амбийцгүй болчихсон хүмүүс орж байгаа нь ашиг сонирхлын зөрчил талаасаа зөв байж болох юм.

Өмнө нь Ардчилсан намд ийм байгууллага байсан. Тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж, буцаад ажилдаа орж байна.

Ер нь Ардчилсан нам ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байна. Ард түмний өмнө гарч ирээд бодлого зангидаж чадах уу. 5 дэд даргын томилгоог хэзээ хийж, ямар хүмүүсийг оруулах юм?

Сарын дараа эсвэл сарын дотор болох хурдаар шийднэ. Миний хувьд аль болох хуваагдал гэхээс илүүтэй бодлого суурьтай чадавхжсан нам руу алхам хийх санаа байна. Өнгөрсөн хугацаанд бодлогын судалгааны байгууллага байгуулснаар нэлээн чадавхжсан. Саяхан байгуулсан Үндэсний бодлогын хороог бодлогын зөвлөлүүдэд хувааж чадавхжуулж, чиглүүлснээр ажлууд эхлэх гэж байна. Бүлэг, фракцыг үгүйсгэж болохгүй. Гэхдээ бодлогыг олонлогууд руу чиглүүлнэ. Ардчилсан намыг бодлогын нам болгох томоохон алхмууд хийнэ.

Ялахад биш ялчихаад засаглахад бэлдэх ёстой. Бэлэн биш байж ялалт яриад байвал албан тушаалын яриа болж хувирна. Ардчилсан нам ард түмнээс санал авч баталгаажуулахад асар хортой үр дагавар гарна. Ардчилсан нам дараалан ялдаг нам болох ёстой. Олон жил засаглах гэж байгаа юм биш. Энэ бодлогын үр дүнгээ харуулах хэрэгтэй. 10 жилийн шинэчлэл бүхий бодлогын том баримт бичиг бэлдэнэ. Үүний наана АН-ыг ялуулчихвал эхний 100 хоногт 10 ажил, эхний Засгийн газрын хуралдаанаар ийм ийм ажил хийнэ гэх мэт хоёр жилийн хугацаанд төлөвлөх нь бидний гэрийн даалгавар. Гэрийн даалгавраа хийхгүй бол ялалтын тухай ярих нь асар сөрөг нөлөөтэй.

-Өнгөрсөн хугацаанд эдийн засаг орхигдсон. Тэгвэл эдийн засагт ямар өөрчлөлт хийх вэ. Эдийн засаг төрөөс хамааралтай болчихсон. Оролцооны 70 хувь нь төр дээр төсвөөр, төрийн өмчит, орон нутгийн өмчит компани гэх мэт зохицуулалттай байна. Аж ахуйн нэгжүүд, иргэд орон зайгүй болчхоод байна.

-Монгол Улсын эдийн засагт эргэлддэг 10 төгрөгийн 8 нь төсөв, төрийн өмчит компани, тусгай зөвшөөрөлтэй хамааралтай. Үлдсэн 10-20 хувь нь чөлөөт, өрсөлдөөнт зах зээлд хамааралтай. Харин 10 төгрөгийн 8-ыг нь чөлөөт эдийн засагт хуваарилах ёстой. Хувь хүний санал, санаачилга, эдийн засгийн эрх чөлөө, старт ап бизнесүүд, инновац, залуучууд энэ бүх оролцоог дэмжвэл эдийн засаг өснө. Үүний цаана авлига үгүй болно.

Тиймээс эдийн засгийг тодорхой хугацаанд 10 хувиар тууштай өсгөх боломж байгаа. Гаргалгаа нь энэ.

-Төсвийн зарлага, авлигын хэрэг нэмэгдэж байна. Төсөв хаашаа урсаж байна? Ард түмэнд хэрэгтэй эсэхэд хариулт хэрэгтэй байх…

-Санал нэг байна. Бид 1990 онд чөлөөт эдийн засагтай, хувийн хэвшил давамгайлсан орон болно гэсэн чинь нэг мэдэхэд эсрэгээрээ социалист орон болчихсон.

2027 оны сонгууль онцлогтой. Ард түмэн асуудлыг дүгнэж, илүү байр сууриа илэрхийлнэ. Ардчилсан нам нэр дэвшилтийг хэрхэн шийдэж, хэн нэр дэвших вэ?

