Өнгөрөгч долдугаар сарын 22-нд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Nо War хөдөлгөөний Э.Одбаяр тэргүүтэй таван хүнд хилээр гарах эрхийг нь хязгаарлах шийдвэрийг гаргасан. Тэдний хувьд эл шийдвэрт гомдол гаргаж дахин шүүхэд хандсан байдаг. Тэгвэл шүүх хуралдаанаас гарсан шийдвэр болон бусад цаг үеийн асуудлаар No War хөдөлгөөний үүсгэн байгуулагч, иргэн Э.Одбаяртай ярилцлаа.
-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан хилийн хоригтой холбоотой шийдвэрт гомдол гаргаж дахин шүүхэд хандсан юм байна. Шүүхээс ямар шийдвэр гарсан талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг тэргүүтэй таван иргэнд хилийн хориг тавьсан асуудалд бидний зүгээс гомдол гаргасан. Тус гомдлыг хэлэлцэх шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс хилийн хориг тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан.
-Та бүхний зүгээс цаашид ямар арга хэмжээ авья гэж бодож байна. Дахин шүүхэд хандах уу?
-Хилийн хязгаарлалт тогтоож буй шийдвэр нь таслан сэргийлэх арга хэмжээ гэх ангилалдаа эцсийн шийдвэр. Тиймээс дахин давж заалдах, гомдол гаргах боломжгүй гэсэн үг.
-Ер нь хилээр гарах эрхийг хязгаарлах шийдвэрийг гаргасанд та бүхний зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-Бидэнд өнгөрөгч оны аравдугаар сараас эхлэн үүсгэсэн зохиомол хэргийн шүүх хуралдааны товыг л бид хүлээж байгаа. Нэг жил орчмын хугацаанд иргэдийн өрнүүлж буй хөдөлгөөнтэй холбогдуулан шантаажлах нэг зэвсэгтэй болчихлоо шүү дээ. Эрх баригчдыг шүүмжилсэн, алдаатай үйл ажиллагааг нь ярьж хэлсэн ийм цаг үетэй давхцуулан цагдан хорих, цагдаа, прокурорын үүд сахиулах, шүүхээр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх, хүндрүүлэх, эрхийг нь дордуулах, огт хамааралгүй хэргүүдийг нэгтгэж оруулж ирэх гэх мэт маш олон янзын залхаан цээрлүүлэлтийн аргачлалууд байдаг юм байна.
Анх хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй буюу No double standart гэх хөдөлгөөнийг бид өрнүүлж эхэлсэн. Харин өнөөдөр хөдөлгөөнийг өрнүүлж буй иргэд, залуучууд өөрсдөө дабль стандартынхаа хохирогч болоод л явж байна.
-Бид хаашаа ч ЗУГАТААГҮЙ-
-Прокурорын байгууллагаас танай хөдөлгөөний залууст тавьсан хилийн хориг нь дайны талаар үзэл бодлоо илэрхийлсэн гэдэгт бус өнгөрөгч оны аравдугаар сард хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхэд хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх эрүүгийн хэргийн үйл явцад гарсан шийдвэр гэж тайлбарласан. Гэтэл та бүхэн олон нийтэд дайнтай холбоотой мэтээр тайлбарлачих шиг болсон. Ер нь хилийн хориг тавих шийдвэрийг дайны талаар үзэл бодлоо илэрхийлсэнтэй холбоотой гэж хардсан юм уу?
-Шүүх хурал дээр яг энэ байр суурийг илэрхийлсэн. Прокурорын байгууллагаас No double standart хөдөлгөөнийхөнд хилийн хориг тогтоосноос биш No War хөдөлгөөнийхөнд биш гэж тайлбарлаж байгаа юм. Гэтэл No War хөдөлгөөнийг өрнүүлээд явж байгаа нь No double standart хөдөлгөөн шүү дээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бидэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг ямар ч байдлаар өөрчлөх, үндэслэлүүдийг гаргах боломж байсан. Гэтэл No War хөдөлгөөн эрчимтэй өрнөж буй энэ цаг үед сорчлоод, идэвхтэй оролцож буй хэсгийг нь ангилж авч, хилийн хориг тавьж байгаа юм.
