Үзэл ядалт, уур хилэн, өшөө хонзон, өнгө мөнгө төдийхнөөр үнэлэгдэх сэтгэлтэй мэт харагдах хэн нэгэнд өөрийнх нь дотор ХАЙР оршиж буйг нь мэдрүүлэх ОПАЛ. Опалын ертөнцөд жүжгийн турш амьдарч, үзэгчидтэй уулзаж, жүжгээрээ "ярилцаж", бараг л мартах дөхсөн энэ нийгмийн ховордсон эрдэнийн талаар "өгүүлэх" нэгэн бол МУСТА жүжигчин О.Энхтуул. Арван гурван жилийн дараа тайзны уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзаж буй түүнийг ТАЙЗ ч САНАЖЭЭ. Шинэхэн жүжгийн завгүй өдрүүдэд нь уран бүтээлийнх нь талаар ийн ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-Шинэхэн жүжгээр үзэгчидтэйгээ уулзаж байна. Сэтгэгдэл ямар байна. Басхүү эх орондоо ирсэн сэтгэгдлийг нь сонсох нь зөв байх гэж бодлоо?
-Ярилцлагын цагтаа урьсан та бүгдэд баярлалаа. Эх орондоо ирээд гурван сарын хугацаа өнгөрсөн байна. Мэдээж хэрэг, сайхан байлгүй яах вэ. Том охинтойгоо энд байгаа. Ажлаа хийгээд, найз нөхөд хамт олонтойгоо бужигнаад сайхан байна. Гурван сарын хугацаа нүд ирмэх зуурт л өнгөрчихсөн байна шүү дээ.
-Танд Опал жүжгийн зохиолоо цахимаар явуулсан гэж сонссон. Хэзээнээс бэлтгэлдээ орохоор тохирсон байсан вэ. Монголд ирээд шууд л жүжгийнхээ бэлтгэлд оров уу?
-Надад гурван сарын үед жүжгийн санал ирсэн юм. Зохиолоо цахимаар надад уншуулсан л даа. Анх зохиолоо уншуулахдаа дүрийн талаар огт хэлээгүй. "Нэг ийм зохиол байна, та уншаад өгөөч" л гэсэн. Би уншаад өөрийнхөө ямар дүр гэдгийг шууд л мэдсэн. Гол дүр ОПАЛ. Яагаад гэвэл Опал бол миний л насны эмэгтэйн дүр. Мэдээж би 20 настайн эмэгтэйн дүрд тоглохгүй шүү дээ. Тэгээд л бидний хооронд яриа өрнөж эхэлсэн дээ.
Долдугаар сар ирчихээд хөдөөгүүр явж, эх орноо санасан сэтгэлээ дэвтээсэн гэх юм уу даа. Тэгээд үргэлжлүүлэн наймдугаар сараас жүжгийн уншлагадаа орж эхлээд аравдугаар сард жүжгээ нээлээ.
-Бэлтгэлээ хийж эхлэхээс авхуулаад тайзнаас хэр "хөндийрсөн" санагдав. Тайзан дээрх О.Энхтуулаа олж авахад хүндрэлтэй зүйл гарав уу?
-Маш сонин мэдрэмж. Би тайзан дээр гаралгүй арван гурван жил болсон байсан. Энэ хугацаанд кино дэлгэцийн уран бүтээлүүдэд нэлээдгүй ажилласан. Ширээний уншлага, задаргаа хийхээс авхуулаад хэцүү ч юм шиг, аз жаргалтай ч юм шиг аль эсвэл бүр чадахгүй ч юм шиг мэдрэмжүүд надад төрсөн. Гэхдээ олон жил урлагт "амьдарч яваа" гэдэг утгаараа ядрахаа мэдэхгүй л ажилласан. Ялангуяа жүжиг нээх дөхөөд сүүлийн нэг сарын хугацаа бид нойр хоолгүй шахам л ажилласан даа. Сонгодог жүжиг басхүү М.Батболд найруулагчийн тавилт өөрөө их өвөрмөц учраас тэнд нь "амьдрах", түүнийг нь мэдэрч ажиллахын тулд биднээс маш их зүйлийг шаардсан. Ямартай ч жүжгийн ард гарсандаа баяртай байна. Сайхан байлаа.