-Саяхан Үндэсний бодлогын хороогоор журам батлуулсан. Үүгээр 1 жилийн өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн агентаа хэрхэн яаж тодруулах тоглоомын дүрмээ өөрчилж тогтоё. Мөн 2 жилийн дараах УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхдээ, одооноос тоглоомын дүрмээ тогтоочихвол даргын оролцоо, тодорхой хувь хүний оролцоо бага болж, өрсөлдөөн шударга болно. Өрсөлдөөнд ялагдсан нь ялагчаа дэмжих бүрэн дүүрэн сэтгэл зүйтэй болно.

Энэ менежментийг хийж чадвал ялалтынхаа 50 хувийг хийчихлээ гэсэн үг. Энэ асар чухал суурь өөрчлөлт юм гэсэн үзэл санаа бүхий журам батлуулсан. Энэ онд багтаж 21-р зууны ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хүн байх ёстой талаар зарчмын шаардлага, хүрээ хязгаарыг ард түмэн, гишүүдээр, орон нутгийн намын анхан, дунд шатны байгууллагуудаар тогтоолгож, тодорхой хугацааны дараа сонирхол бүхий нэр дэвшигчдээ бүртгэнэ. Эхлээд зарчмаас эхлэхгүй бол хүнээс эхэлбэл буруутна.

Тиймээс гишүүд маань энэ зарчмыг бүрэн дүүрэн дэмжиж, ард иргэдийн зарчим шаардлагад нийцэж, Үндсэн хууль, хууль тогтоомж, ардчилсан үзэл санаа, Ардчилсан намын үзэл баримтлалд нийцэж ажиллана гэж амлалт өгөөд ардчилсан Ерөнхийлөгчийн сонгуульт ажилдаа орох болов уу.

Энэ тоглоомын дүрмийг зөв хийж чадвал би ялалтынхаа 50 хувийг кармандаа оруулчих байх.

Таныг нэр дэвших магадлалтай гэх юм. Нөгөө талдаа МАН-ын том дарга нь С.Баярцогтыг нэр дэвшүүлэхээр төлөвлөж байна гэх. Мөн Н.Алтанхуяг гэх хүн яригдаж байна. Энэ дээр та ямар байр суурьтай байна.

-Би 2028 онд Ардчилсан намыг ялуулах үүрэг, амлалт авсан. Үүнд цаг хугацаа, бүхий л зүйлээ зарцуулна. Ардчилсан нам зөвхөн 2028 онд ялах биш, цаашид дараалан ялсан нам болох том зорилго тавьсан. 2027 оны сонгуульд Ардчилсан нам амжилттай оролцвол 2028 оны сонгуульд хөдөлгөх хүч болно.

-Ерөнхийлөгчид нэр дэвших үйл явц дээр МАН эрх барьж байгаа үедээ АН-аас нэр дэвших хүнийг захиалсан гэж яригддаг. Жишээ нь: Э.Бат-Үүл нэр дэвших гэж байхад “Ц.Элбэгдоржоор солиоч гэж Б.Энхбаяр хүссэн гэх жишээний. Р.Амаржаргал нэр дэвших гэж байхад Х.Баттулга “Би арай ялахад амархан” гэж ярьсныг 2-3 хүн хэлдэг. Номондоо хүртэл бичсэн байдаг. Л.Оюун-Эрдэнэ миний нэвтрүүлэгт оролцохдоо энэ талаар “Жагсаал хийгээд, Ерөнхий сайдаасаа буугаад, нэр дэвших болохоороо С.Эрдэнийг манай намынхан нэр дэвшүүлсэн гэж хэлсэн”. Тэгвэл цаашид тоглоомын нэр дэвшигч гаргадаг нам байх уу, үгүй юү?

-Сонгуулиудаас АН түүхэндээ хамгийн амжилттай оролцсон нь Ерөнхийлөгчийн сонгууль. 2021 оны сонгууль бол үнэхээр захиалгат байж болзошгүй байсныг бүгд мэднэ. Нэр дэвшигчийнхээ төлөө ажиллахааргүй нөхцөлд орчихсон харамсалтай түүх бидэнд бий. Үүнээсээ сургамж авах ёстой.

