Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Тэнүүн: Ой тогтоолтын спорт бол СЭТГЭЛ ЗҮЙ, УР УХААН, ТАРХИНЫ ГАЙХАМШИГ гэсэн гурван зүйлийн нийлэмж

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
9 минут 2 секунд

Монгол хүний оюуны ур чадварыг дэлхий дахин хэдийнээ хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй маргах хүн нэг ч үгүй. Хамгийн сүүлд л гэхэд Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, Олон улсын их мастер Т.Тэнүүн "31 дэх удаагийн ой тогтоолтын Дэлхийн аварга болж, "Хурдны тоо" төрөлд шинэ рекорд эвдэн Гиннесийн номд бичигдэх" бахдам амжилт хүртсэн юм.

Тэгвэл шинэхэн дэлхийн аварга Т.Тэнүүнийг "Ubn Storу" булангийнхаа шинэхэн зочноор урьж, оюун ухааны спортын онцлог хийгээд яагаад энэ спортод хөл тавьсан талаарх сонирхолтой яриаг өрнүүллээ.

-Юуны өмнө 400 гаруй тамирчныг манлайлан 2022 оны Ой тогтоолтын Дэлхийн аварга болсонд нь баяр хүргэе. Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Т.Тэнүүн гэдэг. 19 настай. Ой тогтоолтын Олон улсын их мастер цолтой, 2020, 2021 оны Улсын аварга. Мөн 2022 оны дэлхийн аварга болсон.

Одоогоор ШУТИС-ийн "Мэдээлэл холбоо технологийн сургууль"-ийн хоёрдугаар курсийн оюутан.

-ДАШТ онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан гэсэн шүү дээ. Хэдэн сарын хэдэнд тэмцээн болж өндөрлөсөн бэ?

-Өнгөрөгч 2022 оны арванхоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан. Энэ тэмцээнд 23 орны нийт 403 тамирчин оролцсон. Энэ тэмцээнд оролцоод дэлхийн аварга болсноос гадна найман алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль авсан амжилттай байгаа.

-Дэлхийн аварга болсноос гадна шинэ дээд амжилт тогтоон Гиннесийн номд бичигдэхээр болсон гэсэн шүү дээ. Яг ямар төрөл дээр гиннесийн амжилт эвдэв. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-"Хурдны тоо" төрөлд 5 минутад 624 цифр цээжилж алдаагүй санаснаар дэлхийн рекордын эзэн болж “Гиннесийн ном”- нд бичигдэхээр болсон. Ой тогтоолтын ДАШТ дээр эвдэгдсэн рекордууд автоматаар Гиннессийн номонд бичигдэх эрхтэй байдаг. Энэ рекордынхоо үзүүлэлтийг сонсоод маш их баярлаж хүлээж авсан.

Өмнө нь энэ рекордыг БНХАУ-ын тамирчин 14 настай охин эзэмшдэг байсан. Харин миний хувьд гурван жилийн дараа уг рекордыг эвдсэн байгаа.

-Яг энэ төрөл дээр 600 гаруй цифрийг алдалгүй тогтоосон гуравхан хүн байдаг гэсэн үнэн үү?

-Үнэн. Ой тогтоолтын 31 жилийн түүхэнд 5 минутын хугацаанд 600-аас дээш цифр цээжилсэн хоёрхон хүн байдаг байсан. БНХАУ болон Италийн тамирчин байдаг байсан. Харин миний бие мөн энэ рекордыг эвдэж, шинэ рекордын эзэн болсон.

-Хэзээнээс оюун ухааны спортоор хичээллэж эхлэв. Ер нь яагаад энэ спортод эргэлт буцалтгүйгээр орох болсон бэ. Цаашид үргэлжлүүлэн хичээллэх шалтгаан нь юу байв?

-2018 оноос эхлээд ой тогтоолтын спортоор хичээллэж эхэлсэн. Анх сонирхлоороо хичээллэж үзэж байсан. Гэхдээ тэр бүрд амжилт гаргах юм шиг санагдаж, улам илүү хичээж эхэлсэн.

Тэмцээн уралдаанд орох, бэлтгэл хийх болгондоо урам зориг авч, өөрийгөө чадах юм байна гэдгээ ойлгодог болсон. Мөн өөртөө итгөлтэй болж илүү дайчилж, би юуг илүү хийж чадах вэ, миний дээд зэргийн потенциал яг ямар түвшинд байгаа вэ гэдгээ мэдэхийг хүсэж байсан хүсэл маань намайг улам илүү хурцалж, цаашид ч хичээллэх шалтгаан болдог.

Мөн бэлтгэл хийх тусам тархи илүү хөгждөг юм шиг санагддаг. Аливаа зүйлийг цэгцтэй харах чадвартай болдог. Биднийг хүрээлж буй бүхий л зүйл дата мэдээлэлд суурилсан байдаг шүү дээ. Тэр бүх мэдээллийг авч байж амжилтад хүрч чадна.

-Бэлтгэл маш чухал байдаг гэж бодож байна. Өдөр бүр бэлтгэл сургуулилтаа хийдэг байх. Ямар арга барилаар бэлтгэлээ хийдэг вэ?

