ЭМГЭНЭЛ: Лувсанчимэдийн Сосорбарам /1937-2026/

Ангилал
Бусад
Огноо
Унших
4 минут 50 секунд

Бидний хайрт аав, өвөө МУ-ын АРДЫН БАГШ, ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ, МОНГОЛ УЛСЫН АРСЛАН, БЭЛТГЭЛ ДЭД ХУРАНДАА, ДЭД ПРОФЕССОР Чонод овогт Лувсанчимэдийн Сосорбарам нь 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж үр хүүхдүүд, төрөл төрөгсөд бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолоо. Аав маань Төв аймгийн Баянбараат сум, одоогийн Баян-Өнжүүл суманд 1937 онд мэндэлж, 1958 онд Төв аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль төгссөн. 1958-1963 онд ХААДС-ийн Мал эмнэлгийн факультетэд суралцан малын их эмч мэргэжил эзэмшсэн.

Аав маань Үндэсний болон бусад бөхийн төрлөөр амжилт үзүүлж БНМАУ-ын Арслан, Төрийн их баяр наадамдаа 16 удаа шөвгөрсөн, мөн Монгол Улсын самбо, жудо бөхийн шигшээ багийн тамирчин, самбо бөхийн анхны “БНМАУ-ын спортын мастер”, улмаар чөлөөт, самбо, жудо бөхийн ОУ-ын хэмжээний мастер цол хүртсэнээс жудо бөхийн ОУ-ын тэмцээнээс Монгол Улсад анхны медалийг эх орондоо авч ирсэн тамирчин хүн байлаа. Аавын минь шавь нараас Улс, аймгийн алдар цолтой бөхчүүд, гавьяат тамирчид, ОУХМ, спортын мастерууд олноор төрөн гарсан байдаг.

Тэрээр ХААДС-д 1963-1972 онд халдварт паразит өвчин судлалын тэнхимд нарийн мэргэжлийн хичээл зааж багшийн гараагаа эхэлсэн ба 2018 он хүртэл иргэний хамгаалалт-гамшгаас хамгаалах менежмент хичээлийг зааж, 50 гаруй жил тасралтгүй багшилсан билээ. Мөн СЭЗДС, Мандах ДС, Идэр ДС, Биеийн тамирын их шавь ДС, Биеийн тамирын Шонхор ДС, ҮБТДС, Биеийн тамирын Мон-Алтиус дээд сургуулиудад иргэний хамгаалалт-гамшгаас хамгаалах менежмент, экологи байгаль хамгаалал хичээлүүдийг зааж, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Гамшгаас хамгаалах менежмент хичээлийн сурах бичгийг анхлан бичиж 5 удаа шинэчлэн сайжруулж, гарын авлага, команд штабын удирдлагын 7 төрлийн ном товхимол гаргасан багш хүн байлаа.

Аавын минь хөдөлмөр, идэвх, үр бүтээл зүтгэлийг төр засаг, хамт олон нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ардын багш, Гавьяат дасгалжуулагч цол, “Алтан гадас” одон, Байлдааны медаль, Ардын хувьсгалын болон Ардын арми, зэвсэгт хүчний ойн медалиуд, мөн таван салбарын Тэргүүний ажилтан цол тэмдэг, Батлан хамгаалах яам, Улсын Иргэний хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Улсын Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдаж, Ардын армийн ахлах дэслэгчээс дэд хурандаа, ахлах багшаас дэд профессор цолтон болсон.

Бидний аав, өвөө минь монгол ёс суртахуун, ёс заншил, монгол бөхийн жудаг, намба төрхийг бүрэн дүүрэн эзэмшихийн зэрэгцээ, амьдрах ухааны талаар олон зүйл заан сургаж, өөрөө үлгэрлэж явдаг итгэлтэй, аливаад өөриймсөг, хэнд ч үнэн сэтгэлээс ханддаг, нөхөрсөг, элэгсэг, ухаалаг даруухан, ах дүүс, орон нутгийн гээд олон хүний гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн ачтан, бие сэтгэлийн асар их хатуужил тэвчээртэй, аливаад ноён нуруутай, уран сэтгэмжтэй, хөгжилтэй, хүмүүст ямагт баяр баясгалан, сэтгэлийн илч гэрэл түгээж явдаг олон сайхан шинжийг өөртөө шингээсэн сайхан монгол эр хүн байсан.

Таны минь орон зай үгүй болж биднийгээ орхин одсон хэдий ч таны минь гэгээн төрх, үр хүүхдүүддээ өгсөн хайр, энэрэл тань бидний сэтгэл зүрхэнд мөнхөд хоногшин үлдэх болно.

Та минь төрсөн нутгийнхаа ариун хөрсөнд тайван нойрсож, үр хүүхэд, төрөл төрөгсөд бидэндээ эргэн төрөөрэй.

Ум ма ни бад мэ хум

Ум сайн амгалан болтугай

Үр хүүхэд, ач зээ нараас нь

2026 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 06.00 цагт Соёлын төв өргөөнөөс эцсийн замд нь үднэ.

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монголд үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монголд үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
 
Маргааш Улаанбаатарт хүйтний эрч чангарч -20 хэм хүйтэн байна
Маргааш Улаанбаатарт хүйтний эрч чангарч -20 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!