Өнөө маргаашгүй гадаадад зорчих гэж байхад нь хөлийг нь хорьчихоогүй ч гэсэн Монгол Улсын иргэний эрхийг хязгаарлаж буй хэлбэр. Таслан сэргийлэх арга хэмжээ нь мөрдөн шалгах үйл ажиллагаанд аливаа эрсдлээс сэргийлнэ гэх тайлбарыг хэлж буй. Гэтэл энэ нь бодит байдалд эрхийг нь дордуулж, сануулга өгч байгаа, залхаан цээрлүүлж, эрүүдэн шүүж буй хэлбэр.
Үнэн хэрэгтээ, No double standart хөдөлгөөний залуус хорих 461-р ангиас хүн аваад гараад явсан юм уу, үгүй юу. Гэтэл баримт нь аль хэдийнэ цацагдчихсан. Тэндээс ШШГ-ын ажилтан хүнийг холбогдох тогтоолгүйгээр эмчийн өрөөнд оруулаад буцаагаад өөрсдөө үүрээд гарч байгаа дүр зураг байгаа шүү дээ. Үүндээ бид нарыг буруутгаж Эрүүгийн хуулийн 23.1.1 зүйл буюу бүлэглэн, урьдаас зохион байгуулалттайгаар 461 хорих анги руу дайрч орсон мэтээр ЦЕГ-ын дарга Ж.Болд биднийг орон даяар гүтгэсэн. Ингэхдээ мөрдөн байцаах албанаас арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, бидэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, хэд хэдэн хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр барьж цагдан хорьсон. Хойшлуулшгүй ажиллагаанууд ч явагдсан.
Саяхан прокурорын байгууллагаас No war хөдөлгөөнийхөнд тавьсан хилийн хоригийн талаарх мэдээллийг их л сандрангуй байдлаар амралтын өдөр гаргасан. Энд чинь л нөгөө дабль стандарт явж байгаа юм. Дабль стандартуудаа засаад явахын оронд түүнийг нь илчилсэн, шүүмжилсэн иргэд залуусыг хэлмэгдүүлдэг, амыг нь барих гэдэг ийм үзэгдэл яваад байна. Тэгэхээр цаашид амралтын өдөр ч прокурорын байгууллага иргэддээ эргэлзээтэй асуудлуудад түргэн шуурхай хариултаа өгөөд явах байх.
Мөн төрийн дунд болон дээд албан тушаал хашиж байгаад авилга хээл хахуулийн асуудалд холбогдчихоод байгаа этгээдүүдэд хилийн хориг тавьсан уу гэдгийг асуумаар байгаа юм. Чөлөөтэй л гарч зугатаад байна шүү дээ. Бид хаашаа ч яваагүй, зугатаагүй.
Бидэнд эрүүгийн хоёр хэрэг үүсгэчихээд яваад байгаа. Гэтэл үүнээс гадна өнгөрсөн хугацаанд үүсгэсэн 20 орчим зөрчлийн хэргийг хэн ч ярихгүй байгаа шүү дээ.
-Гэхдээ танай хөдөлгөөний н.Ган-Очир хэрэг хянагдаж байх үед хилээр гарсан нь бусдад нь хилийн хориг тогтоох үндэслэл болсон гэх мэдээлэл ч байгаа шүү дээ?
-Мэдээж шалтаг хэрэгтэй. Үүнийгээ хэн нэг нь хилээр гараад явчихсан аль эсвэл No double standart хөдөлгөөнийг өрнүүлж байх үед хууль сахиулагчийг эсэргүүцсэнтэй холбоотой гэх мэтээр тайлбарлачихаж байгаа юм. Харин шалтгаан нь тусдаа. Шалтгаан нь яалт ч үгүй дайныг эсэргүүцэх хөдөлгөөнийг өрнүүлж буй үйл явцтай таарч байна.
Хилээр н.Ган-Очирыг гараад явсан л гэж байна. Би тэр хүний өмнөөс ярих боломжгүй. Гэхдээ өнгөрсөн жилээс хойш хилээр хэд хэдэн удаа гарч явж ирээд л байсан. Тэгэхэд нь прокурор Г.Ууганбаатар ч, н.Хаш-Эрдэнэ ч мэдэж л байсан шүү дээ. Энэ хүмүүс яагаад тухайн үед бидэнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй юм. Гэтэл өнөөдөр мөрөөрөө үзэл бодлоо илэрхийлээд явж байгаа 4-5 хүнд хилээр гарах, таслан сэргийлэх арга хэмжээ авчихлаа.