Танд одоо ийм шахалт ирж байна уу?

-Одооноос журам гаргаад байгаа нь эртнээс тоглоомын дүрмээ тодорхой болгох санаа. Надад одоогоор шахалт ирээгүй. Хэн нэгэн даргаас үл хамаарсан тогтолцоог бий болгочих хэрэгтэй юм.

Чуулган эхэлснээс хойш гацлаа. Шинэ Засгийн газраа угтаад авчихсан. Парламент, Засгийн газарт ажил хийхгүй байгаа асуудлыг яах ёстой вэ?

-Нэг улс төрийн хүчин удаан, олон дараалж ялахаар дотоод ялзрал ямар түвшинд хүрч, бодлогоо хэрэгжүүлэх боломжгүй болдгийг харуулж байна. Хүслээр болдог бол МАН засаглах эрхээсээ татгалзах хэрэгтэй. Улс орны хувь заяа, хөгжил дэвшил хайран байна.

-Танай бүлэг өнгөрсөн 11 сараас хойш дуугүй явж байгаад хаврын чуулган эхлэхэд “Парламентын дээр намын дарга байж болохгүй гээд хуралдаанд ороогүй. Гэтэл нөгөө талын 30-д ашигтай үйлдэл хийгээд Н.Учралыг Ерөнхий сайд болгож, Г.Занданшатарыг бүлтрэх хэмжээнд хүргэсэн. Яагаад 11, 12 сард энэ асуудлаа ярихгүйгээр хаврын улс төр буцлах үеэр ярив. Ямар зорилго байна?

Зарчмын асуудлыг хэзээ ярьж, үр дүнд хүргэх вэ гэх бодлого бий. Энэ нь зарчмын асуудал. Парламентын төлөвшлийг бэхжүүлж, шат ахиулах боломж эрэлхийлсэн асуудал. Хаврын чуулганы эхэнд гаргаж тавьсан нь МАН-ын 30-д ашигтай биш. Энэ нь Монголын ардчилсан парламентад ашигтай хуулийн өөрчлөлт хийх боломж бүрдчихлээ. Хуулийн төсөл дэмжих эсэх хэлэлцээд явж байгаа.

-Хэлэлцье гэж байсан ч зарим хуульч, мөн гишүүн байсан хүмүүс “Шаардлагагүй” гэж яриад байна. Танайхыг хуурчхаж байгаа юм биш биз. Хэрэв батлахгүй бол яах вэ?

Тодорхой хугацаанд үр дүн гарахгүй, хууран мэхлэлт болох юм бол бид улс төрийн шахалт үзүүлнэ.

-Дэд сайдтай холбоотойгоор Засгийн газрыг огцруулах асуудлыг та бүгд хөндсөн. Засгийн газраас “Дэд сайдаа больё гэхэд та нар ЗГ-аа огцруулах талаар ярихгүй “Шийдлийг харж байна” гэж мэдэгдсэн. Эхлээд 4 дэд сайдтай байна гэж хэлчхээд 6 дэд сайдтай болчихсон. Та бүхний шаардлага хэрэгжиж байгаа юм уу?

Засгийн газартай холбоотой зөвхөн дэд сайд гэдэг үг явцуу. Бид данхар төрийн асуудлыг хөндсөн. Чуулганы эхэнд их хурал, намын даргатай холбоотой асуудал гарч, шаардлага тавьж байсан асуудал биелэх нөхцөл нь бүрдчихсэн. Сая 16 дэд сайдаас тодорхой тооны сайдыг үлдээгээд ажиллах шийдвэр гарсан. Гэхдээ зөвхөн дэд сайдын асуудал биш. Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд сул орон тооны асуудлыг нийлүүлээд, 9000 орон тоо хэмнэх зорилготой. “Танай шаардлага бас үндэслэлтэй юм байна” гэсэн. Харин ч том үр дүнд хүрчихсэн гэж бодож байна.

МУГТ Л.Энхрийлэн тэргүүтэй 6 бөх өнөөдөр барилдана
МУГТ Л.Энхрийлэн тэргүүтэй 6 бөх өнөөдөр барилдана
 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!