31 дэх удаагийн ой тогтоолтын ДАШТ-д Т.Тэнүүн алтан медаль хүртжээ. Тэмцээн онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд тэрбээр, "Хурдны тоо" төрөлд 5 минутад 624 цифр цээжилж алдаагүй санаснаар дэлхийн рекордын эзэн болж Гиннесийн номд бичигдэхээр болсон байна.
Мөн энэ төрлийн дэлхийн рекордыг өмнө нь БНХАУ-ын тамирчин 616 цифрээр эзэмшиж байсныг Т.Тэнүүн 3 жилийн дараа ийнхүү шинэчлэсэн юм. 31 жилийн хугацаанд 5 минутад 600 цифрээс дээш цээжилсэн ердөө гурван тамирчин байдаг бөгөөд манай тамирчин тэдний эгнээнд нэгдснээр барахгүй дэлхийн чансаанд нэгдүгээр байрт бичигдэж эхэллээ. Энэ удаагийн ой тогтоолтын ДАШТ-д Монголын баг 20 алт, 15 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж 19.018 оноогоор Монгол Улсын шигшээ баг үнэмлэхүй ялалт байгуулжээ.
Түүний хувьд сүүлийн жилүүдэд оролцсон бүх тэмцээндээ түрүүлж дэлхийн олон рекордыг тогтоож, Монгол Улсынхаа аваргаар 3 удаа дараалан тодорсон юм.