Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхболд: Залуучуудад нэг намын засаглалын тогтолцоонд орох бодол огт байхгүй

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
5 минут 54 секунд
Caption

УИХ-ын 54 дүгээр тогтоолоор ҮХНӨ оруулах хуулийн төслийг Засгийн газар энэ онд багтаан УИХ-д оруулж хэлэлцүүлэх үүргийг хүлээгээд буй. Гэвч хуульд өөрчлөлт хийх ажил нүүрсний хулгайн хэрэгт дарагдаж байгааг зарим албаны эх сурвалжууд мэдээлж буй. Тэгвэл бид ҮХНӨ оруулахтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Н.Энхболдоос тодрууллаа.

-ҮХНӨ оруулах асуудлыг УИХ дээр ч, Засгийн газар дээр ч дэмжиж ойрын хугацаанд хуулийн төслийг хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн. Гэвч сүүлийн үед энэ сэдэв бүдгэрчихлээ. Та парламентад туршлагатай улстөрч хүний хувьд ҮХНӨ оруулахыг хувьдаа дэмжиж байгаа юу?

-Үндсэн хуулийг өөрчлөх асуудал олон жил яригдаж ирсэн. Бидний төрөө байгуулж байгаа улс төрийн тогтолцоо маань Монгол орны өөрийн түүх, соёл уламжлал, улс төрийн төлөвшил зэргүүдтэй хэр зэрэг зохицож байна вэ гэдэг асуудал их олон жил яригдсан байдаг. Ер нь анхны Үндсэн хууль батлагдсан цагаас эхлэн яригдсан.

Гэхдээ сүүлийн 3-4 УИХ дамжиж яригдаж, улмаар ҮХНӨ оруулах шаардлага байна уу, байвал яг ямар асуудлууд байна гэдэг дотор хамгийн их хөндөгдсөн нь тогтолцоонд өөрчлөлт хийх явдал. 2019 онд ҮХНӨ оруулахдаа эхний төслүүдэд энэ асуудал тусаж явсан. Эргэн сануулахад, УИХ-ын сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэсэн үгтэй. Тэр нь Үндсэн хуульд тусгагдахаар явж байсан. Цаад санаа нь юу вэ гэхээр улс орны хөгжлийн шаардлага, хүн амын өсөлт, геополитикийн нөхцөл байдал, тусгаар тогтнол зэрэг бүх зүйлтэй холбогдуулаад бид нарын жижиг тойрог гэж яриад байгаа мажоритар системийн асуудлыг хөндөх шаардлага тулгарсан.

Ядаж УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь хамаагүй. Гишүүдийн тодорхой хувь нь том асуудлууддаа анхаардаг, бусад хэсэг нь орон нутгийн асуудлуудаа анхаарч явах маягаар хослуулсан шийдвэр гаргадаг тогтолцоо хэрэгтэй байна гэж үзсэн учраас тогтолцоо гэдэг үгийг оруулсан байсан юм. Хэлэлцүүлгийн явцад дэмжигдэж байгаад яг санал хураах болоход олонхын санал авч чадаагүй учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орж чадаагүй. Тэгэхээр энэ бол зөвхөн өнөөдөр яригдаж байгаа асуудал биш.

Хоёрдугаарт, бид өмнө нь холимог тогтолцоогоор сонгууль явуулж үзсэн туршлага байгаа байхгүй юу. Түүн шиг сайн юм байхгүй байсан шүү гэж хэлдэггүй юм гэхэд тийм тогтолцоогоо хэрэглэсний муу юм гэж гараагүй. Тухайн үед би хуулийн төслийн хэсэгт ажиллаж байсан юм. Харамсалтай нь сүүлд 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө тухайн үед олонх байсан нөхдүүд гэнэтхэн сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө хуулийг өөрчлөөд эргээд өнөөдрийн энэ мажоритар тогтолцоо руугаа орсон.

-Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд цаашид улс төрийн тогтолцоо ямар байдлаар төлөвших шаардлагатай гэж үзэж байна вэ?

Ер нь аливаа тогтолцоо аль аль нь сайн, муу талтай. Гэхдээ яг өнөөгийн нөхцөл байдалд тохируулаад, цаашдаа дэлхий дахинд хөгжлийн ямар чиг хандлага байхаар байна, ялангуяа манай орны хувьд ямар удирдлага тохиромжтой байх нь вэ гэж бодвол аль болох олон үзэл бодолтой хүмүүс парламент дотор байж хоорондоо зөвшилцдөг, мэтгэлцдэг байгаад дундаас нь тодорхой шийдвэр гаргадаг ийм байдал руу явах нь зүйтэй гэж би хувьдаа дүгнэдэг. Яг өнөөдрийн байдлаар сонгуулийн хуульд ийм өөрчлөлт оруулъя гэж тодорхойлж яригдаад байгаа зүйл алга байна.

Монгол Улсад парламентын засаглал илүү тохиромжтой гэж би үздэг. Үндсэндээ бидэнд хоёр л сонголт бий. Эсвэл олонхоороо асуудлаа шийддэг парламентын засаглал, үгүй бол нэг хүнээс хамаардаг ерөнхийлөгчийн засаглалтай болох. Нийгмийн уур амьсгал, сонгуулийн насны хүн амын ойлголт, хүлээлт, зөв гээд үзчихсэн тогтолцоо бол парламентын засаглал гэдэгт би эргэлздэггүй.

1990 онд төрсөн хүүхдүүд өнөөдөр 32 настай эд сонгуулийн тогтолцоог мэдэрч ухаардаг болсон. 1990 онд 10 настай байсан хүүхэд өнөөдөр 42 настай болчихсон байна шүү дээ. Монголын хүн амын бараг 70 хувь нь 40-өөс доош насны залуучууд болсон байна. Цоо шинэ нийгэмд амьдраад сурчихсан. Энэ нийгмийнхээ тухай л мэддэг. Цаашдаа ч энэ нийгмээрээ амьдарна гэж боддог маш том бүрэлдэхүүн.

Судалгаа хийж үзэхэд эдгээр хүмүүсийн сонголт Ардчилал. Ардчилал дотроо төрийн тогтолцоо, парламентын засаглал гэдэг дээр янз бүрийн ойлголттой байдаг юм билээ. Нийгмийн итгэл үнэмшлээс нь харахад цаашид нэг намын засаглалын тогтолцоонд орно гэдэг бодол огт байхгүй гэж харагдсан.

Б.Мягмарсүрэн

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж улсын орлого болгоно
ХУУЛИЙН ТӨСӨЛ: Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж улсын орлого болгоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.