Хүн чаддаг зүйлээ хийж байгаа учраас дунд нь олон жил тасарсан хэдий ч эргээд бэлтгэл сургуулилтад ороод эхлэхэд их урамтайгаар урагшилсан.
-Багийн спорт гэдэг шиг урлаг ч багийн ажиллагаа. Энэ удаагийн жүжгийн дүрийн сонголтууд дээр нэлээн сонирхолтой зүйл ажиглагдсан нь жүжигчдийн сонголт. Та бүхэн хэрхэн баг болж ажиллав, энэ удаагийн жүжигт?
-Жүжиг маань 7 гол дүртэй. Бүгдээрээ л тайзан дээр бужигнаад байж байдаг. Би Н.Ононтойгоо, Төмөрбаатар гавьяаттай урьд ажиллаж байсан учраас ажиллахад ойр байсан. Сэргэлэн, Ариунчимэг, Чинзориг зэрэг залуус маань бүгдээрээ л мэргэжлийн жүжигчид учраас бие биенийхээ үгийг авах, мэдрэх тал дээр баг болж чадсан гэж харж байгаа. Ер нь манай залуу жүжигчид бүгдээрээ маш чадварлаг тоглож байна.
-60 жилийн настай, кино дэлгэцийн бүтээл ч төрсөн байдаг талаар энэ зохиолоос онцолдог. Таны хувьд Опалыг үзэгчдэд энгийнээр юу гэж ойлгуулмаар байна?
-Миний дүр өөрт маань маш их таалагдсан. Ялангуяа би эмэгтэй хүн, эх хүн. Би өөрөө ч амьдрал дээрээ их зөөлөн хүн л дээ. Бусдад тусалчих юм сан гэж бодож явдаг. Надтай их ойролцоо зан характер энэ эмэгтэйд байсан. Анх зохиолоо уншиж байхад охидууд маань "Ээж ээ, энэ чинь бараг л та байна шүү дээ" гэж байсан. Опал бол үнэт чулуу. Хүний амьдралд хайр, хамгийн их хүндэлдэг хүмүүс бол үнэт чулуунаас үнэтэй эрхэм зүйл. Тиймээс жүжгээ Опал гэдгээр нь нэрлэсэн. Бид олон нэр дээр зогсож байсан. Миний хайртай Фамила аль эсвэл өөр нэрээр явах уу гэж их бодсон. Тэгээд Опал гэх чулууг судалж эхэлсэн л дээ. Опал бол өөрөө ганцхан өнгөтэй биш. Олон өнгөтэй, үнэт чулуу. Тэгэхээр хүний амьдралд зовлон, жаргал бүгд л өөр өөр өнгөөр ялгарч байдаг учраас бид Опал гэх нэрийг сонгосон. Нөгөө талдаа Опал өөрөө маш тансаг өнгөтэй учраас хүний амьдрал ч ялгаагүй өнгөлөг байгаасай, хүмүүсийн сэтгэл энэ чулуу шиг гэрэл гэгээтэй байгаасай гэдэг утгаараа нэрийг өгсөн.
-Удаан хугацаанд тайзан дээр гараагүй. Гэхдээ та тайзаа санасан уу гэхээс илүүтэй тайз таныг санаж уу гэж асуумаар санагдлаа?
