Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Цогт-Эрдэнэ: Монгол орны өнцөг булан бүрд очиж үзсэн учраас цаг агаарын мэдээг нутаг, нутгийн онцлогоор нь хүргэхийг зорьдог

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
24 минут 32 секунд

МҮОНТ-ээр цаг агаарын мэдээ тоймлон хүргэж буй нэгэн сэтгүүлчийн бичлэг цахим орчинд тархсан. Магадгүй та ч бас түүний мэдээг үзэж, сонирхож бас битүүхэндээ бахархсан байх. Энэ хүн бол МҮОНТ-ийн сэтгүүлч, Ө.Цогт-Эрдэнэ гэх эрхэм бөгөөд "Монголын радио" хэмээх айлд олон жил ажиллаж, малчин ардынхаа сонорт цаг агаарын мэдээг цаг алдалгүй хүргэж, "Малчин" нэвтрүүлгийг бэлтгэн хүргэхээр Монгол орны өнцөг булан бүрд, аймаг, сум бүрд очсон гэхэд хилсдэхгүй.

Хамгийн сонирхолтой нь, тэрбээр бага насандаа аавынхаа сонсдог "Шар радио"-г эвдчихээд "Ааваа би энэ радион дотроос нь ярьдаг хүн болно оо" гэж гэнэн цагаахан хүслээр амлалт өгч байсан нь өдгөө МҮОНТ-ийн сэтгүүлч болох мөрөөдлийнх нь эхлэх байсан бололтой. Тэр ч утгаараа өөрийгөө малчин ардын эгэл хүүхэд хэмээн бахархаж, монгол орны өнцөг булан бүрд шахам очсон учраас цаг агаарын мэдээг малчин түмэндээ ойлгомжтой хүргэхийг ямагт эрмэлздэг тухайгаа ийнхүү ярилаа.

-Ярилцлагын маань урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Юун түрүүнд яагаад сэтгүүлчийн мэргэжлийг сонгох болсон талаар нь ярилцъя. Тэр дундаа яагаад радиогийн сэтгүүлч болов?

-Би өөрөө говийн хүүхэд. Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрж, Бурхант гэдэг газар өсөж торнисон. Үүнийгээ ч ярих их дуртай. Учир нь манай нутаг мал, малын бэлчээртэй, тэмээ олонтой, бурханлаг нутаг. Яахав Монгол оронд муухай нутаг байхгүй л дээ.

Миний үгсийн санд цэцэрлэг гэдэг үг бараг л байхгүй. Цэцэрлэгт сууж үзээгүй. Шууд л есөн настайдаа сургуульд сурч байв. Тухайн үед сургуульд ороход Чингис хааны зурагтай, кирилл болон уйгуржин монгол бичгээр "Таныг ардын сургуульд урьж байна" гээд биччихсэн сургуулийн зарлан дуудах хуудас ирдэг байлаа. Шууд л титэм, шүд, нуруу гээд монгол бичгээр бичиж сурч байсан юм. Мөн ерөнхий боловсролын сургуульд байхдаа шүлэг бичдэг, тавдугаар ангиасаа хойш "Хүрэл тулга" наадамд оролцдог, энэ наадамд түрүүлэхийг мөрөөддөг байлаа. Гэвч ганц удаа ч болов түрүүлж үзэж байгаагүй. Харин шилдэг байруудад орж явлаа. Учир нь манай Өвөрхангайн хүүхдүүд маш авьяаслаг, яруу найрагч хүүхдүүдтэй байсан юм. Түүнээс гадна бичиг үсэг тайлагдсанаасаа хойш ном их уншдаг байлаа. Бидний үеийнхэн, ах, эгч нар маань ч гэсэн маш их ном уншиж, номоор хүмүүждэг байсан.

Харин намайг төрөхөд радио байсан байх. Хэлд ороход ч хүртэл радио л байсан. Сүүлд 1993 онд "Халтар царайт" гэдэг кино гарахад л манайхан зурагт авч байсан. Тэр үед л анх телевиз гэдэг зүйлийг мэддэг болсон. Түүнээс өмнө бол радиогоор өгүүллэг, тууж, нийтлэл сонсож, радиогоор хүмүүжиж байлаа. Сонссон бүх өгүүллэг, тууж, шүлгээ тогтоочихдог байсан юм. Ялангуяа Ц.Нацагдоржийн "Дөрвөн цаг" шүлгийг радиогоор сонсоод цээжилж байлаа. Мөн аав маань бидэнд маш их зүйл зааж, сургадаг хүн байсан юм.

