Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2023.01.20/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор "Сонгоулд" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, эл компани нь Эрээний алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах төслийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банктай 2017 онд 699.6 сая иений гэрээний дүн бүхий зээлийн гэрээг байгуулсан байдаг. Ингэхдээ Хөгжлийн банкнаас 6 удаагийн гүйлгээгээр 15 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байдаг.
Шинжээчийн танилцуулснаар, "Сонгоулд" ХХК нь 3.3 тэрбум төгрөгийг зээл болон зээлийн хүүгийн төлбөрт шилжүүлсэн нь зориулалтын бус бөгөөд үлдсэн 10.9 тэрбум төгрөгийг бэлнээр гаргаж авсан байна. Түүнчлэн "Сонгоулд" ХХК нь 2002 оноос хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2009 онд үйл ажиллагаа нь зогссон байжээ. Гэвч 2017 оны ЗГ-ын 20 дугаар тогтоолоор батлагдсан "Алт 2" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Шинжээчийн эл дүгнэлттэй компанийн удирдлагууд санал нийлэхгүй гэх байр суурийг сонсголын үеэр илэрхийлсэн юм.