-Жүжигчин Ундармаа нээлт үзэж, надад баяр хүргэхэд нь би тайзаа их санажээ гэж хэлтэл надад "Үгүй ээ, тайз таныг их санасан байх" гэж хэлсэн юм. Нээрээ л цаад утгаараа, аль аль нь л бие биенээ санасан юм шиг. Тайзан дээрээ гарах мэдрэмж маш сайхан байсан. Би өөрийнхөө чаддаг зүйлийг л хийж байгаа хэрэг шүү дээ. Түүнээс биш би чадахгүй зүйлээ хийж байгаа биш. Тийм болохоор ядрахаа мэдэхгүй, орой бүр л тоглоод баймаар санагдаж байгаа шүү. Жаахан хүч алдсан ч "Маргааш тоглоно гээд л өөрийгөө тэнхрүүлдэг. Яагаад гэвэл тайзан дээр байгаа учраас. Үзэгч, жүжигчдийн хоорондын мэдрэмж өөрт маш их цэнэг өгдөг шүү дээ.
-М.Батболд найруулагчийн ээлжит уран бүтээл үзэгчдийн дунд их хүлээлттэй байлаа. Энэ хэрээр жүжигчид болоод найруулагчид их хариуцлага ноогдсон болов уу гэж бодож байна?
-М.Батболд бол залуу найруулагч. Гэхдээ тэр өөрийн гэсэн арга барилтай байгаа нь надад таалагдсан. Жүжигчидтэйгээ их нарийн ажилладаг юм шиг санагдсан. Жүжигчдийнхээ дотоод мэдрэмжийг хөгөлж чаддаг. Жишээлбэл, нэг өгүүлбэр дээр л гэхэд маш удаан ажиллана. Гол нь, түүнийг болохгүйгээс болох хүртэл нь ажилладаг. Өөрийнх нь тавилт ч өвөрмөц. Түүнийг нь мэдэрч, ойлгоно гэдэг жүжигчдийн хувьд маш чухал. М.Батболд бид хоёрын тухайд маш хурдан ойлголцож байсан. Их боддог төрлийн найруулагч юм шиг санагдсан. Одоо жүжиг нээлтээ хийчихсэн байхад өдөр бүр жүжгээ үзээд, дүгнэлт хийж, жүжигчидтэйгээ ярилцана. Жүжиг дотор орчихдог юм билээ.
-Тэгэхээр уран бүтээлчдэд ойлголцол их чухал байдаг байх нь?
-Тийм ээ. Манай мэргэжилд ойлголцол маш чухал. Би өмнө олон найруулагчтай ажиллаж үзсэн болоод ч тэр үү найруулагчийн үгийг "зөв" сонсдог. Би найруулагчийн арга барилд зохицох албагүй, би өөрийнхөөрөө байна гээд зүтгэдэг хүн би биш. Би аль болох өөрийгөө "эвдүүлэх"-ийг хүсдэг. Нэг найруулагч надад шүүмж хэлэхэд би түүнийг нь хүлээн авч, чадахын төлөө л зүтгэдэг. Тиймээс л энэ жүжиг дээр хамтран ажиллахад амар байсан. Ойлголцож чадсан.
-Та ер нь уран бүтээлд тоглохоор зорьж ирж байсан уу, урьд. Эсвэл амрахаар ирдэг байв уу эх орондоо?
-Анх жил бүр л ирдэг байсан. Гэхдээ амрах гэж л ирдэг байсан юм. Нэг хэсэг уран бүтээл бодогддоггүй байсан. Сүүлд хүмүүс ч санал тавиад ирэхээр, яагаад амрангаа ажиллаж болохгүй гэж гэж бодсон. Сүүлдээ амрах гэж ирээд л ажиллаж байгаад л буцдаг болсон. Гэхдээ ажил хийгээд, хамт олныхоо дунд ороод явах нь надад "амралт" болдог.
-Таныг Германд байхдаа хүүхдийн жүжиг тавьсан гэж сонссон?