Аав маань нэгдэл, захиргааны үед "Кино механикч" урлаг соёлын хүн байсан юм. Хөрш сумдад очиж, кино гаргадаг. "Говийн зэрэглээ" кинон дээр кино механикч Шаарийбуу гэдэг хүн механикаар киногоо үзүүлдэг" миний аав тийм хүн байсан. Сайхан, цэвэр бичдэг хүн байлаа. Дүү бид хоёр тэрсхэн учраас сургууль соёлд сур, ингэж бич гээд л заадаг байлаа. Ерөнхийдөө хүүхэд байхдаа радиогоор хүмүүжиж, ааваараа хичээл номоо заалгаж, бичиг үсэг сурсныхаа дараа номтой нөхөрлөсөөр бага нас маань өнгөрсөн.

Манай аав радиогоо байнга сонсдог байлаа. Тухайн үед "Эх орон 52", "Эх орон 62" гэдэг том хэмжээтэй, шар өнгөтэй радио байдаг байсан юм. Түүндээ "Шагдарсүрэн" гэдэг нэр өгчихсөн. Д.Шагдарсүрэн гуай бол миний өмнө "Монголын мэдээ" радиод малчин түмэндээ цаг агаарын мэдээ хүргэдэг хүн байсан юм. Миний багш гэж хэлэхэд хэлсдэхгүй. Түүний хувьд эхлээд цаг уурч байсан бөгөөд радиогоор цаг агаарын мэдээ хүргэдэг болсон. Түүний дараа радиогийн сэтгүүлчээр ажилладаг болсон ийм хүн байгаа. Энэ хүнийг аав маань дотроо маш их хүндэлдэг байсан. Тиймдээ ч нөгөө "Шар радиодоо Шагдарсүрэн" гэдэг нэр өгсөн байх.

Гэтэл би долоодугаар ангид орох зун нөгөө шар радиог нь эвдчихсэн юм. Нэг өдөр өнөө шар радио нь маш сул дуугараад байхаар нь контурыг нь эргүүлээд чангалчихсан чинь нэг чанга дуугараад дахин хэзээ ч дугараагүй.

Түүнээс болоод аавдаа зэмлүүлж байлаа. Аав маань зодохгүй ч гэсэн "Чи радио эвдчихсэн байна. Би одоо сонсох юмгүй боллоо" гэж хэлсэн нь надад зэмлүүлж байгаа мэт сонсогдож байсан юм. Тэр үед би хоёр, гурван өдөр дуугүй байж байгаад аавдаа "Аав аа би радиогоо эвдсэн ч гэсэн дотроос нь дуугардаг хүн болно оо" гэж хэлж байсан юм. Түүнийг маань анзаарсан хүн байхгүй ч аав минь буцаад босоод ирвэл тэр үгийг маань батлах байх.

Намайг сурагч байхад сургуулийн маань Монгол хэл, уран зохиолын багш Адъяасүрэн гэдэг хүн байлаа. Багшийн маань бэлдсэн бүх хүүхэд одоогоор бол ЭЕШ дээр толгой цохиж, хүссэн сургуулиа авдаг байсан юм. Намайг төгсөхөд хүртэл долоон хүүхэд бэлдсэний хамгийн муу нь буюу долоо дахь сурагч нь би байсан. Нэг өдөр багш маань сурагчдаасаа ямар мэргэжилтэй болох гэж байна гэж асууж байсан юм. Тухайн үед хүүхдүүд өөр, өөрсдийнхөө мөрөөдлийг хэлж байсан ч би дуугараагүй.

Дахин ирээд миний ширээн дээр тогшоод Ө.Цогт-Эрдэнэ ээ чи ямар мэргэжилтэй болох вэ гээд асуухад нь "Багш аа би МАЛЧИН болно" гээд хариулж байлаа. Гэтэл багш маань "Хоёр ах чинь мал дээр гарсан. Чамайг сургууль, соёл сургаж байхад чи ингэж хэлж байдаг" гээд намайг загнасан юм. Тэгээд загнахаар нь "Багшаа би сургуульдаа сурч чадвал "Монголын радио"-д орж "Малчин" нэвтрүүлэг хийнэ. Үгүй бол мал дээр гарч малаа маллана" гэж байсан юм. Гэтэл багш маань дахиад л загнасан. Ангийн маань багш биш ч би багшаараа маш их бахархаж, хүндэлж, дурсаж явах дуртай байдаг юм.