Гэтэл хувийн баталгаа гаргаад явж буй хүний өмнөөс бусад хүмүүст гэм бурууг нь нялзайх замаар шалтаглах нь ямар ч итгэл үнэмшил төрүүлэхгүй байна. Биднийг шүүх дээр сэжигтэй этгээдүүд байна гэж үзсэн. Иймд хил давж магадгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж байгаа юм байна гэх ойлголтыг авлаа.
Энэ таслан сэргийлэх арга хэмжээ бол гарцаагүй No War хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлж буй цаг үетэй шууд давхцаж байгаа буюу шууд хамаатай гэж үзэж байгаа.
-Та зохиомол хэрэг үүсгэсэн гэж та яриандаа хэд хэд дурдлаа. Тэгвэл хэрэг шалгагдах явцад ч улс төрийн нөлөө байна гэж харж байгаа юм уу?
-Нэг л жишээ. Энэ хэрэг гурван прокурор дамжиж байна. Хамгийн анх н.Бадрал гэх прокурор байсан. н.Бадрал нь намайг хорих 461-р ангид хууль бусаар цагдан хоригдож байхад өмгөөлөгчтэй чинь цуг байна гэж мэхэлж мэдүүлгийн өрөөнд уулзаад, надтай хувийн яриа өрнүүлэхийг оролдсон. Би хувийн яриа өрнүүлэхээс татгалзсан. Удалгүй тухайн прокурор өөр тийш шилжсэн сураг гарсан. Дараагаар нь нХаш-Эрдэнэ прокурор хэргийг авсан. Одоо Г.Ууганбаатар гээд прокурор дээр хэрэг байгаа. Босоо тогтолцоотой прокурорын байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудал байдаг байх гэж бодоод энэ асуудал дээр дуугараагүй. Гэтэл Г.Ууганбаатар гэх прокурор энэ оны нэгдүгээр сард анхан шатны шүүх хуралд оролцож байсан мөртлөө зургаадугаар сард энэ хэргийг анх авч байна гэж хэлээд таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Тэгэхээр энэ нь яалт ч үгүй улс төр орсон шийдвэр.
-ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга намайг өрөөндөө оруулаад "Бичлэгээ устга" гэж дарамталсан-
-Эрүүгийн хоёр хэргээр шалгагдаж байгаа юм байна. Нэг нь өнгөрөгч оны аравдугаар сараас хойш үргэлжилж буй хэрэг. Өөр ямар хэргээр шалгуулж байгаа юм бэ?
-Дорнод аймагт нэг иргэнийг автомашинаар хөөж, дайрсан дүрс бичлэгийг сошиал орчинд ил болгосон. Үүнтэй холбоотойгоор МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гэх статусаар гомдол гаргасан. Мөн Ерөнхий сайд гэсэн статусаар гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл, нэг хүн хоёр статусаар гомдол гаргасан гэсэн үг. Мөн тухайн автомашинаар хүнийг хөөж, дайрсан этгээдийн эцэг нь гүтгүүлсэн гэх үндэслэлээр гомдол гаргасан. Гурван субьектын хоёр нь нэг хүн болж таарна. Хүнийг гүтгэсэн, нэр хүндэд нь халдсан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэчихэж байгаа юм.
-Тухайн хэргийн явц ямархуу байгаа вэ?
-Тухайн дүрс бичлэгийг олон нийтэд хүргэсэн хүн нь би. Өмнө тухайн бичлэгийг ил болгосон хүмүүсийг тухай бүрт нь цагдаагийн байгууллагаас дуудаж, тодорхой дарамт шахалтуудыг үзүүлсэн тухай мэдээллүүдийг олж харсан. Хамгийн гол нь, тэр бичлэг тухай бүртээ устгагдсан байсан.
