Тавантолгойн ордоос 268 мянган тонн нүүрс алга болсон хэрэг 2018 онд анх яригдаж, өнөөдрийг хүртэл ил болж чадалгүй дуншсаар байна. Тухайн үед Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ажиллаж байсан. Сүүлд тэрбээр энэ тухай тодруулж хэлэхдээ "364 мянган тонн нүүрс хилээр бүртгэлгүй гарсан мэдээллийг тухайн үед хуулийн байгууллагад шилжүүлсэн боловч бүтэн дөрвөн жил энэ хэргийг шалгасаар л байна" хэмээсэн байдаг.
Асуудлын гол нь 2018 онд ажлын хэсгээс тогтоосон шалгалтын дагуу Тавантолгойн ордоос алдагдсан гэх 340 гаруй мянган тонн нүүрсний хулгайн хэргийг тухайн үед Засгийн газар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Үүнийг нь Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шалгаад зохих дүгнэлт гаргаж Улсын Ерөнхий Прокурорын газарт шилжүүлсэн боловч прокуророос уг хэрэг нь авлига албан тушаалтын асуудал тул цагдаа шалгахгүй. Харин АТГ уг хэргийг шалгах ёстой гэж үзээд АТГ руу шилжүүлсэн байдаг.
УИХ-ын гишүүн асан Л.Энхболд болон эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг хэрэг 2018-2019 оны үед АТГ дээр замхарсан гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайн хамгийн эхний, хамгийн тодорхой хэргийг хуулийнхан "нохойн замаар" оруулсан гэсэн үг. Учир нь нэгэнт шалгаад оруулаад ирсэн хэргийг эхний удаад УЕП М.Энх-Амгалангийн үед буцааж, займчлуулсан. Дараа нь Х.Энхжаргал даргатай АТГ дээр замхарсан болж таарах гээд байгаа юм. Уг нь энэ дүнг тухайн үед ажлын хэсгийнхэнд тухайн үеийн Гаалийнхан өөрсдөө олж тогтоогоод өгсөн гэх мэдээлэл бий.
Тиймээс эдгээр эс үйлдлүүд нь дээрх байгууллагууд болон тухайн үеийн удирдлагуудад нь нүүрсний хэргийг шалгах хүсэл сонирхол байсан уу гэдэг хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна.
Саях Б.Ганхуягийг баригдахаас нь өмнө улс төрийн хүрээнийхэн дунд "Нүүрсний хэрэгт улстөрчид болон хуулийнхан гүн бат холбогдсон" гэдэг яриа гарч байсныг нуух юм. Тодруулбал, нүүрс тээврийн машины квотоос эхлүүлээд төмөр замын бүтээн байгуулалтуудад бараа бүтээгдэхүүн шахах квотоор АТГ, УЕПГ, ТЕГ тэргүүтэй хуулийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай холбоотой тогтоосон гэх яриа юм.
Тиймээс ирэх өдрүүдэд нүүрсний хулгайг илрүүлэхээр ажиллаж буй хууль хяналтын байгууллагуудын хуучин удирдлагууд буюу нүүрсний хулгайг "дарж" байсан цаг хугацааны албан тушаалтнуудаас хариуцлага нэхэх. Цаашлаад нүүрсний хулгайтай холбоотой эсэхийг нь шалгаж тодруулах нь зүйтэй.
Уг ажлыг АТГ-ын даргаар 2016 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл ажиллаж байсан Б.Энхжаргал, УЕП-оор 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл ажиллаж байсан Б.Энх-Амгалан тэргүүтэй хуулийнхнаас эхлүүлье. Энэ хоёр хүний үед л Л.Энхболд гишүүний яриад байгаа нүүрсний хулгай, Ч.Хүрэлбаатар сайдын яриад байгаа шалгалтын дүн дарагдсан.
Энэ 340 мянга гаруй тонн нүүрсний хулгай чинь явж, явж өнгөрсөн амралтын өдрүүдэд өндрийг авсан шатсан нүүрс болж хувирчихаад байна.
Б.Мягмарсүрэн