Гэтэл "Малчин" нэвтрүүлгийг хийхийн тулд "Сэтгүүлч" гэдэг мэргэжилтэй болох ёстой юм байна гэдгийг бүүр сүүлд мэдэж байсан юм. "Хүрэл тулга" наадамд оролцож яваад "Утга зохиолын дээд сургууль"-ийн урилга авсан юм. Тухайн үед энэ сургуулийн урилга авсан хүүхэд ОХУ-ын Горькийн нэрэмжит сургуулийн урилга авсантай адил байсан юм. Ингээд конкурсаа өгтөл хуваариараа багшийн мэргэжил авах байсан ч би багш болохгүй гэж бодож байсан юм. Тиймээс Утга зохиолын сургуулийнхаа урилгаар суралцахаар болоод нэгдүгээр курсийн оюутан болохдоо Улаанбаатарт ирж, Радио, телевизийн өрөөнд анх орж ирж байлаа.

Гэтэл хар багаасаа бараа зүсийг нь хараагүй ч номыг нь уншаад мэддэг болчихсон байсан хүмүүстэйгээ уулзаад сүрдэж байлаа. Заримдаа дадлага хийж байхдаа өрөө рүү орж ирж чаддаггүй байлаа. Маш их хүндэлдэг байсан юм. Яг миний сууж байгаа өрөөнд Б.Цэдэндамба гуай, Д.Шагдарсүрэн, Л.Мөнхтөр, СГЗ Ц.Чимэддорж, Таван-Эрдэнэ нэвтрүүлгийг үндэслэгч М.Цагаан, СГЗ Т.Бямбадорж, СГЗ Ц.Бавуудорж, Өндөр Баяраа буюу П.Баярсайхан зэрэг бүх гавьяатууд энэ өрөөнд бүр миний сууж байсан ширээн дээр сууж байсан юм.

Сургуулиа төгсөөд радиод орохоос өмнө телевизийн нэвтрүүлгүүд хийж байсан ч сэтгэлд радио л тод буугаад энд л ормоор байна, ийм л нэвтрүүлэг хиймээр байна гэж бодож байлаа. Нөгөө л багын маань мөрөөдөл яваад байсан. Оюутан байхдаа олон сэтгүүлч, яруу найрагч ах, эгч нартай болсон байсан. Нэгнийдээ орж гарна, үр хүүхэд, дүү шиг нь болчихсон. Тэр үед номын ах нар маань намайг "Монголын радио"-д чи байх ёстой хүн. Энд ор гэж оруулж байлаа. Хэдий харь элгийн хүмүүс ч гэсэн надад тусалж, дэмжиж, өөрийн дүү, өөрийн хүүхэд шиг боддог байсан. Энэ бол маш том буян. Би хэзээ ч үүнийг нь мартдаггүй юм.

Түүнээс гадна оюутан байхдаа дотуур байранд амьдардаг байлаа. Гутал урагдана, хувцас урагдана өөрсдөө оёно, бөөстөж, хуурстана. Ариун цэврийн үзлэгээр бөөс гарвал хаалган дээрээ гахай зуруулна гээд л төрөл бүрийн юм үзсэн дээ. Гэхдээ миний хувьд маш цэвэрч, нямбай хүүхэд байсан ч олигтой онц сурдаг байгаагүй ээ. Юуг нь нуух вэ. Гэхдээ ном их уншдаг байсан болохоор Шагдарын Дулмаа гэдэг хүний номыг шимтэн уншдаг, бүр цээжилдэг байлаа. Тэр хүнийг амьд сэрүүн эсэхийг мэдэхгүй ч номыг нь уншаад "Миний багш гэж боддог, тэгж ярьдаг" өвчтэй хүүхэд байсан юм. Гэтэл их сургуульд ороод ирсэн чинь нөгөө Ш.Дулмаа гэдэг хүн чинь манай уран зохиолын багш болж таарсан. Тэгээд нэгдүгээр курсийн оюутнууд жагсаад явж байхад нь би жагсаалаа гарч багшийнхаа өмнөөс бүлтийтлээ харчхаад буцаад жагсаалдаа орж байсан. Одоо ч тод санадаг. Ер нь л их сонин хүүхэд байсан юм билээ. Тэгээд их сургуулиа төгсөхдөө Ш.Дулмаа багшаасаа ромбо, дипломоо авахаар болоход хагартлаа баярлаад их сургууль төгсөхдөө тэгж баярлаж байгаа бус харин багшаасаа дипломоо авч, энгэрээ цоолуулсандаа маш их баярладаг. Энэ л миний хамгийн том шагнал байсан юм.

