“Их говийн манаач“ кино Пусанд нээлтээ хийжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 21 секунд

"Их говийн манаач" кино Пусанд нээлтээ хийж, үзэгчидтэй чөлөөт яриа өрнүүлжээ. Тус киноны Ерөнхий продюсероор eguur.mn эрхлэгч Ж.Мядагбадам ажилласан байна. Пусанд хийсэн кино нээлтийнхээ талаар сайтдаа нийтэлсэн нийтлэлийг хүргэж байна.

БНСУ-ын Пусан хотноо болж буй “Монгол кино өдөрлөг”-ийг говийн их дархан цаазат газар болон дэлхийн нэн ховор мазаалай баавгайн тухай өгүүлэх “Их говийн манаач” баримтат киногоор нээсэн билээ. Уг киноны Ерөнхий продюсероор Eguur News агентлаг, найруулагчаар Э.Ган-Очир нар өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж, 2025 оны арванхоёрдугаар сард Монгол дахь нээлтээ хийсэн бол ийн анхны гадаад улс дахь нээлтээ хийж буй талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд бичсэнийг орчуулан хүргэж байна.

2026 оны “Монгол кино өдөрлөг" энэ сарын 16-ны өдөр Пусан хотын Хэүндэ дүүрэг дэх “Кино ордон”-ы дунд танхимд албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаа "Их говийн манаач" баримтат киног үзэгчдэд толилуулснаар эхэлсэн юм. Тус наадмыг Пусан хотын “Кино ордон”, Монголын Кино урлагийн зөвлөл болон "Ханнарэ" соёл урлагийн сан хамтран зохион байгуулж байна. Нээлтийн ёслолд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамба, “Ханнарэ” соёлын сангийн тэргүүн Шим Сан, Пусаны кино ордны дарга Гу Ин Бом, Пусан хотын худалдаа, аж үйлдвэрлэлийн танхимын Ерөнхийлөгч Ян Жэ Сэн, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Д.Цэнгэл нар оролцож үг хэлжээ. Нээлтийн үг хэлсний дараа өдөрлөгт гарч буй кинонуудын трэйлерийг үзүүлж толилуулсан юм.

Үүний дараа "Их говийн манаач" кино багийнхантай үзэгч, уран бүтээлчдийн уулзалт хийсэн байна. Уулзалтад найруулагч Э.Ган-Очир, продюсер Ж.Мядагбадам, Р.Болор нар оролцож, үзэгчидтэй чөлөөт яриа өрнүүллээ. Уулзалтыг "Киноны ордон”-ы ажилтан Жон Хэ Жин хөтлөн явуулсан юм. Гурав дахь удаагийн Монгол кино өдөрлөгийн нээлтийн бүтээлээр сонгогдсон “Их говийн манаач” баримтат кинонд говьд амьдардаг, дэлхийд нэн ховордсон мазаалай баавгайг хамгаалах болон байгалийн өвийг хадгалж үлдэх тухай өгүүлдэг.

Найруулагч Э.Ган-Очир "Манай киног үзэхээр ирсэн та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Дэлхий дээр маш цөөхөн үлдсэн мазаалай баавгайн тухай өгүүлэх энэхүү бүтээлийг Монголд гарсны дараа хоёр дахь удаагаа нээлтээ хийж та бүхэнд толилуулж байгаадаа баяртай байна" гэв.

Продюсер Ж.Мядагбадам "Миний бие энэ баримтат киноны Ерөнхий продюсероор ажилласан билээ. Говь нутаг бол миний төрөлх нутаг бөгөөд уг киноны найруулагчаар ажилласан миний дотны найз Э.Ган-Очирыг "Coach" киног өмнө нь үзэж байсны хувьд түүнийг говийн байгалийг хамгийн сайн буулгаж чадна гэдэгт итгэсэн учраас мазаалайн тухай киног хамтдаа эхлүүлэхээр зориг шулуудсан. Харин одоо 24 сарын турш бүтээсэн бидний кино Пусан дахь наадмын нээлтийн бүтээл боллоо. Найруулагч Э.Ган-Очир маань гэр бүлтэйгээ Солонгост ирсэн нь маш дурсгалтай үйл явдал болж байна. Сүүлийн үед Солонгос жуулчид говь нутгийг ихээр зорьж байгаад баярладаг. Энэхүү баримтат кинонд гарч буй говийн байгалийн дүр төрх нь сая сая жилийн өмнөх эх дэлхийн төрхтэй төстэй гэж эрдэмтэд хэлдэг" гэсэн юм.