Би өнөөдрийг хүртэл эх сурвалжаа хамгаалж байгаа. Эх сурвалж надад баталгаатай бүх мэдээллүүдийг өгсөн. Тухайн үед би мэдээлэхдээ нэрийг нь товчлолын үсэгтэйгээр бичиж түгээсэн. Гэтэл намайг нэр ус цохож, гүтгэлэг явуулсан, ийм хэрэг болоогүй гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, хүч хэрэглэн Эрүүгийн цагдаагийн албанд аваачсан. ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга н.Тайван намайг өрөөндөө оруулаад дарамталсан. Мөн хувийн яриа өрнүүлж, бичлэгээ устгах нөхцөл шаардлагыг тавьсан, шантаажилсан. Үүнийг нь эсэргүүцэхэд “Тэгвэл шорон оронгоороо яв” гэх байдлаар сүрдүүлсэн. Үнэхээр хэлээд байсан сүрдүүлэг нь өнөөдөр биеллээ олоод явж байгаа. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй байх гэж бодож байна.
Хэргийн тухайд, аймагтаа шалгагдаад явж байгаа юм билээ. Шүүхийн шатандаа ямархуу байдлаар шийдэгдсэн нь хууль шүүхийнх байгууллагын асуудал байх. Цагдаагийн байгууллагаас энэ ноцтой гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар мэдээлэх үүрэгтэй. Гэтэл эл хэргийг анхлан олон нийтэд хүртээмжтэй болгосон хүний хувьд эрүүгийн хэрэгт татагдаад явж байна.
-Түрэмгийллээр хэмжигддэг ах, дүү улсын харилцаа гэж байхгүй-
-Өнгөрсөн хугацаанд No war хөдөлгөөн хэчнээн удаагийн жагсаал цуглаан зохион байгуулав?
-Нийтдээ энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 25 орчим удаагийн жагсаал, нөлөөллийн хөдөлгөөнүүдийг явуулж байна. Голчлон хүчирхийлэл, түрэмгийлэл, дайн дажин, Зэвсэгт түрэмгийлэл байж болохгүй гэх байдлаар үзэл бодлоо илэрхийлсэн. Манай улс Үндсэн хуулиараа ч, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалынхаа хувьд ч, эрх чөлөөт тусгаар тогтносон улс болон хөгжиж буйн хувьд ч дайныг үл тэвчинэ. Энх тайвныг эрхэмлэнэ. НҮБ-ын гишүүн орнуудын адилаар дайн, хүчирхийллийг дэмжихгүй, түрэмгийлэлд өртөж буй ард иргэдэд багахан ч гэсэн сэтгэл санаа дэм, хандив тусламжийн гар сунгая гэж л иргэд нэгдсэн.
-Жагсаал цуглаан нь ардчилсан улсад иргэд нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж байгаа гэдэг талаасаа олон улсад эерэг байдлаар харагдаж байж болох. Гэхдээ та бүхний жагсаал алсуураа хоёр орны харилцаа, ОХУ-аас Монгол Улсад хандах хандлага тал дээр сөрөг нөлөөллийг бий болгож байх вий гэх болгоомжлол байна?
-Дайныг дэмжиж хэмжигддэг хоёр улсын найрамдалт харилцаа гэж байхгүй. Түрэмгийллээр хэмжигддэг ах, дүү улсын харилцаа гэж байхгүй. Дарангуйлал, эрх чөлөөг нухчин дарах замаар хэрэгждэг хоёр улсын сайн сайхан харилцаа гэж байхгүй шүү дээ.
Тусгаар тогтносон улс мөн юм бол эрх чөлөөт ард иргэд нь үзэл бодлоо илэрхийлэг л дээ. Гэтэл дайныг эсэргүүцэж байгаа иргэдэд эрх баригчид нь дарамт шахалт үзүүлэх, хавчих үйл ажиллагаа явуулаад нөгөө талаас дайныг дэмжиж буй өнгө аясыг хөхиүлэн дэмжих нь биднийг олон улсад муухай харагдуулна.
ОХУ дандаа өнөөгийн байдлаараа цаашид үргэлжлэхгүй. Хэзээ нэгэн цагт эрх чөлөөт, хүний эрхийг дээдэлсэн улс орон болохыг үгүйсгэхгүй. Энэ нь манай улсын эрх ашигт л хэрэгтэй. Иргэдийхээ хувьд юу хүсч байна вэ гэдгээ илэрхийлэх нь тийм ч буруу зүйл биш.