Яг бие даагаад нэвтрүүлэг хийж эхлэхэд нусаа хацартаа наасан. Гэхдээ энд ирээд хоёр жилийн дараа гэхэд редактор хийсэн байдаг юм. Ерөнхийдөө яагаад радиогийн сэтгүүлч болох болсон бэ гэдэг маань энэ л дурсамжаар илэрхийлэгдэнэ.

-Таны цаг агаарын тойм хөтөлж байгаа бичлэг цахим орчинд тархлаа. Тэр тоймыг үзэхэд маш их анхаарал татлаа бас их биширлээ. Бүр хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг ч үзлээ. Цаг агаарын мэдээг ингэж тайлбарлавал чихэнд сонсголонтой, ойлгомжтой байна гэдэг зүйлийг бичсэн байна лээ. Яг л цаг агаарын мэдээ үзэж байгаа юм шиг эсхүл газарзүйн хичээл судлаад байгаа ч юм шиг өөр мэдрэмж төрсөн л дөө. Ер нь таны хувьд газарзүйн тогтоц, байршлыг хэрхэн ингэж тогтоодог юм бэ. Яаж цаг агаарын мэдээгээ ингэж тайлбарладаг юм бэ?

-Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо эгч бид хоёр нэг нэвтрүүлэг хамт хөтөлсөн юм. Тэгтэл баяр хүргэе гэхээр нь яагаад баяр хүргэснийг нь асуутал яаж ингэж газар ус сайн мэддэг юм бэ гэж гайхаж байлаа. Учир нь шууд нэвтрүүлэгт Монгол орны өнцөг булан бүрээс холбогдсон хүн болгоныг нь аль нутгийн, ямар газрын хүн бэ гэдгийг нь мэдээд байсан юм. Гэтэл эгч маань гайхсан юм билээ. Тэгээд "Би цээжлээгүй ээ. Хамгийн гол нь би нутгаар нь явж үзсэн хүн" гэж байсан юм.

Би газарзүйн хичээл дээр тийм ч онц сурдаг хүүхэд байгаагүй. Харин 2012 онд би томилолтоор 45,000 км явж байсан юм. Гэтэл нэгдлийн үед баазын жолоочид жилд 30,000 км яваад шууд "Хөдөлмөрийн баатар"-ын болзол хангадаг байсан юм байна. Тухайн үед нөүтбүүк гарчихсан байсан. Хөдөөгүүр томилолтоор явахдаа нөүтбүүкээ нэг модемтой авч яваад машин дотор орж сууж байгаад хөтлөлтөө хийгээд, яриагаа монтажлаад найруулагч руугаа явуулдаг байлаа. Бүр нэг удаагийн томилолтоороо 12 аймгийн 100 гаруй сумаар явж байсан ч удаа бий. Тэгээд хацраа хөлдөөж байсан түүх ч бий. Энэ хөлдсөнийг яагаад ярьж байгаа вэ гэвэл, би ингэж л явж байсан. Тэр үед надад хөдөө орон нутгаар явж л байвал сайхан байдаг байлаа. Гэхдээ ингэж явахдаа би машинд ороод л унтаад өгдөггүй байсан юм.

Нутаг бүрийн онцлог, салхины цохилго гэж юу байдаг, Тарвагатайн нуруу гэж ямар нуруу юм, яагаад Тосонцэнгэл ийм хүйтэн байдаг юм. Яагаад Алтайн салбар уулс гэж нэрлэдэг юм. Цаг агаарын онцлог нь яагаад ийм байдаг юм гэдгийг нүдээрээ үзэж, ойлгож, очсон газар бүрийнхээ онцлогийг мэдэрч явсан. Түүнээс биш газрын зураг хараад тэр сум энд байдаг юм байна гэж огт үзэж байгаагүй. Монгол орны бүх аймаг бүх сумдыг нэрлэж чадна. Гэхдээ би онгирч байгаа юм биш. Үнэн л энэ.

Яагаад гэвэл би бараг бүх нутгаар явж үзсэн, аль аймгийн аль сумд юу байдаг вэ гэдгийг тоймлож мэднэ. Энэ нь цаг агаарын мэдээ үзэж байгаа, радиогоор сонсож байгаа малчдад ойлгуулах гэж ядаж байгаагийн шинж юм.

