МАН-ынхан өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхныгаа ХНХ-ын сайдаар томилсон билээ. Уг нь эзэнгүй байгаа Боомт хариуцсан сайд болон “дан дээл”-тэй Барилга, хот байгуулалт, Эрүүл мэндийн сайдуудын томилгоог ХНХ-ын сайдтай хамтад нь ярина гэж олон нийт харж байсан юм.
Гэвч Засгийн газар хуулиндаа баригдаад арга буюу ХНХ-ын сайдын томилгоог салгаж ярьсан учир нь Засгийн газрын тухай хуулийн 21.5 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд түүнийг энэ хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан журмын дагуу 14 хоногийн дотор нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.” гэж заасны дагуу томилгоог яаравчлан хийжээ.
Тэгвэл УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан Т.Аюурсайханг сайдаар томилогдсонтой холбогдуулан МАН-ынхан дараагийн УИХ-ын даргад хэн байх вэ гэдэг томилгооны “марафон”-ыг эхлүүлээд буй. Хэдийгээр төсөв хөрөнгө дээр очдоггүй ч гэсэн даргын зөвлөлийн хурлаас эхлээд гадагшаа бүх төрийн байгууллагуудад хандах, мэдээлэл гаргуулахаас эхлээд улс төрийн ранктай суудал учраас МАН-ын хүн бүр л дотроо сонирхож буй нь тодорхой. Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга дэд даргын томилгоог энэ долоо хоногийн бүлгийн хурлаар ярих байх гэж ам алдсан удаатай. Гэвч даваа гарагийн буюу өчигдрийн бүлгийн хуралдаанаар лав УИХ-ын дэд даргын асуудлыг хөндсөнгүй.
Тэгвэл эрх баригчдын “бүдүүн” бүлгийнхэн төсөв дуустал дэд даргын томилгоог ярихгүй байхаар тохирсон тухай эх сурвалж мэдээллээ.
Учир нь нь эрх баригчид нэгдүгээрт, томилох хүн дээрээ тохирч чадахгүй, толгойгоо гашилгаж байгаа сурагтай. Хоёрдугаарт, ирэх оны төсвийг хэлэлцэж буй улс төрийн ньюанстай үеэр томилгоо ярих нь зохисгүй гэж үзсэн бололтой. Томилгоо ярьчихвал сандал ширээгээ булаацалдаад урсгалаараа хэвийн үргэлжилж буй улс төрийг хэт “ноцоочихно” гэж үзсэн бололтой. Түүнээс гадна ҮХНӨ-ийг төсвийн дараа ярьж магадгүй гэдэг өнцөг бий. Хэрэв, ҮХНӨ-ийг хийхээр бол АН-ыг оруулж магадгүй гэдэг яриа одоо ч улстөрд “амь бөх”-тэй байна. Энэ агуулгаар АН-ын залуучууд нь гутлаа тослоод зангиагаа засаад, зарим нь “ах нар”-ыгаа сайдад сойгоод шинэ костюмаа бэлдэн сэнтэглэж буй гэх сураг ч гарах болов. Тиймээс томилгоотой холбоотой асуудал хаашаа ч эргэж болзошгүй ийм нөхцөл байдлыг тодорхой болгохын тулд МАН-ынхан үлдсэн томилгооны асуудлаа нэг мөр цогцоор нь ярихаар болжээ.
Тэгээд ч УИХ-ын үндсэн дарга үүрэгт ажлаа хийж буй. Түүний эзгүйд түр орлоод хурал удирдчих С.Одонтуяа гишүүн ч бий. Тиймээс дэд даргын томилгоог бусдаас нь салгаж хийх хэрэг үнэндээ Ардын намынханд алга.
Харин УИХ-ын дэд даргын суудалд одоогийн байдлаар Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Чинзориг, Д.Цогтбаатар нарын нэрс яригдах магадлалтай гэсэн прогнозыг манай САЙТ гаргаад буй юм. Учир нь дэд даргыг МАН-ынхан хоёроос дээш удаа сонгогдсон шийр заасан гишүүдээсээ томилох байх гэсэн хүлээлт байгаа юм.
Ямартаа ч ирэх оны төсөв батлагдсаны дараа УИХ-ын дараагийн дэд дарга, зарим яамдын сайд нарт хэн, хэн байх вэ гэдэг дээр гал гарсан үйл явц өрнөх нь тодорхой болов.
Б.Мягмарсүрэн