Манай Засгийн газар ямар ч байр суурьгүй л байгаа шүү дээ. Эс үйлдлээр дайныг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа. Хэдхэн хоногийн өмнө Украины цагаар арван цагийн мэдээгээр Оросын түрэмгийллийн тухай гарч буй нэвтрүүлгийн үеэр Монголд хийж буй хээрийн сургуулилтын Монголын далбаатай танк гарч байгаа юм. Бид түрэмгийлэгч улстай нэг талд гарсан мэтээр харагдаад эхэллээ шүү дээ.
Мөн В.И.Лавров гэдэг хүн айлчлах гэж буй улсаа доромжилж байгаад ирдэг. АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр био зэвсгийн лабораторийг хөгжүүлж байгаа гэж гүтгэчихээд манай улсад айлчилсан. Ирээд манай дотоод хэрэгт эрээ цээргүй оролцсон. Элчин сайд И.К.Азизов эрээ цээрээ алдсан. Эрхүү хотод очиж Монгол Улсын үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьдаг хүн шүү дээ. Түүнчлэн манай улсын газар нутаг дээгүүр танктай, хуяг зэвсэгтэй, Оросын түрэмгийлэгчдийн далбаатай зэвсэг техникүүд төв суурин газруудаар зориуд дайрч өнгөрч байна. Баяр наадмынх нь үеэр толгой дээгүүр нь сөнөөгч онгоцууд нислээ. Бид бие даасан улс биш болчихсон юм уу. Хууль цаазгүй юм уу.
-Тус хээрийн хамтарсан сургуулилт нь жил бүр зохион байгуулагддаг, төвөвлөгөөт ажил гэсэн шүү дээ?
-Дайн болж байна. Нэг л өглөө энэ дайн эхэлсэн. Өнөөдөр ийм аймшигтай нөхцөл байдал үүсчихээд байхад жил бүр зохион байгуулагддаг ажил гээд үргэлжлүүлэх нь утгагүй.
Жил бүр болдог гээд гэрийнх нь үүдээр хуягт зэвсэг, толгой дээгүүр нь сөнөөгч онгоцууд нисэж байсныг би лав санахгүй байна.
Тийм байх ч ёсгүй. Юм үзээгүй хүмүүст юм үзүүлэх гээд байгаа юм уу. Аль эсвэл айдас мэдрүүлэх гээд байгаа хэрэг үү. Энэ бол түрэмгийллийн л нэг хэлбэр.
-ОХУ-ын дайн, түрэмгийллийг эсэргүүцэж буй үйлдлийг нөгөө талаас нь эсэргүүцэх хэсэг бүлэг хүмүүс байгаад байна. Жагсаалын үеэр зөрчилдөөн үүссэн үйл явдал ч гарсан. Эдгээр хүмүүсийг юу гэж харж байгаа вэ?
-Дайныг эсэргүүцэж буй бүх хүнийг төлөөлж ярих эрх надад байхгүй. Гэхдээ хувь хүнийхээ хувьд хэлэхэд, тэдгээр хүмүүс бол эргэлзээгүй эрх баригчдын санхүүжилттэй. Жуковын талбай дээр болсон Z үсэгтэй жагсаалыг та бүхэн санаж байгаа байх. Барьчихсан байгаа лоозонгийнхоо утгыг ч ойлгохгүй, хойд хөршөөс манай улсыг гүтгэн харлуулж байгаа агуулгыг Оросууд ярьж эхлээгүй байхад мань нөхдүүд лоозон дээрээ биччихсэн байсан. No bio lab гээд биччихсэн байсан шүү дээ. Дараагаар нь ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов дэлхийн улс орнуудын дипломат түүхэнд байхгүй гутамшигтай үйлдлүүдийг удаа дараа хийсэн. Хийсээр ч байна. Төлбөртэй хүмүүсийг ч жагсаасан. Сошиал орчинд троллуудын арми дийлдэхээ больсон. Өндийхөө ч больсон.
-Иргэд А4 цаасан дээр үзэл бодлоо бичээд, илэрхийлэхэд ямар САНХҮҮЖИЛТ ХЭРЭГТЭЙ ГЭЖ-
-Өнгөрсөн хугацаанд гадны санхүүжилттэй, захиалгатай жагсдаг гэх хэл аманд дан ялангуяа танай хөдөлгөөн хамгийн их өртсөн?