Сүүлийн үед манай цаг уурчид цаг агаарын мэдээгээ сайн хийж байгаа. Техник технологи нь ч сайжирч байгаа. Гэхдээ цаг уурчид өөрсдөө цаг уурын мэдээ мэдээлэхдээ над шиг явж үзэж байгаагүй. Энэ нь тэдний буруу биш л дээ. Баруун аймгуудын нутаг, нутгийн зүүн, баруун хэсэг гэх мэтээр тайлбарладаг. Харин миний хувьд нутаг нутгийн нэрлэж заншсан газрын нэрээр нь нэрлээд салхины хурд, хур тунадас ямар байгааг хэлэхээр малчид, тэр нутгийнхан илүү сайн ойлгодог. Заримдаа цаг агаарын мэдээ тайлбарлахдаа жаахан эмээдэг. Гэхдээ цагт 40 м/сек хурдтай салхи, шуургатай байна шүү гэдгийг хэлэх үүрэгтэй. Үүнийг нутгийнхан л хамгийн их ойлгодог байхгүй юу. Учир нь би тухайн нутагт очиж үзсэн, нөхцөл байдал ямар байдаг, онцлогууд нь ямар байдаг вэ гэдгийг очоод харчихсан учраас би түүнийг хэлж чадна.

2019 билүү 2020 онд Дундговь аймагт аюултай хар шуурга болсон юм. Тэр шуурганаас сэрэмжлүүлэхээр улс онцгой байдал зарлаагүй байхад би радиогоор сүржигнэсэн хэрэгт орж байсан юм. Учир нь "Олдохын талаас Дундговь аймаг, Дорноговь, Сүхбаатар аймаг руу салхины хурд 30 м/сек хүрэхээр байна гээд хэлж байсан юм. Гэтэл 30 м/секундээс давсан. Төлөг, мал хүртэл хийссэн аймшигтай шуурга болсон юм. Бүр гуравдугаар сарын 14-ний шуурга гэж бичигдэж үлдсэн байдаг. Олон хүний амь авсан, олон мал ч хоргодсон байдаг юм.

Мөн Архангай аймагт орох цасыг гэртэй чацуу хэмжээнд орно гэж хэлээд бас л зэмлүүлж байлаа. Гэтэл үнэндээ цас маш их хэмжээгээр бүр машин харагдахааргүй хэмжээний цас орж байлаа. Энэ бүгд урьдчилсан байдлаар харагддаг. Бас нутаг, нутгийн онцлог ямар байгааг ажигласны мөн газар бүрээр явж үзсэний үр дүнд ямар хэмжээний цас ордог, агаар салхины цохилго ямар байдаг гэдгийг биеэрээ мэдэрсэн, очиж үзсэн учраас тэр бүгдийг мэддэг, таамагладаг болчихдог юм.

Ер нь хөдөө, орон нутгаар их явсан даа. Гэхдээ хамгийн цөөхөн явсан нутаг бол Сэлэнгэ аймаг. Учир нь газар тариалангийн бүс нутаг учир манай "Ургацын далай" нэвтрүүлгийнхэн явчихдаг юм. Миний хувьд ОБЕГ-тай хамтраад хэцүү цагт ихэвчлэн орон нутгаар явдаг. Зуны дэлгэр цагт тэр бүр яваад байдаггүй юм.

Надад цаг уурч гэдэг мэргэжил байхгүй. Хүмүүс намайг цаг уурч гэж боддог. Би цаг уурыг ойлгуулахын тулд цаг уур дээр очиж мэдээлэл авдаг, мэдээлэл солилцдог.

-Таны хувьд сэтгүүлчийн мэргэжлийн хамгийн бахархууштай, хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Хүн олонтой явах шиг сайхан зүйл байдаггүй юм. Миний найзуудын ихэнх нь малчид байдаг. Би хөдөө, орон нутгаар явахдаа огт сумын тамгын газар, засаг даргынд очдоггүй. Засаг дарга, тамгын газрын дарга гэх мэт хүмүүстэй уулздаггүй юм.

