Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМГЭНЭЛ

Ангилал
Бусад
Огноо
Унших
3 минут 43 секунд

ЦЭНДБАЗАРЫН БАЯНБААТАР /1993-2022/

Бидний мэргэжил нэгт нөхөр, эрхэм хамтран зүтгэгч, Зэвсэгт хүчний залуу офицеруудын төлөөлөл дэслэгч Цэндбазарын Баянбаатар цэл залуухан насандаа хүнд өвчний улмаас зуурдаар таалал төгсөж бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

​Тэрээр 1993 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ОБГ-ын гал унтраах 51-р ангийн шүхэрчин, ахлах ахлагч Н.Цэндбазарын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн. 2000-2010 онд Архангай аймгийн 3 дугаар арван жилийн сургуульд суралцан бүрэн дунд боловсрол эзэмшиж улмаар 2011-2015 онд МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн их сургуулийг Компьютер график, дизайнер мэргэжлээр төгссөн. Суралцах үедээ найз нөхдийн хамтаар “I lab” студи байгуулан өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ 2013-2015 онд Монгол Улсын Их сургуульд Маркетинг менежмент хосолсон мэргэжлээр давхар суралцаж өөрийгөө тал бүрээр сорин хөгжүүлж ирсэн.

Ц.Баянбаатар нь эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлага, өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн 2016 онд “Mass media” группийн “World-TV”-д ажиллаж телевизийн урлаг, хэвлэл мэдээллийн салбартай ажил амьдралаа холбосон юм.

​Дэслэгч Ц.Баянбаатар нь 2017 оноос БХЯ-ны “Дуулга” студид зураглаачаар ажиллаж өөрийн авьяас мэдрэмж, хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлээ төрийн Батлан хамгаалах бодлогыг олон нийтэд сурталчлан таниулах үйл хэрэгт зориулан, 2019 онд ахлагчийн албанд, 2021 онд офицерын албанд тус тус томилогдож албаа нэр төртэй хааж, богино хугацаанд БХЯ-ны Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн болтлоо дэвшин ажилласан тэргүүлэх зэргийн мэргэжилтэн байлаа.

Тэрээр “Дуулга” студид ажиллах хугацаандаа “Аминаас үнэтэй эх орон”, “Манай курс-Манлай курс”, “Буурал Цогоо”, “Энхийг сахиулагчдыг ар гэртэй нь уулзуулсан нь” зэрэг үзэгч түмний сэтгэлд хоногшиж, талархлыг хүлээсэн олон арван бүтээл, контентыг мэргэжлийн өндөр түвшинд туурвихын зэрэгцээ сошиал маркетингийг хөгжүүлж, өөрийн нээсэн “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” цахим хуудсаар дамжуулан Эх оронч үзэл, Батлан хамгаалах салбар, алба хаагчдынхаа ажил, амьдралыг олон нийтэд үр дүнтэй сурталчилан таниулж ирсэн чадварлаг уран бүтээлч, залуу сэхээтэн байлаа.

Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Батлан хамгаалах салбарын нэр хүндтэй шагнал болох “Дайчин алдар-III” медаль, “Эх орны төлөө- III” хүндэт тэмдэг, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн дурсгалын медаль, “Сэлэнгэ-2018” Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан сургуулийн медалиудаар шагнаж, 2018 онд ажил хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучлан Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох ЦДБЭЧ-ын “Манлайлагч ахлагч”-аар шалгарч байв.

Талийгаачийн хүнлэг, нөхөрсөг, тууштай, хөдөлмөрч зан чанар, уран бүтээлч сэтгэлгээ, дэврүүн хүсэл тэмүүлэл, гэнэн цайлган инээд, гэгээн дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

БХЯ, ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЛБА, “СОЁМБО” РЕДАКЦ, “ДУУЛГА” СТУДИ, ГЭР БҮЛ, НАЙЗ НӨХӨД, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД НЬ

Замын-Үүдийн гаалийн газрын дарга ажлаа хийж чадахгүй байна уу...
Замын-Үүдийн гаалийн газрын дарга ажлаа хийж чадахгүй байна уу...
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.