-Гадны санхүүжилттэй гэж нэг жилийн хугацаанд л гүтгүүлж байна. Үг хэлсэн хүмүүсийг хангалттай айлгаж ичээж байгаа. Өөрсдөө “Ажлаа хий” гэх төсөл хэрэгжүүлж байна шүү дээ. Иргэд эрүүл саруулаар үзэл бодлоо илэрхийлж байхад түүнийг нь дээрэмдэж, саармагжуулдаг. Ер нь эсэргүүцлийн жагсаал цуглаан гэдэг бол хариуцлага нэхэх, түүнийг бодитойгоор өөрчлөх, хувьсгалаа байг гэхэд хувьслын шинж чанаруудыг агуулж байдаг. Түүнээс биш ажлаа хийж чадахгүй байгаа хүнийг ажлаа хийчих гэж гуйгаад зогсдог тэмцэл гэж байхгүй. Баярын жагсаал биш шүү дээ.
Иргэдийн хөдөлгөөнийг яаж “ялгадас” болгон хувиргаж байгааг бид харж байна. Саармагжуулах үйл ажиллагааг нөхдүүд өөрсдөө санхүүжүүлээд байгаагаас биш иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх үйл явц санхүүжилттэй байх нөхцөл байхгүй. Иргэн үзэл бодлоо илэрхийлэхэд ямар санхүүжилт хэрэгтэй гэж.
Нэг хэсэг шар даавуу монгол үндэстний үндэсний аюулгүй байдалд их л аюул учруулж байгаа зүйл болж хувирсан.
Байгальд байгаа цөөн хэдэн өнгөнийх нь нэг өнгийг улс төржүүлээд, үзэл сурталжуулаад “Шар өнгө бол Монголыг мөхөөх өнгө” гэж ч ярьсан. Сүүлдээ өөрсдөө шар өнгийн даавуу барьчихсан энд тэндхийн уул овооны тахилгад оролцож харагдана лээ.
Ер нь иргэдийн тархийг эргүүлэх гэсэн үйл ажиллагаанууд хол явдаггүй. Яаж ч харлуулсан нэмэр байхгүй гэсэн үг.
-Зарим зүйл дээр хэтэрхий туйлшрах, ХЭТРЭХ хандлага ажиглагдаад байна гэж шүүмжлэх хүмүүс их байна. Тухайлбал, өнгөрсөн жил үндэсний өв соёл болсон наадмаа зохион байгуулахгүй гэж жагсаал зохион байгуулж буй нь хэтэрсэн үйлдэл гэж харах хүмүүс байв. Энэ мэт шүүмжлэлийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Нөгөө эрх баригчдаа л хуруугаараа чичлээд заана шүү дээ. Тэд л өөрсдөө наадмыг хийхгүй байх шийдвэрийг гаргасан. Хэсэг бүлэг хүмүүс жагссанаас болоод наадмыг цуцлаагүй гэж хэлсэн Л.Оюун-Эрдэний шүлс нь ч хатаагүй байна. Нэг хэсэг нь урлаг соёлынхонтой арван тэрбумын наадам хийх гээд байдаг. Нөгөө талд ковидын урт нэртэй хуульд олон иргэн, бизнес эрхлэгчид бизнесээ хаалгачихсан нөхцөл байдалтай байсан үе.
Манайхан төрийн наадам гэж ярьдаг. Гэтэл үндэстний их баяр наадам шүү дээ. Өөрсдийгөө төр гээд бодчихсон хүмүүс нь наадмын хойморт суугаад, урдаа хэдэн бөх барилдуулдаг гээд ойлгочихсон.
Бас гэв гэнэтхэн үндэсний суурь уламжлалдаа хайртай болоод хувирчихсан хүмүүсийг би гайхаад байгаа юм. Ялангуяа фашист, нацист мулзан толгойтой нөхдүүд. Намайг таньдаг гээд байгаа тэдгээр нөхдүүдэд монгол соёл ахуйн талаар хичээл зааж явсан уу гэхээс тэд нараар хэрхэн монгол уламжлалаа хэрхэн хадгалж үлдэх гэдэг талаар заалгах болоогүй.