Шударга хэлэхэд сэтгүүлч гэдэг мэргэжлийн нэр хүнд уначхаад байгаа юм. Маш олон сайт шинээр нээгдсэн. Төрөл бүрийн мэдээ гаргадаг. Би бүр зарим сэтгүүлчдийг нь сэтгүүлч биш байх гэж боддог. Учир нь хөдөө явж байхад зарим хүмүүс танай муухай шантаачид гэж ярьдаг. Гэтэл би нэг ч удаа шантааж хийж, нэг даргын урдаас очоод асуулт тулгаж үзэж байгаагүй. Хэдий дарга нараас очоод асуудал хөндөөд мэдээ бэлтгэх нь сайн хэдий ч ёс зүйгээ сайн бодох хэрэгтэй. Ямар ч ёс зүйгүй авирлаад хурал дээр нь гүйж очоод, аманд нь микрофон тулгаад л байх нь мэндтэй устай байх Монгол хүний занг үгүй хийж байгаа юм. Энэ бол миний өнцөг. Би хувьдаа огт тэгж үзээгүй, тэгэх ч үгүй.

Гэхдээ зоригтой асуултыг хэрэгтэй үед нь асуудаг. Зоригтой шийдвэр гаргаж байсан үе бий. Миний ажил мэргэжлийн тэр дундаа сэтгүүлч хүний хувьд миний хамгийн их сайхан зүйл бол дандаа баяр бахдалтай ажил хийдэг маань юм. Тэр дундаа малчид маань эргүүлж залгаад сайхан нэвтрүүлэг болжээ, хадгалж авмаар байна гэдэг зарим нь бүр харийн нутгаас залгаас миний нутгийн талаар сайхан ярилаа, нутагтаа очсон мэт боллоо гэдэг зүйлийг хэлдэг. Энэ бол хамгийн том шагнал.

Мянга оны шилдэг сэтгүүлч болж байгаа ч энэ нь мундаг том шагнал мэт санагддаггүй юм.

-Таныг "За гэвэл ёогүй" гэдэг хүн байна гэж харж байна. Маш шударга хүн шиг санагдлаа. Ер нь энэ амьдралдаа ямар зарчмыг ямагт мөрддөг вэ?

-Би 2010 оноос хойш цаг агаарын мэдээг дүрстэйгээр тайлбарлаж эхэлсэн. Гэтэл фэйсбүүк дээр нэг хөтлөлтийг оруулахад л хүмүүс их үзээд, цаг заваа гаргаад сонсоод олон сэтгэгдэл бичээд байгаа юм. Нэг хэсэг гурав дахь өдөр бүр 15.00 цагаас шууд явж байсан юм. Гэхдээ фэйсбүүк дээр тавьдаггүй байсан л даа.

Хүмүүс намайг хэлдэг юм хөдөөнийхөөрөө гэдэг. Үгүй шүү дээ. Өнөө цагт Монгол хүн Монгол хүндээ Монгол хэлээ орчуулдаг цаг болчихсон байна. 20 жилийн дараа гэхэд цэвэр монголоор ярихад ойлгох хүн ховор болно. Энэ бол эмгэнэл. Миний ойр дотнынхон, нутгийнхан, найз нөхөд, зохиолчид бүгд л цэвэр монголоор ярьдаг.

Гэтэл намайг "Чи цэвэр Монголоор ярих гэж их хичээж байгаад баярлалаа" гэсэн байна лээ. Үгүй шүү дээ. Би огт тэгж хичээдэггүй, үг бэлддэггүй. Мэдээ хөтлөхөөр орохдоо яарч байсан ч хамаагүй зургаа хараад ойлгох хэмжээнд хүрчихсэн учраас мэдээллээ хүргэдэг. Магадгүй энэ нь миний өсөж торнисон нутгаас, хүмүүжлээс их хамааралтай байх.

Миний хувьд юманд ултай, суурьтай хандах юмсан, бодитой байх юмсан гэдэг зүйлийг баримталдаг. Бас хүнийг гомдоох дургүй. Магадгүй гомдоосон л байх, гомдоож ч байж мэдэх юм. Гэхдээ дургүй. Өнөө цагийн хүмүүсийн зан төлөв их өөр болж байна.

Бүтэхгүй зүйлийг бүтээгээд өг гэж гуйчхаад дараа нь гомдоод байна. Дараа нь тэр ёстой муу хүн гэж ярьдаг. Ийм тохиолдол ч гардаг.

-Ярилцсанд баярлалаа.

Дээд шүүх: Д.Ганбатыг дараах үндэслэлүүдээр намын даргаар бүртгэхээс татгалзав
Дээд шүүх: Д.Ганбатыг дараах үндэслэлүүдээр намын даргаар бүртгэхээс татгалзав
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.