Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах эрх зүйн орчныг бүрдүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 40 секунд

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг эцэслэн баталсан юм.

Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан өнөөдөр (2022.12.26) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Бригадын генерал Ж.Лхагвасүрэн, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр хоёр талын гэрээгээр болон Нэгдсэн Үндэстний байгууллагад бүртгүүлсэн Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал алдагдсан мэтээр буруу, ташаа мэдээллийг түгээж байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна” хэмээв. Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын хилийг хуулиар бататгана.” гэж тус тус заасан. Түүнчлэн Газрын тухай хуулийн тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд улсын хилийн зурвас газрыг тусгай хэрэгцээний газарт хамааруулж, түүний хэмжээ, заагийг тогтоох асуудлыг Улсын Их Хурал бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлаас Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын бүс нутгийн хил хамгаалалтын чадавхыг сайжруулах зорилгоор хилийн зурвасын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоол баталсныг мушгин гуйвуулж байна” гээд уг тогтоолын төслийг мэргэжлийн байгууллагууд нарийвчлан судалсны үндсэн дээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн болохыг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын хилийн тухай хуульд хил залгаа улсын газар нутгийн хязгаартай зах нийлэн хиллэж байгаа хилийн зурвас, боомтын газар нь төрийн өмч байхаар хуульчилсан. Улсын хилийн зурвасыг тогтоохдоо хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер, техникийн байгууламж барих зориулалтаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүй байхаар тогтоосон байдаг. Түүнчлэн улсын хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглосон зохицуулалт бий.

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, “Хил хамгаалах ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хамтарсан ажлын хэсэг 2018 оноос Монгол Улсын хилийн зурвас газар байрлах суурьшлын бүс, айл өрх, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, дархан цаазат болон тусгай хамгаалалттай газруудын талаар нарийвчилсан судалгааг гаргасан. Тухайлбал, орон нутгийн удирдлагууд хилийн зурвас газарт иргэн, аж ахуйн нэгжид газар олгож, үйл ажиллагаа явуулах, улмаар суурьшлын бүсүүдийг бий болгож, хилийн шугам тийш хүрээгээ тэлж байгааг таслан зогсоох шаардлагатай байгааг тогтоосон. “Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэр, хил хязгаарын бүрэн бүтэн байдал, хуулиар тогтоосон хилийн заагийн цэгийн солбицол, талбайн хэмжээнд ямар ч өөрчлөлт орохгүй бөгөөд хил орчмын дэглэмийг сахиулахад чухал ач холбогдолтой” хэмээн онцлон тэмдэглээд, Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй байдалтай холбоотой асуудлаар олон нийтэд буруу ташаа мэдээлэл түгээж, улс төржихгүй байхыг уриалав.

Манай улс 1958 онд ОХУ-тай, 1962 онд БНХАУ-тай хилийн гэрээг тус тус байгуулж, 1975 онд Нэгдсэн Үндэстний байгууллагад бүртгүүлсэн. Хилийн заагийн солбицлыг Нэгдсэн Үндэстний байгууллагад бүртгүүлснээр Монгол Улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг юм. Энэ бүртгэлийг өөрчлөх боломжгүй гэдгийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Бригадын генерал Ж.Лхагвасүрэн хэллээ.

“Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хүрээнд улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалттайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр зааж, хилийн зурвас газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар өмчлөх, эзэмших асуудлыг таслан зогсоох эрх зүйн үндэс бүрдэж, улсын хил хамгаалалтын орон зай болох улсын хилийн зурвас газрыг төрийн мэдэлд авахаар болж байгаа юм.

Улсын Их Хурал хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд “Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталснаар Монгол Улсын хилийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, улсын хилийн халдашгүй дархан байдал, хилийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг бүрдүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АН-ын эв нэгдлийг хангах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ахална
АН-ын эв нэгдлийг хангах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ахална
 
Залуу өрхийг дэмжих үүднээс орон сууцны урьдчилгаа төлбөрийн хадгаламж бий болгох саналыг тавьжээ
Залуу өрхийг дэмжих үүднээс орон сууцны урьдчилгаа төлбөрийн хадгаламж бий болгох саналыг тавьжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.