-Ер нь эрх баригч намын бодлого, үйл ажиллагааг шүүмжилсэн хүмүүсийг Эрүүгийн хуулиар хэрэг үүсгэж, амыг нь барихыг оролдож байна гэх байр суурийг таниас гадна олон хүн илэрхийлэх боллоо. Түүнчлэн цар тахлын хоёр жилийг туулах хугацаанд дан ялангуяа хүний эрхийн зөрчил их гарсан шүү дээ?
-Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх л ёстой. Дарга цэрэг гэлтгүй бүгдэд тэгш үйлчлэх ёстой. Гэтэл цар тахлын үед дарга нарын хүүхдүүд оочир дайрч, онгоцоор ирлээ. Зарим нь бүр карго онгоцонд нуугдаад ирсэн. Гэтэл гадаадад гацсан монголчууд нь хэцүү нөхцөлд байсан. Гадаадад гацаж үхлээ. Амиа хорлож үхлээ. Тэтгэлгийг нь зогсоосон оюутан хүртэл амиа хорлолоо. Зарим нь онгоц дотор арайхийн суугаад эх орондоо буухаасаа өмнө нас барлаа. Зарим нь аав ээж, үр хүүхэдтэйгээ уулзаж чадаагүй гэх мэт олон тохиолдлууд байна. Энэ бүгд л дабль стандарт шүү дээ. Тухайн үед мөрдөгдөж байсан ковидын урт нэртэй хууль одоо ч мөрдөгдөж байгаа.
Наадам сайхан боллоо гэх магтаалаа урсгахаасаа өмнө ковидын хуулиа цуцалчих ёстой байсан. Баяр наадам болоод өнгөрсний дараа халдварын тоогоо тоолоод эхэлдэг. Бусад үед тоолохоо больчихдог.
Одоогоор ковидын төсөв ил болоогүй. Арван их наядын хөтөлбр хаашаа ороод алга болсон нь ч тодорхойгүй байгаа. Ингээд л шүүмжлээд ирэхээр янз бүрийн албан тушаал горилсон, шантаажиллаа гэж үлгэр зохиодог.
Түрэмгийлэгч улсын нөлөөн дор байдгийг нийтээрээ харж байна шүү дээ. Арай өөдрөгөөр төсөөлж байсан юм байна. Бодит байдал дээр аль аль талаасаа тусгаар тогтносон орон зайгаа цаашид хадгалж чадах уу үгүй юу гэдэг цаг үе дээрээ ирчихсэн байна.
-Ажлын байр руу халдсан асуудалд цагдаагаас хэрэг үүсгээгүй-
-Өнгөрөгч тавдугаар сарын 25-нд танай гэр, ажлын байр руу үл таних этгээдүүд халдсан хэрэг гарсан. Тухайн хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юу. Тухайн этгээдүүд хэн байсныг тогтоосон уу?
-Миний байнга сууж ажилладаг байр руу халдсан. Шидсэн хад чулуу нь миний сууж байсан ширээний урд туссан. Хэрвээ тухайн үед гэр бүлийнхэн өрөөнд байж таарсан бол хүний эрүүл мэнд амь насанд халдаж болохуйц нөхцөл үүсэх байсан. Шөнийн 03:00 цагт халдлага болсон. Халдлагын талаар нэг ч хэвлэлд тайлбар өгөөгүй. Цагдаагийн байгууллага шалгах байх гэж бодсон. Гэтэл маргааш өглөөнөөс нь эхлээд өөрөө өөр лүүгээ шидчихсэн байлгүй гэх тролл арми ажиллаж эхэлсэн. Одоогоор цагдаагийн байгууллагаас ямар ч хэрэг үүсгээгүй.
Халдлагад өртсөн хүний хувьд шууд хардлага байгаа. Цагдаагийн байгууллагатай шууд холбоотой хүмүүс байсан гэж харсан. Хотын төв хэсэг шүү дээ. Эргэн тойронд камер ч байгаа. Холбогдох дүрс бичлэгийг цагдаад гаргаж өгсөн.
Маскаар нүүрээ халхалсан хоёр этгээд байсан. Манай урд байх сааданд гурван цаг болохыг хүлээж зогссон. Хэрэг үүсгээгүй учраас ямар нэгэн үе шат, ахиц байхгүй.
-Тэгэхээр анхнаасаа цагдаа дээр хэрэг ч үүсээгүй байх нь ээ?
