Авлигын хууль чангарснаас хойш улс төрд нөлөө бүхий этгээд ял авсан АНХНЫ КЕЙС

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
5 минут 48 секунд

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын албан тушаалтнуудыг авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, шүүхээс 6-13 жилийн ял оноолоо. Ингэхдээ авлига өгсөн, авсан бүгдэд нь нэг ч бүрчлэн ял оноов. Үүнээс хамгийн дээд ялыг буюу 13 жилийн хорих ял болон бүх насаараа нийтийн албанд ажиллах эрхээ хасуулсан ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнгийн асуудал олны анхаарлыг ихэд татав.

"48 сая төгрөгийн хахуульд чангадсан ял байлаа, өмнөх хахууль авч байсан улстөрчдөд ингэж ял оноож байв уу" гэх хэсэг байхад "48 сая төгрөгийн хахууль ч гэмт хэрэг. 13 жилийн хорих ял оноосон" зөв гэх иргэд ч байна. Хэргийг сануулбал, ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 3 хүнийг 120 сая төгрөгийн хахууль авсан гэж шүүхээс үзсэн. Үүнээс 48 сая төгрөгийг нь ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн өөрийн ажилтны дансаар авч, өөр рүүгээ шилжүүлэн хүүдээ машин авсан нь мөнгө угаасан үйлдэл болсон гэж буруутгагдсан юм. Ингэснээр хахууль авсан үйлдэлдээ 12 жилийн хорих ял авсан бол мөнгө угаасан гэх үйлдэлдээ 1 жил, нийт 13 жилийн хорих ял сонссон нь энэ юм. Харин тэрбээр 48 сая төгрөг авсан үйлдлээ шүүх хурлын үеэр ийн тайлбарласан байдаг.

Л.Бямбасүрэнд яагаад 13 жилийн хорих ял оноосныг тайлбарлавал,

Л.Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг нь авлигын гэмт хэрэгт хамаарах бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр энэ зүйлийг өөрчлөн найруулж, ялын бодлогыг нь чангалжээ. 2022 оноос өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс нийтийн албанд томилогдох эрхээ 2-5 жилийн хугацаагаар хасуулж, 2-8 жилийн хорих ялаар шийтгүүлдэг байсан бол хуульд өөрчлөлт орж, чангалснаар хорих ял нь 12-20 жил болж, нийтийн албанд томилогдох нь 5 жилээс бүх насаараа эрхээ хасуулах болж, өөрчлөгдсөн байна.

Ингэхдээ, хуульд өөрчлөлт орж, энэ төрлийн гэмт хэрэгт оноох ялын бодлого нь чангарснаас хойш улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авсан хэрэгт холбогдон ял авсан анхны хүн нь ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болжээ. Өөрөөр хэлбэл, хуулийн өөрчлөлтийн анхны үйлчлүүлэгч нь ТЭР болж таарлаа. Тэгэхээр үүнээс хойш энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон бүх албан тушаалтнууд "ЧАНГА" ялд унах нь ээ.

Чангарсан хуулиар шийтгүүлэх улстөрчдийн цуваа Д.Тогтохсүрэн, Б.Насантогтох гээд ҮРГЭЛЖЛЭХ ҮҮ...

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлээд буй.

Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нэр бүхий аж ахуйн нэгжид техникийн нөхцөл олгохдоо холбогдох журмыг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс 281,0 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100,0 сая төгрөг, 30,0 мянган ам.долларын хахууль авсан, түүний хөрөнгө, орлого нь их хэмжээгээр буюу 3,4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 4 үл хөдлөх хөрөнгө, 2 тээврийн хэрэгсэл болон 80,0 мянган ам.доллароор нэмэгдсэнийг хууль ёсны болохоо тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт холбогдоод буй.

Харин “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн нь 2016 онд улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллах хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээдийн нэрээр Сүхбаатар дүүргийн I хороон дахь 84.49 мкв орон сууцыг 820,0 сая төгрөгөөр худалдан борлуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн, Хан-Уул дүүргийн XI хороон дахь 400 мкв байрыг хөнгөлөлттэй үнээр авч бусдаас их хэмжээний хахууль авсан, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилогдон ажиллах үедээ хууль бус үүрэг чиглэл өгч 6600 тн төмрийн хүдрийн хуурай баяжмалыг ачилт тээврийн дараалалд оруулалгүйгээр тээвэрлүүлж, БНХАУ-ын “Нh” компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон, “ХЕ” компанийн захирал Э-гээс бусдаар дамжуулан 100,0 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэх хэргээр шалгагдаж буй юм.

Хууль нэгэнт чангарлаа. 5, 10 мянган төгрөг гэхгүй та хахууль авсан л бол доод тал нь 12 жилийн хорих ял авах нь...

Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна
 
ОХУ-аас агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэхээр тохиролцов
ОХУ-аас агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэхээр тохиролцов
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!