Хөгжлийн банкны сонсголын эхний өдрийн хэлэлцэх асуудал өндөрлөлөө. Сонсгол маргааш өглөөний 09:00 цагт үргэлжлэхээр болж байна.
Сануулахад, Гурав дахь удаагийн нээлттэй сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэх бөгөөд үндсэн хоёр асуудлын хүрээнд болохоор төлөвлөгсөн юм.
Эхний удаад арилжааны банкаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн сонсголд:
• Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 151 төсөл,
• Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын 168 төсөл,
• Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох 57 төсөл,
• Экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл,
• Жижиг дунд үйлдвэрлэлийн 70 тэрбум төгрөгийн дамжуулан зээл олгосон 406 төсөл,
• Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгох хөнгөлөлттэй 11 төсөл,
• Үйлдвэрлэлийн чиглэлийн экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх 18 төсөл,
• “Асем вилла” цогцолбор хотхон, Ази Европын дээд түвшний 11-р уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлын дамжуулан зээлдэх 15 төсөл,
• Мах боловсруулах үйлдвэрлэлийн 1 төслийг хэлэлцэж дууслаа.
Маргаашийн сонсголоор:
• Мах хөтөлбөрийн хүрээнд 10 төсөл,
• Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны 93 төсөл,
• Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд олгосон 18 төсөл,
• Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай 2019 онд олгосон 14 төсөл,
• Ноолуурын салбарыг дэмжих хөнгөлөлттэй нөхцөлтэй “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 2020 онд олгосон 47 төсөл,
• Газар тариалангийн хөтөлбөрийн хүрээнд Ковидын үеийн хөнгөлөлттэй нөхцөлтэй 833 төсөл,
• Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх хүрээнд 2020 онд олгосон 5 төслийн нотлох баримтуудыг шинжлэн судлах юм.