-Тийм ээ. Энэ нь хэн дуртай нь маск зүүгээд л бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд зэвсгийн чанартай зүйлээр халдаж болно гэх зүйлийг л харуулж байна шүү дээ. Буруу жишгүүдийг тогтоож байна. Тиймээс иргэдийн зүгээс цагдаагийн реформыг хийх хөдөлгөөнийг өрнүүлж байна. Кино зохиолыг гол найруулдаг Херо Баатар гэх хүн бий. Олон янзын олон ангит кинонууд хийгдэж байна даа.
-МАН-ын залуус цүнх барилтын сонгодог жишээг харуулж, АН-д “бэлэн хоол” идэх хүсэлтэй залуус байна-
-Та Зон олны намын дарга хэвээрээ байгаа юу?
-Тийм ээ.
-Таныг АН-ынхантай эвсэх гэж байна гэх яриа гарч байсан?
-Би АН-ынхантай цуг яваад байсан зүйл байхгүй. Намын залуучууд надтай цуг харагдсан тохиолдол байгаа байх. Улс төрийн намын сонголтоор нь ангилж ярих нь утгагүй байх.
-Шүүхээс өөртэй тань холбогдуулан шалгасан зөрчлийн хоёр хэргийг хүчингүй болгосон гэж сонссон. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?
-Соёлын сайд Ч.Номин монголчууд анх Торгоны замыг үүсгэсэн, бий болоод 800 жил болж байна гэж хэлсэн. Соёлын сайд хүн ийм болчимгүй, хариуцлагагүй алдааг гаргасан. Үүнийг нь залруулах, шүүмжилсэн агуулга бүхий пост бичсэний төлөө нэр хүндэд нь халдсан гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэсэн байсан. Хоёрдугаарт, пингвиний байшин шиг хэлбэртэй юмыг нь “Хөөсөнцөр балгас” гэж бичсэн асуудлууд л даа.
-Залуу хүний хувьд таны байр суурийг сонссон нь зөв байх гэж бодлоо. Улс төрд залуусын оролцоо чухал байна гэж их ярих боллоо. Гэхдээ залуус нь улс төрийн оролцоотой байгаад үг үзэл бодлоо илэрхийлье гэхээр хүчгүйдээд байна уу гэж ажиглагддаг. Гэтэл улс төрийн оролцоогоо “хүчтэй” болгох арга нь хэн нэгэн дарга аль эсвэл нам дагах л болчихов уу гэж харах хүмүүс их байна л даа?
-Үндсэн хуулиар Монгол Улсын иргэд нас хүйс үл хамааран эвлэлдэн нэгдэх эрхтэй. Энэ үйл явц нь өөрөө улс төрийн намын зохион байгуулалтын хэлбэрт хамаарна. Улс төрийн хэдэн ч нам байгуулж болно. Улс төрийн намд ач холбогдол өгөөд босго шаардлага тавиад байх шаардлагагүй.
Залуучууд өөрсдөө улс төрийн идэвхтэй байх ёстой. Үгээ хэлэх хэрэгтэй. Зөвхөн улс төрийн намаас гадна бусад клуб, зохион байгуулалтад орох нь зөв. Ийм залуусыг харлуулдгаа болих ёстой.
Залуучууд улс төрд яаж гарч ирдгийг МАН, АН бөөлжис хүрэм жишээгээр харуулж байна. МАН бол цүнх барилтын хамгийн сонгодог жишээг харуулж байна. АН-ын залуус бэлэн хоол идэх гэсэн нөхдүүд байна уу л гэж харагддаг. Бүгд тийм биш байх л даа. Ер нь цүнх баригчдын армийг бэлддэг бол түүнийгээ л бэлдэнэ. Цөөхөн хүн амтай хэрнээ улс төрийн намууд нь дотроо хэтэрхий олон нэгж зохион байгуулалтад орчихсон.
Монгол Улсад эрх чөлөөний хувьсгалын шинж чанартай үйл ажиллагаа хийх хэрэгтэй болчихож. Одоо АН, МАН-ыг хангалттай ярилаа. Одоо тодорхой өөрчлөлтийг авч ирэх үйл явц хэрэгтэй. Сонгуулиас сонгууль хүртэл нэг нэгнээ хулхиддаг байдлаар цаашид явахгүй.
-Ярилцсанд баярлалаа.