Улс төрийн хүрээнийхэн төдийгүй монголчуудын анхааралтай ажиглаж буй сэдэв бол Х.Баттулгаар “овоглогддог” төмөр замын хэрэг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн гараар энэ намрын улс төрийн сэдвийг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн юм. Өчигдөр Засгийн газраас энэ асуудлыг шалгах ажлыг хэсгийг байгуулж, Х.Нямбаатар сайдыг ахлагчаар тавив.
Одоо Ерөнхий сайдыг хэлсэндээ хүрэх үү, эсвэл үнийн өсөлтийн шуугианыг дарахаар “сайн ах”-тайгаа муудалцаж жүжсэн үү гэдгийг харахаар бүх нийтээрээ хүлээж сууна. Сошиалд хоёр талын троллууд хальтхан бие биенээ барьж “идэх” дүр үзүүлээд сүүлийн 7 хоногт намжлаа. Гэхдээ нийслэлд хөл хөдөлгөөн эхэлж, эдийн засгийн хүндрэл, намрын улс төр эхлэхтэй зэрэгцүүлээд төмөр замын хэргийг шалгах асуудал өндрөө авах байх. Өөрөөр хэлбэл, үнэн худал хоёрын аль нь ч байсан Х.Баттулгыг хуулийнхан АЛБАН ЁСООР “эргүүлж” эхлэх нь ойлгомжтой. Хэрэв муудалцсан дүр үзүүлж буй бол хууль хяналтын байгууллагаас дөлж, зугтах шаардлага түүнд байхгүй.
Харин жинхэнээсээ муудалцаж голын хоёр талд гарсан бол Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгад ХИЛИЙН ХОРИГ ТАВИУЛАХ ёстой.
Цагдаа руугаа “шалга” гээд хэлж чадаж байгаа юм чинь, “хилийн хориг тавиул” гээд прокурортоо хэлчхэж болох л байлгүй. Аль, аль нь хуулийн салбарынхны ажилд гар дүрж буй хэрэг юм хойно. Ерөнхий сайд өдүүлсэн “хэрэг”-ээ дуусгах хэрэгтэй.
Дайныг эсэргүүцсэн таван залууг улсаас, шударга ёсыг хүсэмжилсэн нэг залууг дүүргээс нь гаргахгүй байхаар хориг тавьчихаж болоод л байна. Тэгвэл “ХОРЛОН СҮЙТГЭСЭН” гэх үндэслэлтэй маш том эдийн засгийн гэмт хэрэг өдүүлсэн байж болзошгүй этгээд болон эргэн тойрны хүмүүст нь хилийн хориг тавих бол наад захын шударга ёс. Л.Оюун-Эрдэнэ 2017 онд “Баттулгыг ял авах гэж байхад нь М.Энхболд Сингапурт Бадамжунайгаар дамжуулж ялаас мулталсан. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд захиалж нэр дэвшүүлсэн” гэж хэлээд зогсож байсан хүн. Х.Баттулгын ял авах гэж байсан гэх хэрэг нь өнөөдрийн Л.Оюун-Эрдэнийн яриад буй төмөр замын хэрэг. Шинэ төмөр замын гэгдэх энэ хэргээс болж баривчлах тушаалтай “Либерти партнерс”-ийн Ч.Ганбат Сингапур, “МТЗ”-ын Ж.Бат-Эрдэнэ Австрали руу зугтаж байсан түүхтэй. Тэд Х.Баттулгыг төрийн сайд байхад нь зөвлөж, түшиж явсан хүмүүс.
Тэдний адилаар нэгэнт шалгуулахаа мэдчихсэн төмөр замтай нэр холбогддог нөхдүүд Сингапур, зүүн Ази руу зугтвал Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрын хэн нь араас нь явах вэ.
Ч.Ганбат шиг зугтаад гарчихсан байхад Монголын хууль хяналтынхан араас нь лав очиж чадахгүй юм билээ. Тиймээс нэгэнт л шалгах гэж байгаа бол элдэв юмнаас урьдчилсан сэргийлээд хилийн хориг тавьж байгаад шалгасан шиг шалгачих хэрэгтэй.
Хилийн хориг гэдэг бол хэрэг хийсэн хүнд биш, хэрэг хийсэн байж болзошгүй хэнийг ч шалгах явцдаа оргон зайлахаас нь урьдчилан сэргийлж гаргадаг эрх зүйн арга хэмжээ. Монголчууд үнэндээ төмөр замаас юу алдсан, эдийн засаг яаж хохирсон гэдэг үнэнийг мэдэх эрхтэй. Нөгөө талдаа Х.Баттулга гэж хүн монголчуудын эдийн засгийн, хөгжлийн асар их боломж, цаг хугацааг “хулгайлж” хорлосон уу, төсвийн мөнгийг буруу замаар урсгасан уу гэх зэрэг эргэлзээтэй асуудлуудыг шалгаад нэг талдаа гаргачих нь хэн хэндээ хэрэгтэй. Ард түмэн ч Х.Баттулгыг өндөг үү, өргөс үү гэдгийг мэдээд дор бүрнээ нэгийг тунгаах биз.
Эцэст нь хэлэхэд төмөр замыг санаатай зогсоож улсаа хорлосон хүмүүст хилийн хориг тавьчихвал Ерөнхий сайд, хуулийн сайд хоёрт энэ хэргийг шалгах чин хүсэл байгаа гэж найдъя.
Г.Лхагвадорж