-Тэнд төрсөн Монгол хүүхдүүд төрөлх хэлээрээ ярьж чаддаггүй юм байна. Монгол хэлний сургууль гэж байдаг. Зөвхөн амралтын өдрөөр уулздаг. Намайг очих үед манай хотод амьдардаг Монгол сургуулиас нь санал тавьж, хамтарч ажиллахыг урьсан. Тэгээд ажиллах хугацаанд жүжиг тавих санал орж ирэхэд нь шууд л зөвшөөрсөн. Тэнд Гүрбазар гуайн охин байсан юм. Г.Оюутаар зохиолыг нь бичүүлээд, бүгдээрээ хамтраад Герман Монгол хэл дээр жүжгээ тавьсан. Герман хэл дээр хүүхдүүд тачигнатал нь тоглочихож байгаа юм. Бүгд хичээж, ажилласны дүнд хүүхдүүдээ монгол хэл дээр нь жүжиглүүлсэн. Аав, ээжүүд нь уйлаад сэтгэл нь ч хөдөлсөн. Хүүхдүүд маань маш амжилттай ард нь гарсан.
-Нэг хүний зохиол бичсэн гэсэн үү?
-Тийм ээ. Нэг хүний зохиолоо өөрөө бичиж, тавьсан. Хөгжилтэй зүйл их болно оо. Тэр жүжиг дээр манай нөхөр, хүү, охин гээд бараг л гэр бүлээрээ бүгд ажилласан гэж хэлж болно. Бараг л гэр бүлээрээ жүжигчин болсон. Тэд нар маань өөр салбарын хүмүүс шүү дээ. Яахав, ээжийгээ л гоё байлгах гэсэн, урлагаа саначих вий гэж санаа зовнисон гэр бүлийнхний маань сэтгэл тэр байсан байх. Миний төлөө бүгдээрээ зүтгэж байгааг нь харахад сайхан санагдаж байсан. Өөрсдөд нь ч их сонирхолтой байсан гэсэн. Театр гэдгийг бага ч болтугай мэдэрсэн байх гэж боддог.
-Театрыг зорих үзэгчид, театрт дурлах залуус ихэсчээ. Жүжигчин мэргэжлээр төгсөж буй залуустаа таны зүгээс тайз, дэлгэцийн уран бүтээл чиглэлд хэрхэн чиг, шугамаа олж, барьж явах ёстой талаар зөвлөгөө өгөөч гэвэл та юуг хамгийн түрүүнд ярьмаар байна?
-Би кинонд ч, театрт ч хамгийн гол баримталдаг зарчим бол цаг барих. Ямар ч асуудал байсан түүнийгэээ тооцоолоод цагтаа л байх ёстой. Олон хүнийг хүлээлгэнэ гэдэг байж боломгүй зүйл. Кино, театр хоёр ялгаатай. Энэ утгаараа залуу жүжигчид театрт тоглох юм сан гэж тэмүүлж байгаа нь маш зөв. Тэндээс л өөрийгөө олж, өөрийгөө мэдэрдэг. Театр жүжигчдээс маш олон зүйлийг "шалгадаг. Дуу хоолой, алхаа гишгээ гэх мэт. Тайзан дээр үзэгдэж, харагдаж тоглоно гэдэг бол жүжигчин хүнээс маш их зүйлийг шаардана. Кино бол камерийн урлаг. Гэхдээ нарийн дотоод мэдрэмж шаардана. Харин яаж дунд нь амьдрах вэ гэдгээ л бодох хэрэгтэй. Тэгэхээр залуус маань мэргэжилдээ дурлах хэрэгтэй, үнэнгээсээ хандах хэрэгтэй.
-Шинэхэн жүжиг нь тавигдаж байгаа энэ цаг үед та жүжгийг үзээгүй аль эсвэл үзэхээр төлөвлөж байгаа хүмүүстээ хандаж юуг хэлмээр байна?
-Хүн өөрсдийнхөө сайханг мэдрээсэй. Муу хүн гэж байдаггүй. Өөрийгөө муу хүн гээд хана үүсгээд, бие биенээ ойлгодоггүй. Бусадтай зөв сайхан харьцаж байгаасай. Амьдрал гэдэг чинь зүгээр л харилцаа шүү дээ. Бие биетэйгээ харилцаж зөв явахад бүх зүйл л болж бүтэх тохироо нь бүрдчихдэг юм шүү гэдгийг үзэгчид маань ойлгоод гараасай гэж хүсэж байна.
-Ярилцсанд баярлалаа.