Өчигдөр /2022.12.12/ жүжигчин У.Цогтбаяр болон иргэн Г.Ган-Очир нарын фэйсбүүк лайваар ноцтой хэд хэдэн мэдээллүүд дэлгэгдсэн юм. Эл мэдээлэл дунд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон МАН-тай холбоотой хууль бус үйл ажиллагаа байгаа гэх мэдээлэл ч дурдагдсан юм. Тэгвэл иргэн Г.Ган-Очирын мэдээлэлд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах тайлбарыг хийлээ.
Тэрбээр "1. Миний бие иргэн Г.Ган-Очиртой огт уулзаж, утсаар холбогдож байгаагүй бөгөөд огт танихгүй.
2. Иргэн Г.Ган-Очир намайг өөрийн туслах Лхагва хэмээх хүнээр дамжуулан НӨАТ-ын буцаан олголт, НӨАТ-ыг дарж өгнө гэж компаниудаас 175 тэрбум төгрөгийг хувьдаа авсан мэтээр ор үндэслэлгүй мэдээлэл түгээлээ. Гэвч надад Лхагва хэмээх туслах огт байгаагүй. Мөн СЯ-ны мэдээллээр 2021 онд 1,1 сая хүнд 206 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт олгожээ. Тиймээс иргэн Г.Ган-Очирын дээрх мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй гэж няцааж байна.
3. Миний бие 2016 оноос хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд Г.Ган-Очир хэмээх хүн МАН-д ажиллаж байгаагүй.
Монгол Улсын Засгийн газар анх “Нүүрсний хулгай”-н талаар “шүгэл үлээж” олон нийтэд мэдэгдсэн. Тус хэргийг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандаж, төрийн нууцад хамаарч байсан гэрээнүүдийг ил болгоод байна. Энэ нь иргэдийн жагсаал тэмцэлд Засгийн газар өөрөө хүч нэмж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох алхмыг эхлүүлсэн юм. Тиймээс олон нийтийн шударга ёсны энэ тэмцлийг зарим нэг этгээд улс төрийн өөр зорилгоор ашиглаж, иргэдийг өдөөн турхирч, худал мэдээллээр төөрөгдүүлж, ЗГ-ын тэмцлийг сааруулахгүй байхыг хүсье" гэжээ.