-Тэмцээн бол 10 төрөлтэй. Тамирчид 10 төрлөөр өрсөлддөг гэсэн үг. Тиймээс эдгээр бүх төрлөөрөө дагнан гэртээ болон академи дээрээ очоод бэлтгэлээ хийдэг. Мэдээж бэлтгэл хийх арга техник бий. Гэхдээ хүн алдаанаасаа илүү суралцдаг гэдэг шиг бэлтгэл дээрээ алдсан алдаа, алдсан цифр бүр дээрээ анхаарч, илүү тунгаан ажилладаг.

Мөн миний сэтгэлзүй ямар байсан бэ, яаж тогтоосон бол алдахгүй байсан бэ, дараагийн бэлтгэл дээр юуг анхаарах вэ гэх зэргээр өөрийгөө удирдаж, өөрөө өөртөө багшилж бэлтгэлээ хийдэг.

-Оюун ухааны спортоор хичээллэж эхлээгүй Т.Тэнүүнтэй ярилцъя гэж бодъё. Яг ямар хүүхэд байв?

-Даруухан, үг дуу цөөтэй охин байсан. Хичээлдээ дунд зэргийн сурагч байсан бол энэхүү спортоор хичээллэж эхэлснээс хойш хичээлдээ илүү сайжирсан.

-Энэ спортоор хичээллэхийн давуу тал нь юу вэ?

-Дан ганц хичээл ном гэлтгүй амьдрал дээрх бүхий л зан төлвийг суулгаж чаддаг. Энэ спортоор хичээллэхийн хэрээр илүү их нухацтай, тунгаан бодох эргэцүүлэх чадвар нэмэгддэг. Мөнхүнтэй харилцах харилцаа, хандлага хийгээд IQ, EQ ч илүү хөгждөг гэж би боддог. Үүгээрээ илүү онцлогтой юм болов уу.

Ямар ч дата мэдээллийг ойлгож хүлээж авах чадвар нэмэгддэг.

-Аливаа зүйлийг тогтоохдоо зүй тогтлыг нь илүү анхаардаг уу эсвэл автоматаар тогтоодог уу. Спортын төрлүүд өөрийн гэсэн техник, арга барилтай байдаг шүү дээ?

-Автоматаар огт тогтоодоггүй. Өөрийн гэсэн тусгай арга барил бий. Тууштай байх, анхаарлаа төвлөрүүлэх, хариуцлагатай байх, хийсэн ажлаа дуусгах гэх мэт маш олон чадвар энэхүү спорттой уялдаатай байдаг. Тиймдээ ч миний амьдралдаа мөрдөж, хэвшүүлж буй чадваруудын нэгээхэн хэсэг нь болсон явж байна. Ой тогтоолтоор хичээллэсэндээ маш их баяртай байдаг.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Ирээдүйд технологийн салбарт мундаг IT инженер болохоор өөрийгөө сорьж, суралцаж байгаа. Ой тогтоолтоор олж авсан бүхий л чадвараа ашиглан шинэлэг бүтээлч санаа гаргахын тулд илүү хичээнэ.

Мөн завтай үедээ тэмцээн, уралдаандаа оролцоно. Дэлхийн аварга болчихоод ханаж болохгүй. Энэ бол миний хийх дуртай зүйл. Тийм ч учир хамгийн дээд цолыг хүртсэн ч гэсэн хийх дуртай л бол цааш нь үргэлжлүүлж, олон амжилт гаргах нь зөв гэж бодож байгаа.

-Өөр ямар, ямар хоббитой вэ. Ямар ямар хэлээр ярьдаг юм бол?

-Шинжлэх ухааны ном унших мөн KPOP хөгжим сонсох дуртай. Англи болон Спани хэлтэй. Энэ хоёр хэлээр чөлөөтэй ярьж чадна.

-Ой тогтоолтын спортыг гурван үгээр илэрхийлбэл?

-Сэтгэл зүй, ур ухаан, тархины гайхамшиг гэсэн гурван үгээр илэрхийлнэ. Энэ гурван үгний нийлэмж.

Учир нь ой тогтоолтын тамирчид сэтгэлзүйгээ маш сайн бэлдэх хэрэгтэй. Тэмцээн, уралдаан гэх үгээр өөрийгөө айлгаад маш удаан бэлдсэн бэлтгэл, хөдөлмөрөө үнэгүйдүүлэх тохиолдол ч гардаг. Тийм учраас миний хувьд сэтгэлзүйгээ сайтар бэлддэг. Анхаарлаа маш сайн төвлөрүүлдэг.

-Магадгүй хүүхдүүдээ ой тогтоолтын спортоор хичээллүүлэх гэж байгаа эцэг, эхчүүд, хүүхдүүдэд хандаж зөвлөгөө өгөөч?

-Ой тогтоолтын спорт нь маш олон амьдралын чадварыг сургаж өгдөг. Түүнээс гадна суралцахад суралцуулдаг гайхалтай спорт. Ой тогтоолтоор хичээллэж үзэхийг мөн өөрийнхөө тархийг сорьж үзэхийг хүсвэл суралцаад үзээрэй гэж хэлмээр байна.

-Ярилцсан баярлалаа.

Р.Содхүү: Би Анод, Зоос банк хоёрыг хувьцаат компани болгож чадсан болохоос банк дампууруулж үзээгүй
Р.Содхүү: Би Анод, Зоос банк хоёрыг хувьцаат компани болгож чадсан болохоос банк дампууруулж үзээгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.