Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чонын хоол“ болох шахсан БИДНИЙ ЭРХ...

Ангилал
Улс төр Гол дүр
Огноо
Унших
4 минут 40 секунд
UBN.MN

Чоно нь борооноор ирчихэв үү, бороо нь чоно ирэхтэй давхацчихсан бүү мэд. Ямар ч байсан биднийг Хөгжлийн банкны Хянан шалгах түр хорооны сунайсан урт сонсгол, Ардчилсан намын даргын сонгууль гээд өөд уруугүй улстөржиж байхад нэг “чоно” шиг заалт босго давах шахлаа.

Хэрэлдэж маргаад байгаа юм маань маш ойлгомжтой хоёр хэсэгт хуваагдана.

Нэгдүгээрт, Н.Учрал сайдын өргөн барьсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн төсөл” бараг хэлэлцэгдэж эхлээд 24 цагийн дотор батлагдах шахлаа. Хүний үндсэн суурь эрхийг хязгаарлах харилцааг зохицуулах хуулийг Монголд байтугай дэлхий түүхэнд ийм дутуу хазгай, борвиндоо баастай баталж байгаагүй биз. Хууль батлагдахын хувьд гэрлийн хурд ч багадах шахлаа. Өөрөөр хэлбэл, маш ухвар мөчид хуулийн төсөл байлаа.

Хоёрдугаарт, тэмээг сайхан амьдруулах гээд ямааг боомилсон зүйл заалтууд олноор багтав. Тэмээ бол тэнгэрийн амьтад, ямаа бол газрын амьтан. Үүнд, тус хуулийн 6.1.1-д Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэг, үндэсний өв соёл, зан заншил болон түүх, соёлын үнэт зүйлийг гутаан доромжилсон зураг, дуу, хөдөлгөөнт дүрс байвал зөрчилтэй контентод тооцно, 6.1.3-т заналхийлэх, гүтгэх илт худал мэдээлэл түгээх гэдэг заалт. 6.3-д Нийтийн албан тушаалтан хувь хүний мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтэлж, түгээхийг хориглоно гэж байсан.

Эдгээр заалтаар нэгдүгээрт үг хэлэх, үзэл бодлоо цахим сүлжээнд чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрхийг, бас харилцааг хязгаарлав. Өв соёл, төрийн бэлгэ тэмдэг, зан заншил, түүх соёлын үнэт зүйл гэж заасан том шуудайнд чинь бараг дарга нарын дургүйг хүргэсэн бүх зүйлийг багтааж болно. Тийм контентыг цахим орчноос арчих ёстой болох нь.

6.1.3-т орсон заалт нь угаасаа Эрүүгийн болон зөрчлийн хуулиараа зохицуулагдаад явж буй зохицуулалтыг сошиал руу чирч оруулж ирэв. Энэ заалтыг оруулснаараа улстөрчдийг цахим орчинд бие сэтгэл амар байлгах гэсэн үйлдэл л гэж хардахаас өөр ямар ч гарцгүй.

Хамгийн ноцтой нь 6.3. Энэ заалтаар бол нийтийн албанд ажиллаж байгаа албан тушаалтны мэдээллийг нийтэд тавьж болохгүй нөхцөл байдал үүсэв. Хэрвээ энэ хууль батлагдсан бол Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийнх нь яриад байгаа шүгэл үлээлт бол жинхэнэ “утаа” болно.

Ардын намынхан 2020 оноос хойш хуулийн элдэв хэсэгт зүйл заалт нэмж, хасах замаар иргэдийн эрхийг нэг нэгээр нь хязгаарлах бодлого баримталж байна. Нэг хэсэг Х.Нямбаатар сайд энэ аргыг сурамгай ашиглаж байгаад эцэст нь шүүмжлүүлээд больчихоод байгаа. Сая сошиалд “ам барих” ажлыг өөрөөсөө түлхээд Н.Учралаар хийлгэх гээд бүтэлгүйтэж буй нь энэ. Шүүмжлүүлсэндээ ч юм уу, бантсандаа ч юм уу энэ гурван заалтаа хасаж байгаагаа Харилцаа холбоо, цахим хөгжлийн яамны удирдлага дэд сайд Ж.Эрхэмбаатар түрүүхэн мэдэгдлээ. Монголын байтугай дэлхийн ирээдүйг тодорхойлох цахим сүлжээний харилцааг ийм бүдүүлгээр, хүний эрхийг зөрчиж, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь хумих зүйл заалттай хууль оруулж ирсэнд үнэхээр харамсаж байна. Ялангуяа тэр ажлыг нь нэн шинэ үеийн, ардчилсан нийгмийн “бүтээл” Н.Учрал сайд хийсэнд үнэндээ хэлэх муу үг ч алга. Хүний эрх ярьсан залуу үеийн хуульчдын төлөөллөөс улстөрч болсон Ж.Эрхэмбаатар дэд сайд ч ажлын гараагаа муухай заваан юмаар эхлүүллээ.

Уг нь олигтойхон ардчиллаа хамгаалдаг, хариуцлагын тогтолцоо хөгжсөн улс оронд бол энэ хоёр хүнтэй хариуцлагын асуудлыг хурцаар ярьж, хуулийн зүйл заалтыг нь биш өөрсдийг нь “хасах” байлаа.

Г.Лхагвадорж

Ц.Анандбазар: ХБ-наас зээл авснаар Сод монгол групп вальютын алдагдалд орж, хүнд нөхцөлд буцаан төлсөн
Ц.Анандбазар: ХБ-наас зээл авснаар Сод монгол групп вальютын алдагдалд орж, хүнд нөхцөлд буцаан төлсөн
 
ШУУД: УТН-ын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
ШУУД: УТН-ын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.