Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгжүүлэх чиглэлд төр хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулах, цаашид үр ашигтай хамтран ажиллах талаар санал солилцохоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтад ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллагууд, компаниудаас гадна нийслэлийн есөн дүүргийн тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсүүд оролцсон юм
2023 онд ногоон байгууламж, цэцэрлэгжилтийн талаар нийслэлийн зүгээс авах арга хэмжээ, хийх ажлуудыг энэ үеэр танилцуулсан. Тухайлбал:
- Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 23 багцын 51 байршилд 235,000 цэцгийн мандал байгуулна.
- Нийтийн эзэмшлийн долоон байршилд 18 цэцэгт байгууламж хийж, нэг болон олон наст 316,000 цэцэг тарина.
- Худалдаа үйлчилгээний байгууллага, есөн дүүргийн СӨХ, аж ахуйн нэгж байгууллагуудын орчны тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг сайжруулах хүрээнд гоёл чимэглэлийн мод сөөг, зүлэг тарьж, цэцгийн мандал байгуулах ажлыг зохион байгуулна. Улмаар зүлэгт талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна.
- Цэцгийн аж ахуйг хөгжүүлэх, загвар шийдлийг нь олон улсын жишигт хүргэх, цэцгийн төрөл, зүйл тоо хэмжээг иргэдэд сурталчлах, үзэсгэлэн, сургалт, зөвлөгөө өгч, энэ чиглэлд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-Улаанбаатар хотын хувьд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх нэн шаардлагатай. Манайд энэ үзүүлэлт дэлхийн жишигт хүрсэн хотуудынхаас 2-3 дахин бага, үүнийг дагаад тоосжилт, орчны бохирдол, дуу чимээ ихтэй. Тиймээс бид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах, нийслэлийн хэмжээнд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд тэдний оролцоог хангах, санал солилцох, худалдан авалтыг ил тод, нээлттэй, шуурхай байлгах үүднээс өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна.
Энэ жил Зүүн Азийн залуучуудын наадам Улаанбаатарт болно, энэ утгаараа хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна. Тухайлбал, 3D ногоон байгууламж буюу цэцэг, бут, сөөгөөр дүрс үүсгэсэн цэцгийн мандлыг 10 гаруй байршилд хийхээр төлөвлөсөн. Нөгөө талаас зөвхөн хотын төвөөр зогсохгүй алслагдсан бүс, гэр хороололд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр тодорхой ажлуудыг хийнэ. Тухайлбал, хашаандаа мод бут тарьсан өрхийг урамшуулах журам хэрэгжинэ.
УБЗАА дэргэдээ Мод үржүүлэг, туршилт, судалгааны төвтэй. Энэ төвийг түшиглэн судалгаа, туршилт хийх, мөн Ах дүү хотуудын ургамал судлалын хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, Улаанбаатарын нөхцөлд сайн ургах сортыг гарган авах, тарихаар төлөвлөөд байна” хэмээлээ.
“Талын хүч” ХХК-ийн захирал Л.Моломжамц:
-Манай компани 2008 оноос хойш хот тохижилтын салбарт ногоон, байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хийж байна. Өнөөдрийн уулзалтаар 2023 онд энэ чиглэлд хийж хэрэгжүүлэх ажлаа нийслэлээс танилцуулан, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд саналаа илэрхийлж ярилцлаа. Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт гэдэг хотын хувьд, тэр тусмаа оршин суугчдын эрүүл мэндэд маш чухал үүрэгтэй. Улаанбаатар ногоон байгууламжаа нэмэгдүүлээд, зөв арчлаад явбал гудамж, талбайн тоосжилт, шороо эрс багасна” гэсэн юм.
УБЗАА цаашид Мод үржүүлэг, туршилт, судалгааны төвийн үйл ажиллагааг түшиглэн нийтийн эзэмшлийн цэцэрлэгт байгууламжийн цэцгийн нөөц, суулгацыг 100 хувь хангах бодлого баримтлан ажиллаж буй. Мөн цэцгийн төрөл, зүйл, сортыг нэмэгдүүлэхээр мэргэжлийн байгууллагууд, Олон улсын ботаникийн цэцэрлэгийн холбоо, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж байна.