Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн иргэн Н нэгдүгээр сарын 21-ний өдрийн 16:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон ба түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй юм.
Энэ тухай дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 23-ны өдрийн 11:01 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, Даланжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Н /47 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ -ийг 11:37 цагаас 18:41 цаг хүртэл тус багийн Олон-Овоо, Зөрлөг, Улаан хоршоот, Элдэв-ийн нүүрсний уурхай гэдэг газруудаар 15 км-ын тойрогт, 169 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Мөн өчигдөр /2023.01.24/ өдөр Эрчим багийн Хавтгай, Хөшигтийн-Овоо гэдэг газаруудад 15 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:50 цагт түр зогсоосон ба одоогоор эрэн хайх ажиллагааг эхлүүлж байгаа аж.