
Ардчилсан намын “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн нь улс орон даяар амжилттай үргэлжилж байна.
Ардчилсан намын “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ Өвөрхангай аймагт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга П.Батчимэг, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат, О.Алтангэрэл, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, Б.Түвшин болон бусад төлөөлөл оролцов.
Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга П.Батчимэг үндэсний хөдөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсад тулгамдаж буй улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлыг хөндөн, төрийн тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэл шаардлагатай байгааг онцоллоо.

Тэрбээр “Монголын төрийн ордонд зуд болж байна. Төрийг хямралаас гаргана гэж уриалж байсан МАН төрийг хямруулж, ядуурлын туйл руу түлхчихлээ. Монголын баялгийг хулгайлдаг гэмт хэргийн бүлэглэл МАН-д бий болоод уджээ. Энэ бол Монголын төрд нүүрлэсэн зудын үр дагавар юм. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ. Өөрчлөлтийг хэрхэн авчрах вэ. Үүнд нэг л зүйл хэлье. Ардчилсан намынхан авлигаас ангид. Энэ бол ардчиллын манлайлал юм” хэмээн онцоллоо.
Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ардчилал, чөлөөт зах зээлийг тунхагласан Үндсэн хуульт Монгол Улсын ардчиллын машин 36 жилийн дараа авлигын зэвэнд идэгдэж, урагшлах ямар ч боломжгүй болжээ. Уриа лоозон дэвшүүлэх төдий бус, ардчиллын үнэт зүйл, ардчиллын үзэл санааг бодит амьдрал дээр амилуулах цаг болсон байна.
Иргэд биднээс өөрчлөлтийг ус, агаар мэт шаардаж байна. Тиймээс Ардчилсан нам иргэдийнхээ дуу хоолойг сонсохын тулд “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байна. Өнөөдрийн байдлаар AN.mn сайтад 18 мянган санал ирсэн бол шинээр 17 мянган гишүүн элссэн байна. Энэ нь иргэд өөрчлөлтийг хүсэж, өөрчлөлтөд оролцох сонирхол, эрмэлзэлтэй байгааг харуулж байна. Иргэдээс ирсэн шийдэл бүрийг нэгтгэн “10/100” хөтөлбөр болгон боловсруулж, цаашдаа Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдийн суурь болгоно. Өөрчлөлтийг ярьдаг биш, өөрчлөлтийг бүтээдэг Монголыг хамтдаа бий болгох цаг ирсэн” гэв.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Өвөрхангай аймгийн Ардчилсан намын удирдлагуудад хандан 2028 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцохын төлөө бэлтгэл ажлыг эртнээс хангаж, иргэдтэйгээ ойр ажиллахыг уриаллаа. Тэрбээр иргэдийн бодит хэрэгцээ, орон нутгийн тулгамдсан асуудлыг сайтар ойлгож, түүнд үндэслэн нэр дэвшигчдээ тодруулах нь чухал болохыг онцолсон юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Бид бүхэн 2027, 2028 оны сонгуульд ялж байж МАН-ын алдаа дутагдлыг засна” хэмээн тодотголоо.
Харин УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Ардчилсан нам иргэдийн итгэлийг бодит ажил, үр дүнгээр хариулах ёстойг онцолж, шударга ёс, хариуцлага, хууль дээдлэх зарчмыг төрийн үйл ажиллагаанд тууштай хэрэгжүүлэх шаардлагатай гэв.
УИХ-ын гишүүн Г.Хосбаяр “Намынхаа ялалтын төлөө, орон нутгийн хөгжлийн төлөө зүтгэнэ” гэдгээ илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2028 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгийн Ардчилсан нам 19 сумандаа амжилттай оролцохын төлөө өнөөдрөөс эхлэн намын гишүүд, дэмжигчид нэг зорилгын дор нэгдэж, идэвх санаачилгатай, хариуцлагатай ажиллахыг уриаллаа.



Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!