Үүний дараа кино баг үзэгчдээс асуулт асуусан бөгөөд тэдний зүгээс мазаалай баавгайн түүхэн ач холбогдлын талаар их сонирхож байлаа. Нэгэн үзэгч "Та бүхэн зөвхөн кино бүтээгчид биш, харин говийн хамгаалагчид шиг санагдаж байна. Солонгос хүмүүс ч бас баавгайтай холбоотой түүх соёл ихтэй. Монголчууд мазаалайг хэрхэн үзэж, хүндэлж ирсэн бэ" гэж асуужээ.

Продюсер Ж.Мядагбадам "Говь нутаг Улаанбаатараас 1300 км хол оршдог. Мазаалай хүнээс, амьтдаас зайдуу, алслагдсан газарт амьдардаг учраас дэлхийд хамгийн ховордсон амьтдын нэг юм болов уу гэж боддог. Говь гэдэг нь монголоор "цөлөрхөг, эзгүй газар" гэсэн утгатай. Мазаалай баавгай байдаг гэдгийг анх 1960 онд дэлхий нийтэд танилцуулж байсан. Бид энэхүү ховор амьтныг дэлхий нийтэд таниулж, хамгаалахад дуу хоолойгоо өргөхийг зорьсоор байна" хэмээн хариулсан юм.

Үзэгчид ч гэсэн мазаалайг хамгаалж, хүн төрөлхтний өв болгон үлдээхэд хүчин чармайлт гаргахыг тэр хүссэн юм. Хөтлөгч Жон Хэ Жин "Говь бол Солонгосын хойгоос зургаа дахин том, асар уудам газар. Шар шороон шуурга болдог нэг шалтгаан нь Говийн цөлжилт байдаг тул энэ нь бидэнд ч бас хамаатай асуудал. Шимсан лам болон Хонгбөб хийдийнхэн Монголд мод тарих ажилд идэвхтэй оролцож байгааг дурдах нь зүйтэй байх" гэсэн байна.

Уран бүтээлчид "Солонгосчууд Монголд мод тарьж байгаад маш их баярлаж байна. Энэ нь мазаалайг хамгаалахад том нөлөө үзүүлнэ. Киноноос та бүхэн байгаль хамгаалал болон усны ач холбогдлыг харсан байх. Энэ киног олон хүн үзээсэй гэж хүсэж байна" хэмээн онцолсон юм.

Продюсер Ж.Мядагбадам дараагийн бүтээлээрээ Говийн зэрлэг хавтгай тэмээний тухай баримтат кино хийхээр төлөвлөж байгаа гэдгээ мөн хуваалцлаа.

Найруулагч Э.Ган-Очир үзэгчдийн дунд мазаалайн амьдрах орчны талаар асуулт асууж, зөв хариулсан хүнд бэлэг гардуулсан юм.

Говь дундуур зам тавих асуудлын талаарх асуултад продюсер Ж.Мядагбадам "Говийн дархан цаазат газар дундуур зам тавих нь байгалийн тэнцвэр алдагдах эрсдэлтэй тул кино уран бүтээлчдийн зүгээс мэдээж эсэргүүцэж байгаа. Кинонд ч бас зам тавихгүй байснаар байгаль амьсгална гэсэн санаа бий" гэсэн юм.

Энэ удаагийн наадмаар "Их говийн манаач" баримтат киноноос гадна "Эцэг", "Хадмын ээж", "Зүрхний" зэрэг дөрвөн киног мөн үзэгчдийн хүртээл болж буй юм.

Эх сурвалж: eguur.mn

Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна
Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна
 
З.Энхболдын өмгөөлөгч Б.Баатарсайхан “Давж заалдана“ гэв
З.Энхболдын өмгөөлөгч Б.Баатарсайхан “Давж заалдана“ гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!